Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны “Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам батлах тухай” 03 дугаар тогтоолтой холбоотой өдрийн эмчилгээний талаар мэдээлэл хийлээ.
-ӨДРИЙН ЭМИЙН ЭМЧИЛГЭЭ БОЛОН ӨДРИЙН МЭС ЗАСЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ АВСАН ДААТГУУЛАГЧААС ЯМАР НЭГЭН ТӨЛБӨР АВАХГҮЙ-
Өдрөөр үзүүлэх тусламж үйлчилгээний талаар ЭМДЕГ-ын мэргэжилтэн Ж.Энхбилэг мэдээлэл өглөө. Тэрбээр “Өдрийн эмчилгээ үйлчилгээг өдрийн эмийн эмчилгээ, өдрийн мэс засал гэсэн хоёр хэлбэртэй байхаар тугаж өгсөн. ЭМ-ийн сайдын өдрийн эмчилгээ явуулах журмыг баримтална. Өдрийн эмчилгээ тав хоногоос доошгүй үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд үзүүлсэн тусламж үйлчилгээг нэг багцад тооцож, ЭМД-ын сангаас санхүүжүүлдэг. Өдрийн эмийн эмчилгээний зардлын бүрэлдэхүүнд, эмчийн үзлэг, оношилгоо, шинжилгээ, эмнэлэгийн хэрэгсэл, сувилахуйн зардал багтсан. Иргэн эмийн эмчилгээ авч байгаад хүндрээд хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ авсан тохиолдолд хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээний зардлаар ЭМД-ын сангаас санхүүлжүүлнэ.
Өдрийн мэс заслын эмчилгээ нь хэвтэн эмчлүүлэх ачааллыг бууруулах, эмнэлэгийн ачааллыг багасгах зорилгоор шинэ бүлэг болгож гаргасан. Өдрөөр мэс заслын тусламж үзүүлэх боломжтой оноштой иргэнд эмчийн заалтаар хэрэгжүүлнэ. Хэвтүүлэн эмчлүүлэх үеийн зардлын 50 хувиар ЭМД-ын сангаас санхүүжүүлэхээр байгаа. Өдрийн эмийн эмчилгээ болон өдрийн мэс заслын үйлчилгээ авсан даатгуулагчаас ямар нэгэн төлбөр авахгүй” гэв.
-ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙЧҮҮД ӨӨРТ ОЙРХОН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ХЯНАЛТАД ОРЖ БОЛНО-
ЭМДЕГ-ын Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Батчимэг: “ЭМД-ын хуулинд орсон нэмэлт өөрчлөлтөөр спорт заал, фитнес клубтэй холбоотой заалт хасагдсан. Тиймээс ямарч фитнес клуб, спорт заалыг ЭМД-ын сангаас санхүүжүүлэхгүй. Жирэмсэн эмэгтэйчүүд өөрт ойрхон өрхийн эрүүл мэндийн төвд хяналтад орж болно. ЭМ-ийн даатгалд даатгуулсан тохиолдолд иргэдэд чирэгдэл учрахгүй. Хорт хавдрын тусламж үйлчилгээг ямар ч мөнгөний хязгааргүй, иргэнээс мөнгө авахгүй байх зохицуулалт хийгдсэн” гэсэн мэдээлэл өглөө.