УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах саналаас татгалзав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ё.Отгонбаярыг Элчин сайдаас эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр УИХ-ын дарга Г.Занданшатарт энэ сарын 9-нд албан бичиг хүргүүлсэн юм. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд, зөвшилцөх асуудлыг долоо хоногийн дотор Байнгын хороо хэлэлцэхээр заасны дагуу УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнгөрсөн баасан гарагт хуралдаж, эл асуудлыг хэлэлцжээ. Байнгын хорооны хуралдаанаар, Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах нөхцөл үүсээгүй гэж үзсэн байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат, Н.Алтанхуяг, Б.Баттөмөр, Г.Дамдинням, Ц.Мөнх-Оргил, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж хариулт авав. Ингээд санал хураахад гишүүдийн 55.1 хувь нь Байнгын хорооны саналыг дэмжиж, энэ талаар Ерөнхийлөгчид албан бичгээр хүргүүлэхээр болов.