АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын нийгмийн сүлжээний хаягийг хамгийн багадаа хоёр долоо хоногоор хаасан бөгөөд цаашид тодорхойгүй хугацаагаар сунгаж магадгүй гэж “Facebook” компани мэдэгджээ.
Иймд Д.Трамп нэгдүгээр сарын 20-нд Жо Байденд эрх мэдлээ шилжүүлэн өгөх хүртлээ “Facebook”, “Instagram” нийгмийн сүлжээнд нийтлэл оруулах боломжгүй болж байна. АНУ-ын Ерөнхийлөгчийг дэмжигчид Капитолын байр луу халдсаны дараа “Facebook” түүний хаягийг 24 цагийн хугацаагаар түр хязгаарлаад байсан юм. Ерөнхийлөгчид нийтлэл оруулахыг зөвшөөрөх нь “өндөр эрсдэлтэй” болохыг “Facebook” компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг пүрэв гарагт мэдэгджээ.
Д.Трамп “Facebook”, “Twitter”, “YouTube” хуудсандаа нийтэлсэн дүрс бичлэгийнхээ үеэр, Засгийн газрын байр луу халдсан эсэргүүцэгчдэд “хайртай шүү” хэмээн хэлээд гэртээ харихыг уриалжээ. Тэрбээр сонгууль будлиантай болсон гэх үндэслэлгүй таамаглалаа давтан хэлсэн байна. АНУ-д эмх замбараагүй байдал үүссэнтэй холбогдуулан нийгмийн сүлжээний томоохон компаниуд Ерөнхийлөгчийн хаягуудыг хязгаарлах арга хэмжээнүүдийг авсан юм. Тодруулбал, “Twitter” Д.Трампын жиргээнүүдийг устгаж, хаягийг нь 12 цагийн хугацаатайгаар түр хязгаарласан бол “YouTube” түүний хаягт нийтлэгдсэн бичлэгийг мөн устгажээ.