Энэтхэгийн банкны ажилтнуудын үйлдвэрчний эвлэлүүдийн томоохон нэгдэл болох “United Forum of Bank Unions” хоёр өдрийн бүх нийтийн ажил хаялт зарлажээ.
UFBU албан ёсны твиттер хуудсандаа “Бид төрийн өмчийн оролцоотой банкуудыг хувьчлах, банкны салбарын шинэчлэлээс ухрахыг эсэргүүцэж байна. Даваа, мягмар гарагт орон даяар нэг сая хүн ажил хаялтад оролцож магадгүй” хэмээн мэдэгдсэн байна.
Энэтхэгийн эрх баригчид төрийн өмчит хоёр том банкийг хувьчлах гэж байгаад банкны салбарынхан сэтгэл дундуур байгаагаас гадна, бусад хэд хэдэн шаардлагыг тавьжээ. Ажил хаялтын улмаас бэлэн мөнгө байршуулах, авах, чек олгох, зээл олгох үйл ажиллагаа саатаж болзошгүйг олон банк үйлчлүүлэгчдэдээ анхааруулжээ.