Америкийн “Pfizer” компанийн коронавирусний вакцинаас харшилсан өөр есөн шинэ тохиолдол Японд илэрчээ.
Энэ тухай Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн сайн сайхан аж байдлын яам мэдэгдсэн байна. Гуравдугаар сарын 8-нд вакцин хийлгэсэн 20-50 насны эмэгтэйчүүдэд харшлын шинж тэмдгүүд илэрчээ. Эдгээр эмэгтэйд вакцин хийлгэснээс хойш төд удалгүй загатнах, дотор муухайрах, амьсгалахад хүндрэлтэй болох зэрэг шинж тэмдэг илэрсэн байна. Эмч нарын бичиж өгсөн харшлыг дарах эмийг хэрэглэсний дараа шинж тэмдгүүд арилсан хэдий ч таван хүнд шинж тэмдэг илэрсэн хэвээр байсан тул эмнэлэгт хүргэгджээ.
Японд “Pfizer” компанийн вакцинаас харшилсан нийт 17 тохиолдол бүртгэгдээд байна. Одоогоор тус улсад нийт 107 мянган хүн дархлаажуулалтад хамрагджээ. Япон улс өнгөрсөн онд Их Британи, Шведийн “AstraZeneca”, Америкийн “Moderna”, Америкийн “Pfizer”, Германы “BioNTech” компаниудтай коронавирусний вакцин нийлүүлэх гэрээ байгуулж, нийт 310 сая тун вакцин худалдан авахаар тооцоолсон байна.