Халдвар авсан иргэдийн дунд ахмад настай, хүнд өвчтэй хүн асардаг эсвэл бага насны олон хүүхэдтэй хүмүүс их байгааг хэлж байна.
Тиймээс хэдий халдвар авсан ч иргэний ар гэрийнх нь нөхцөл байдлаас шалтгаалж хөнгөн шинж тэмдэгтэй иргэдийг гэрт нь тусгаарлах журам гаргах хэрэгтэйг ХӨСҮТ-өөс онцоллоо. Жишээлбэл, 11 сартай болон 4 настай хоёр хүүхэдтэй нэгэн иргэн ковид-19 халдвартай нь батлагдсан байна. Тус иргэн бага насны хүүхдүүдээ авч эмнэлэгт хэвтэх боломжгүй тул тэрээр гэртээ тусгаарлагдах хүсэлт өгчээ. Харин цахим сүлжээнд халдвартай иргэнийг тусгаарлахаа мартсан гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл тийм зүйл биш гэдгийг мэдэгдлээ. Тус иргэний бага насны хоёр хүүхдээс халдвар илрээгүй тул асран хамгаалах хүнд үлдээн халдвартай иргэнийг тусгаарлан ажилласан байна. Цаашид энэ мэт ар гэрийн асуудалтай, хөнгөн хэлбэрийн шинж тэмдэгтэй иргэдийг гэрээр эмчлэх журам гаргахаар ажиллаж эхэлжээ.