ТАНИЛЦ: Төрөөс олгосон санхүүжилтээс зориулалтын бусаар зарцуулсан тул МАН, ХҮН тэргүүтэй дөрвөн нам, эвсэл 2026 оны санхүүжилтээсээ 191 сая төгрөг ХАСУУЛЖЭЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 52 секунд

Сонгуулийн Ерөнхий хороо улс төрийн нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтоолоо. Тодруулбал, Улс төрийн намын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан намд төрийн санхүүжилт олгодог бөгөөд нам эвслүүдийн 2025 оны санхүүгийн тайланг хувийн аудитын хуулийн этгээд, Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аудитын газар тус бүр хараат бусаар хянаж, дүгнэлт гаргаж дууссан. Ингэснээр хуулийн хүрээнд төрөөс олгох санхүүжилтийн хэмжээ эцэслэн тогтоосон нь энэ юм.

-Төрөөс олгосон санхүүжилтийг зориулалтын бусаар зарцуулсан дөрвөн нам 191 сая төгрөгийн санхүүжилтээ хасуулжээ-

Тэгвэл аудитын байгууллагаас 2025 оны санхүүгийн тайланд хийсэн хяналтаар таван нам, эвсэл төрөөс олгосон санхүүжилтээс зориулалтын дагуу зарцуулаагүй зөрчил илэрчээ. Үүнтэй холбоотойгоор 2026 онд олгох санхүүжилтийг хасаж тооцож, зөрчил арилгуулах тухай албан шаардлагыг Үндэсний аудитын газраас Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсний дагуу дөрвөн нам, эвслийн санхүүжилтээс нийт 191 сая төгрөгийг хасаж тооцжээ.

-Үндэсний эвсэл хамгийн өндөр буюу 85 сая төгрөгийг санхүүжилтээсээ хасуулсан бол АН санхүүжилтээсээ хасуулсангүй-

Үүнийг намаар харвал:

"Улс төрийн намын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.8-д заасны дагуу 2025 оны орлогыг 2 дахин нэмэгдүүлсэн дүнд үндэслэн 2026 оны төрөөс олгох санхүүжилтийн хэмжээг тогтоодог"

Монгол Ардын намд Улс төрийн намын тухай хуульд зааснаар 2.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох ёстой. Гэвч аудитын байгууллагаас ирүүлсэн шаардлагын дагуу 51 сая төгрөг хасуулж, 2.7 тэрбум төгрөгийг энэ онд санхүүжилт болгон авахаар болжээ. Харин Ардчилсан намын тухайд үндсэн санхүүжилтээ хэвээр авахаар болжээ.

ХҮН намын хувьд Улс төрийн намын тухай хуульд зааснаар 756 сая төгрөгийн санхүүжилтийг энэ онд авах учиртай. Гэвч аудитын байгууллагаас ирүүлсэн шаардлагын дагуу 44 сая төгрөгийг хасуулж, 712 сая төгрөгийн санхүүжилт авахаар болсон байна.

ИЗНН-ын тухайд, УТН-ын тухай хуульд зааснаар 2026 онд 368 сая төгрөгийн санхүүжилт олгох ёстой. Гэвч тухайн дүнгээс аудитын шаардлагын дагуу 9.9 сая төгрөг хасуулжээ. Ингэснээр тухайн нам 2026 онд 358 сая төгрөгийн санхүүжилт авна.

Үндэсний эвсэл бусад намуудаас хамгийн өндөр дүнгээр санхүүжилтээ хасуулжээ. Тодруулбал, тухайн эвсэл нь 2026 онд 376 сая төгрөгийн санхүүжилтийг төрөөс авахаар байв. Гэвч 85 сая төгрөгийг аудитын шаардлагын дагуу хасуулж, энэ онд 291 сая төгрөг авахаар болжээ.

-ШИНЭ нам бүртгэлгүй болсон тул санхүүжилтийг ЗОГСООЛОО-

Монгол Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн 2026 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 66 дугаар тогтоолоор "ШИНЭ нам"-ыг бүртгэлгүйд тооцсон. Үүнтэй холбоотойгоор Улс төрийн намын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.11, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.10-д тус тус заасны дагуу Шинэ нэгдсэн эвсэлд олгох төрийн санхүүжилтийг зогсоожээ.

Вьетнам улсын морьт цагдаагийн хороонд үүрэг гүйцэтгэсэн монгол морьд эх орондоо ирлээ
Вьетнам улсын морьт цагдаагийн хороонд үүрэг гүйцэтгэсэн монгол морьд эх орондоо ирлээ
 
“ARA FEST-2026”-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк
“ARA FEST-2026”-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!