Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН бүлэг: УОК-ын дарга, Эрүүл мэндийн сайд, нийслэлийн Засаг дарга нарыг огцруул

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 27 секунд

УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүллээ. Тус намын бүлэг УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нарыг нэн даруй огцруулахыг шаарджээ.

АН-ын бүлэг уг шаардлагадаа "Монгол Улсын Үндсэн Хуульд ...эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго хэмээн заасаар байтал коронавирусын халдварт цар тахлын эсрэг Засгийн Газар, Улсын онцгой комиссоос өнгөрсөн нэг жилийн хугацаанд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь зохион байгуулалтгүй, иргэн, ард түмнээ гэсэн сэтгэлгүй, хүмүүнлэг бус байна.

УИХ дахь АН-ын бүлэг удаа дараа санал. шаардлага хүргүүлж, Засгийн газар цар тахалтай тэмцэх бүх нийтийн хөл хорионы үеэр хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, авч хэрэгжүүлж байгаа аливаа арга хэмжээ нь хуулийн дагуу, хүмүүнлэг, үр дүнтэй байх ёстойг сануулсаар ирсэн ч эрхэлсэн ажилдаа хайхрамжгүй, сэтгэлгүй хандаж байгаа сайд, дарга нарын хариуцлагагүй үйлдлийн улмаас эрдэнэт хүний амь нас үрэгдэж, төрөөс иргэддээ хандах хүнлэг ёс гээгдсээр байна.

Цар тахалтай тэмцэх бүх нийтийн хөл хорионы дэглэмийг хэрэгжүүлэхдээ зохих арга хэмжээ авч чадаагүйн улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадалгүй иргэд нь улсынхаа нийслэл рүү орох босгон дээр амь үрэгдэж, эх орондоо ирэхээ хоног тоолон хүлээх зууртаа иргэн нас барж, дөнгөж төрөх орон дээрээс идэр есийн хүйтэнд тусгаарлах байр руу ачигдаж байгаа эх үр хоёрын сэтгэл эмтрэм байдал нь өнөөгийн эрх баригчид болон Засгийн Газрын ажлын бодит байдал юм. Эх орондоо ирэх иргэдээ удаан хугацаагаар хүлээлгэж, хүний нутагт өлсгөлөн зарлах хүртэл хүнд байдалд оруулжээ. Цар тахалтай тэмцэх Засгийн газрын зорилго нь иргэдийнхээ амь нас, орлого, амь амьжиргааг хамгаалах байтал иргэд нь зовж зүдэрч, амь насаа алдаж байгаад Засгийн газар, Улсын онцгой комисс хайхрамжгүй хандаж байгаа нь иргэдийнхээ эсрэг гаргаж буй ноцтой үйлдэл, эс үйлдэхүй юм.

Иймд Монгол Улсын Ерөнхий сайд та эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй, хүнлэг бус хандсан, Монгол Улсын иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирох нөхцөлд оруулсан Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон Нийслэлийн онцгой комиссын дарга бөгөөд Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар нарт хариуцлага тооцож, нэн даруй огцруулахыг шаардаж байна

Шаардлагыг эс биелүүлбээс цар тахлын хүнд үед иргэд, ард түмнээ хамгаалах чадамжгүй Засгийн газрыг огцруулах хүртэл улс төрийн арга хэмжээ авахаа үүгээр мэдэгдэж байна" гэжээ.

УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс УОК-т шаардлага хүргүүлжээ
УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс УОК-т шаардлага хүргүүлжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.