ЦУОШГ-аас өнөөдрөөс эхлэн эрс хүйтрэхийг урьдчилан анхааруулсаар байна. ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин Зам тээврийн сайд С.Халтарт албан бичиг илгээж, зарим аймагт өнөөдөр нойтон цас орж, өмнөх хоногоос 15-20 градусаар эрс хүйтрэх тул зам гүвээ хаагдаж болзошгүй талаар мэдээлжээ.
Тэрээр албан бичигтээ “13-14-нд шилжих шөнө Увсын Зүүн, Ховд, Говь-Алтайн хойд хэсэг, Хөвсгөл, Завханы нутгаар, 14-нд Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар салхи секундэд 18-20, зарим үед 28 метр секунд хүрнэ. Шороон болон цасан шуурга шуурна. Цаг агаарын аюултай, гамшигт үзэгдэл болох төлөв ажиглагдаж байна. Энэ үеэр зарим газраар хур тунадас, нойтон цас орж, өмнөх хоногоосоо 15-20 градусаар эрс хүйтэрнэ. Замд хальтиргаа гулгаа үүсэх, зам даваа цасанд боогдох, шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдах, хүний амь нас, эд хөрөнгөд аюул учирч болзошгүй. Иймд авто машины хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг хүсье” гэжээ.