
“ОРШУУЛГЫН ГАЗРЫН ЭМХ ЦЭГЦ, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ХИЙХ” хууль санаачлах өргөдөлд өнөөдрийн байдлаар 21.550 иргэн гарын үсэг зурсан байна. 100.000 иргэн гарын үсэг зурсан тохиолдолд УИХ-аар хэлэлцэнэ. Өргөдөлд гарын үсэг зурах хугацаа наймдугаар сарын 14-ний 10.00 цагт дуусах юм байна. Энэ талаар УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара, "Миний хуулийн төсөл бэлэн болохоос өмнө хэн нэгэн бас оршуулгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар өргөдөл гаргасан байна. Хэн гаргах нь яахав нэг санаа зорилготой зөв зүйлийг хэнийх гэлтгүй дэмжицгээе.
НИЙТИЙН ӨРГӨДӨЛ
Тайлбар:
Монгол Улсад оршуулгын үйл ажиллагаа, оршуулгын газрын төлөвлөлт, ашиглалт, хамгаалалт, менежментийг зохицуулсан бие даасан хууль байхгүй бөгөөд асуудлыг салангид хууль, журам, орон нутгийн шийдвэрээр зохицуулж байна. Энэ нь орон нутаг бүр өөр өөр зохицуулалт хэрэглэх, эрх зүйн тодорхойгүй байдал үүсгэх, иргэдийн хооронд маргаан гарах шалтгаан болж байна.
Зөвшөөрөлгүй оршуулга хийх, төлөвлөгдөөгүй газарт бунхан, хашаа байгуулах, хуучин оршуулгын газрыг цэгцлэх боломжгүй байх зэрэг асуудал гарсаар байна.
Иймд Монгол Улсын Их Хурал "Оршуулгын тухай хууль"-ийг боловсруулж батлахдаа дараах үндсэн зарчмыг тусгахыг хүсэж байна.
- Оршуулгын үйл ажиллагааны нэгдсэн эрх зүйн зохицуулалт бий болгох.
- Оршуулгын газрыг зөвхөн батлагдсан ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын дагуу байгуулах.
- Зөвшөөрөлгүй газар оршуулга хийхийг хориглох.
- Бэлчээр, усны сан бүхий газар, хамгаалалтын бүс, тусгай хамгаалалттай газар болон хуульд заасан бусад бүсэд оршуулга хийхийг хориглох.
- Оршуулгын газрын байгаль орчин, эрүүл ахуй, инженерийн стандарт, хамгаалалтын бүсийг хуульчлах.
- Газар оршуулах болон чандарлах үйл ажиллагааны нийтлэг шаардлагыг тогтоох.
- Хуучин оршуулгын газрыг бүртгэлжүүлэх, шаардлагатай тохиолдолд хуульд заасан үндэслэл, журмын дагуу шилжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг...
Энэхүү хууль нь тодорхой нэг шашин, үндэстэн, орон нутагт чиглэсэн бус, Монгол Улсын нийт иргэн, байгууллагад ижил тэгш үйлчлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилготой бөгөөд газар ашиглалт, байгаль орчин, нийтийн эрүүл ахуй, иргэдийн эрх ашиг, хүний эрхийг тэнцвэртэй хангах ач холбогдолтой гэж үзэж байна" гэжээ.
Өргөдөлд гарын үсэг зурах холбоос
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!