Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль өнөө жил болно. УИХ-д суудалтай дөрвөн намаас төлөөлөл нэр дэвшиж дараагийн Ерөнхийлөгч тодрох билээ. МАН-ын 100 жилийн ой тохиож буй тул тэд Ерөнхийлөгчийн сонгуульд өндөр ач холбогдол өгч, ялагдал хүлээхгүй хэмээн үзэж байна. Тийм ч учраас анх удаа намынхаа лидерүүдийг судалж, сунгаа явуулсны дүнд нэр дэвшигчийг тодруулахаар шийдвэрлээд байгааг эх сурвалж хэллээ. Тэгэхээр МАН хуучин жаягаа эвдэж, олон нэр дэвшигчийг өрсөлдүүлэх нь тодорхой боллоо.
“Монголын Үнэн” сонинд УИХ-ын гишүүн Сү.Батболд өгсөн ярилцлагадаа “МАН 100 жилийн түүхтэй, боловсон хүчний хангалттай нөөцтэй нам. Ерөнхийлөгчид нэр дэвших хэмжээний нэр хүнд бүхий олон улстөрч бий. Намайг намын дарга байсан, Ерөнхий сайдаар ажиллаж байсан туршлагатай, одоо ч улс төрд идэвхтэй байр суурьтай гэдэг утгаар нь намын Ерөнхий нарийн бичгийн дарга нэрлэсэн байх. Намын нөхөд итгэж хариуцлага хүлээлгэж байвал би зүтгэхэд бэлэн байна” хэмээн мэдэгдэв. “Монголын Үнэн” сонин МАН-ын бодлогын талаарх асуудлыг ул суурьтай, намын бодлогоор дугардаг. Тэгвэл энэхүү ярилцлагаас Сү.Батболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх нь гэсэн таамаг төрж байна.
Гэсэн хэдий ч МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинэ жилийн өмнө намын нөхөддөө хоёр үзүүртэй, битүү хатуу үг хэлсэн аж. Түүний хэлсэн үгнээс харахад дэвшихгүй гээгүй ч дэвшинэ хэмээн хэлээгүй байна. Учир нь тэрбээр цар тахлын үед Засаг тогтвортой байх нь чухал хэмээн хэлсэн ч манай нам Ерөнхийлөгчийн сонгуульд заавал ялах ёстой гэсэн байна.
Мөн оны өмнө “Монголын үнэн” сонины 100 жилийн ойн тусгай дугаарт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан зургаан хүнийг цохон нэрлэж байсан. Тэрбээр “Намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд над дээр 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тэр тэр хүнийг нэр дэвшүүлээч гэж намын гишүүдээс санал, хүсэлтүүд ирж байгаа. Нэгдүгээрт, манай намын гишүүд, улстөрчдийн зүгээс МАН-ын дарга У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлээч гэсэн хүсэлт олноор ирж байна. УИХ-ын дарга Г.Занданшатарын нэрийг дэвшүүлэх ёстой гэсэн санал, хүсэлтүүд ирж байна. УИХ-ын даргын хувьд бүрэн боломжтой. Мөн намын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсийн нэр ч энэ дунд яригдаж байна. МАН-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболдын нэрийг дэвшүүлэх санал ирж байна. УИХ-ын дарга, ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж гуайн нэр яригдаж байна. Ө.Энхтүвшин даргын нэр бас яригдаж байна. Манай намд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой эмэгтэй кандидат ч байна" гэжээ.
Түүний нэрлэсэн эмэгтэй кандидат нь УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл болох нь намын бүлгийн хуралдаан дээр тодорчээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өмнө нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан туршлагатай нэгэн. Түүний хувьд дахисан ч яах вэ гэсэн саналтай байгаа аж.
Эдгээр долоон нэр дэвшигч дээр УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил нар намын лидерээр нэрлэгджээ. Тэднийг судалж, гишүүдийн санал хурааж, социологийн судалгаанд үндэслэн нэгийг нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх шийдвэрийг МАН-аас гаргаад байгаа юм байна.