Ардчилсан намын даргын сунгааг зарлаж, нэр дэвшигчдээ бүртгэж аваад байгаа. Нийт 16 нэр дэвшигч бүртгүүлсэн байгаа ч сунгаанаас өмнө амаараа "болилоо" гэдгээ цөөнгүй хүн хэлээд байгаа аж. Эх сурвалжийн хэлснээр "Аман байдлаар өрсөлдөөнөөс гарсан хүмүүс бий. Тэднийг албан байдлаар өргөдлөө өгөхийг хүссэн. Өнөөдөр өргөдлөө өгөх байх. Мөн сонгуулийн зардал болох нэг нэр дэвшигчээс 93 орчим сая төгрөг хурааж авахаар болсон. Түүнийгээ дансанд байршуулсан хүмүүсийг харж байгаад тоо нь гарах байх. 7-8 хүн цаашид өрсөлдөх тооцоо бол байна" гэв.
Ардчилсан намын даргын сунгаа түрүүчийн удаа 250 сая төгрөгийн дэнчин шаардаж, намын залуусын төлөөлөл мөнгөгүйгээс хасагдсан зүйл ч бий. Харин 250 сая төгрөгтэй С.Эрдэнэ, Л.Гантөмөр, Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан нар өрсөлдөж, С.Эрдэнэ ялалт байгуулж байсан.
24 цагт 93 сая төгрөг...
Ардчилсан нам энэ удаагийн сонгуулиа цахимаар зохион явуулахаар болсон тул зардал нь бага гарч буй бололтой. Ямартаа ч нэг нэр дэвшигчээс 93 сая орчим төгрөг хураахаар болсон талаараа энэ сарын 8-ны орой нэр дэвшигчдэд зарласан байна. 24 цагийн дотор намын дансанд нэр дэвшигчид мөнгөө хийхийг шаарджээ. Гэвч цаг давчуу гэдэг шалтгаанаар нэр дэвшигчдээс хүсэлт ирсэн тул өнөө өдрийн 12 цаг хүртэл хугацааг сунгасан байна.
Нэр дэвшигч Ц.Оюунгэрэл энэ талаараа сошиалд бичиж, иргэдээс хандив тусламж цуглуулсаар 24 цагт 94 сая төгрөг цуглуулж ямартаа ч нэр дэвших эрхтэй болоод байгаа. Бусад нэр дэвшигчдийн хувьд ч сонгуулийн зардалд хотойгоод байхгүй биз ээ.
Түрүүчийн удаагийн АН-ын даргын сунгаанаас хасагдаж байсан М.Чимэддорж л гэхэд 250 сая төгрөгийнхөө 100 саяыг урьдчилаад өгье. Үлдсэнийг нь бүрдүүлэх хугацаа өгөөч хэмээн хүсэлт тавьсан ч Дотоод сонгуулийн хороо хүлээж аваагүй. Түүний халаасанд л гэхэд 100 сая төгрөг бий...
Харин өрсөлдөөнийг орхих шийдвэрийг тэд мөнгө төгрөгнөөс үүдэж гаргаагүй. Эрх ашиг, ард тал зэргээсээ хамаарч гаргаж буй биз ээ. Ямартаа ч АН-ын даргад нэр дэвшигчид өнөөдөр 14 цагт тодрох нь ээ. Бид эргэн мэдээлэх болно.
Анх бүртгүүлсэн 16 өрсөлдөгч:
- УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл,
- Нийслэлийн АН-ын дарга асан Д.Пүрэвдаваа,
- Б.Отгонбат, /Глобал удирдагч дээд сургуулийн захирал/
- УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл,
- УИХ-ын гишүүн Ж.Батсуурь,
- хуульч О.Алтангэрэл,
- С.Эрдэнэболд /Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгч/
- МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин,
- АН-ын гишүүн Ш.Жандос /Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан/
- М.Тулгат, /НИТХ-ын гишүүн/
- П.Мөнхтулга /"Хөх чоно" группийн гүйцэтгэх захирал/
- М.Чимэддорж, /Эдийн засагч/
- С.Билэгсайхан,/УИХ-ын гишүүн асан/
- Н.Лхагвадорж, /Ардчилсан оюутны холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан/
- М.Амарсайхан,
- Т.Энхсайхан /Хуульч, эдийн засагч-Ц.Нямдоржийг эсэргүүцэгч/