УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн амиа алдсан хэргийн шалгалт болон цаг үеийн асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас мэдээлж байна.
Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбилэг тус хэвлэлийн үеэр мэдээлэхдээ “УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн амиа алдсан хэргийн хохирогчийн өмгөөлөгч Ж.Батбаяр 2020 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр мэдээлэл хийсэн.
Энэхүү мэдээлэл хийх явцдаа мөрдөн шалгах ажиллагааны зарим баримт, мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зөвшөөрөлгүй хүргэж, зарим бодит бус мэдээллийг тарааж, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан үйлдэл гаргалаа. Тэрээр мэдээлэлдээ амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүд, полиграфийн магадлагаа, гар утсанд хийсэн шинжилгээний дүгнэлт, хохирогчийн ар гэрийнх рүү илгээсэн нэр бүхий этгээдийн бичсэн хуурамч мессеж зэрэг мэдээллийг прокурорын байгууллагын зөвшөөрөлгүйгээр олон нийтэд зарласан.
Цагдаагийн байгууллагаас дээрх үйлдэлтэй холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.9-т зааснаар мөрдөн шалгах ажиллагааны явц задруулсан гэх зүйл, хэсгээр хэрэг үүсгэн шалгаж байна. Нөгөөтэйгүүр, 13 секундын бичлэг гэх асуудал яригдаж буйг хүмүүс мэдэж байгаа байх. Үүнийг Г гэгч этгээд хуурамчаар зохиож, хууран мэхлэн хохирогчийн ар гэрийнхнээс 15 сая төгрөг авсныг тогтоож, мөрдөн шалгах ажиллагааны явуулж байна.
Мөн Г гэгч этгээд үүнээс гадна зургаан удаагийн үйлдлээр 269.101.575 төгрөгийг бусдаас залилж авсан үйлдэлдээ холбогдуулан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссан. Хэргийг шүүхэд шилжүүлэх саналаа прокурорын хяналтад хүргүүлсэн” гэж мэдэгдлээ.