СЕХ-ны шинээр томилогдсон таван гишүүн өнөөдөр Төрийн ордонд тангаргаа өргөлөө.
Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хорооны гишүүн томилогдсоноосоо хойш 21 хоногийн дотор “Би Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая.” хэмээн Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөнө.” гэж заажээ. Үүний дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос СЕХ-ны гишүүний тангараг өргөх ёслолыг зохион байгуулжээ.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Б.Ганбатыг дахин томилж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г. Байгалмаа, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Э.Батболд, Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар нарыг шинээр томилсон билээ.
Эдгээр гишүүдийг Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг Төрийн ордонд зохион байгуулж, ёслолыг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт удирдав.
Ёслолын ажиллагаанд Сонгууийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал нар байлцлаа.
Ёслолын дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлдээ, "Монгол Улсын Үндсэн хуульд заагдсан Үндсэн хуулийн байгууллага бол Сонгуулийн ерөнхий хороо. 1992 онд ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа байгуулагдсан анхны байгууллага юм. Үндсэн хуульд зааснаар төрийн эрхийг ард түмэн төлөөллийн байгууллагаараа дамжуулж хэрэгжүүлдэг учир тэрхүү төлөөллийг хэн нэгнээс хараат бусаар, хуулийн дагуу, шударгаар сонгох ажлыг зохион байгуулах чухал байгууллагын гишүүдийг тангараг өргүүлдэг" хэмээв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.