УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Үндэсний статистикийн хороо /ҮСХ/-ны даргаар Батмөнхийн Батдавааг томилов.
Хуульд зааснаар, Үндэсний статистикийн хорооны даргыг УИХ-ын даргын санал болгосноор УИХ-аас зургаан жилийн хугацаагаар томилдог. Энэ дагуу Батмөнхийн Батдавааг тус хорооны даргаар томилуулах саналаа УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа.
Б.Батдаваа 1984 онд төрсөн, ам бүл 3. 2002 онд ерөнхий боловсролын сургууль, 2007 онд Тайваний Минг Чиуны их сургууль, 2012 онд Люксембургийн их сургуулийг төгссөн байна. Англи, хятад хэлтэй. 2007-2012 онд Монголбанкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газар, Валют, эдийн засгийн газарт нягтлан бодогч, эдийн засагч, нөөцийн мэргэжилтэн, дилер, ахлах мэргэжилтэн, ахлах дилер, 2013-2016 онд Төлбөрийн тэнцлийн статистикийн судалгааны хэлтсийн захирал, 2016-2019 онд Гадаад валютын нөөцийн удирдлагын хэлтсийн захирал, Зах зээлийн газрын захирал, 2019 оны 2 дугаар сараас Судалгаа, статистикийн газрын захирлаар ажиллаж байгаа юм байна. Б.Батдаваа нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан тушаал тавигдах нийтлэг шаардлага, “Үндэсний статистикийн хорооны дарга, дэд даргыг томилохдоо түүний эдийн засаг, статистик, удирдлагын мэдлэг, мэргэшлийн ур чадвар, мэргэжлийн ёс зүй, ажлын туршлагыг харгалзана” гэсэн Статистикийн тухай хууль дахь шаардлагыг хангаж байгаа тул дээрх албан тушаалд нэр дэвшүүлж байгаагаа УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.
Томилгоог хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, “Статистик бол улс орны хөгжлийн луужин. Бодлого, төлөвлөлтийг зөв хийхийн тул тоо баримт зөв байх ёстой. Нийгмийн даатгал, халамжийн тоо өөр өөр байдаг. Цар тахал, улс орнуудын худалдааны “дайн”-ны улмаас ирээдүй тодорхойгүй болж байна. Тиймээс шийдвэр гаргагч нарт зөв тоо өгөх нь улс орноо удирдан чиглүүлэх гол зүйл” гэлээ.
Төрийн өндөр албан тушаалыг үр дүнтэй хашихыг УИХ-ын дарга Г.Занданшатар захив. Тэрбээр, "Хоёр жил тутамд нэг удаа хийдэг Ядуурлын судалгаа гаргадаг. Ядуурал болон далд эдийн засгийн судалгаа оновчтой эсэхэд олон улсын байгууллагууд эргэлздэг. Өрхийн амжиргааны судалгааг овочтой болгох хэрэгтэй. Халамж хавтгайрсан гэдгийг хүн бүр хэлж байгаа. Тиймээс тоо баримтаа зөв гаргаж, өөрсдийгөө тольдож байж, хөгжлөө зөв тодорхойлно. Тиймээс нийгэм, эдийн засгийн асуудлуудыг тооны аргаар зөв гаргах нь чухал" хэмээн захив.
Ийнхүү Б.Батдавааг ҮСХ-ны даргаар томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 53.1 хувь дэмжлээ.