Завсаргүй 10 жил төр барьсан эрх баригчид руу гараа шургуулаагүй байхад захын авлигач “дэгээнд” орох хэмжээнд хүрлээ. Нүүрс, оффтейк, Хөгжлийн банк гээд хулгайн цувралууд нь өргөжин тэлж, хариуцлага нэхсэн ард түмний итгэл бүрэн алдарч байна. Харамсалтай нь Ардын намд итгэх итгэл гэхээсээ илүүтэй төрдөө итгэх итгэл нь үлэмж буурсан хэвээр байна. Энэ бол сайны дохио огт биш.
Тэгвэл сэтгүүлчийн хувиар “Авлигын эсрэг ажлаа дуусгах гэж Ерөнхий сайд болсон” хэмээн өөрийгөө зарласан МАН-ын дарга Н.Учралын хулгайчидтайгаа хийх тэмцэл чинь хаана явааг асуух гэсэн юм. Иргэд бүхэлдээ шинэ үеийн төлөөлөл нь бусдаасаа арай өөр байх болов уу гэдэг хүлээлт дунд Н.Учралд сүүлийн найдлагаа тавьж байгаа. Гэвч өнөөдрийн байдлаар Н.Учралын авлигын эсрэг тэмцэл нь микрофон, камерын өмнө өрнөж, эрх мэдэлтнүүдийн гутлын үдээсэнд ч хүрч чадсангүй.
Яг л өмнөх Ерөнхий сайд шиг. Өмнөх Ерөнхий сайд Г.Занданшатар яг л хулгайчтай эвлэрэхгүй гэж баахан цамнаж байгаад өөрийнхөө “хулгайч” хэмээн томьёолсон бүлэгтээ татагдаж унасан. Түүний ярьсан нүүрсний хулгай, Бортээг, Үндсэн хууль зөрчсөн гишүүдийн асуудал гээд бүгд газрын гаваар орж одсон.
Түүний халааг авсан МАН-ын дарга, Ерөнхий сайд ердөө хоёрхон сарын өмнө авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан, Үндсэн хууль зөрчсөн гэх нэрийн дор Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа болон А.Амундра, Б.Тавинбэх нарыг Ардын намаасаа хөөнө гэдгээ зарласан. Үүнээс хойш Ардын намын Хяналтын хороо нь ч хуралдсангүй, МАН-ын дарга Н.Учрал ч ам ангайсангүй.
Хяналтын хороо нь намын даргаа үл тоогоод байна уу аль эсвэл Н.Учралд нь энэ нам дотор мэдэх юм юу ч алга уу, бүү мэд. Одоо болтол иргэд хариулт хүлээсэн хэвээр байна. Үнэхээр буруутай юм бол гишүүдээ түдгэлзүүлэх, шалгах арга хэмжээг одоо болтол авсангүй. Хэрвээ буруугүй юм бол олон нийтийн өмнө авлигачийн дүрээр “цовдолж” нэгэн үеийн дарга, цэргээ эвгүй байдалд оруулж намаа хуваах ямар хэрэг байв.
Муу ч, сайн ч Л.Оюун-Эрдэнэ чинь Хөгжлийн банк, нүүрсний хулгайтай холбоотой хоёр ч асуудлаар гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ руу оруулаад ирсэн түүхтэй.
Дараагийнх нь “Туулын хурдны зам”-тай холбоотой авлигын асуудал. Авлигын асуудал байх магадлалтай учраас шалгана гэдгээ Ерөнхий сайд зарласан. Хуулийнхан ч Хотын даргын баруун гар, 1-р орлогчийг нь шалгаж эхлээд хэрэг төвөг үүсгэчихсэн. 6.6 тэрбум төгрөгийн авлига, ашиг сонирхлын асуудлыг шалгаж байгаагаа ЦЕГ-аас мэдээлсэн. Гэвч Ерөнхий сайд Н.Учрал дахиад л таг.
Харин ч Хотын даргатай “Туулын хурдны зам” гэх сэдвээр толхилцсон НИТХ-ын дарга А.Баяраар туг тахиж, Х.Нямбаатар тэргүүтэй нийслэлийнхний бодлогыг дэмжиж найзыгаа НИТХ-ын даргаар томилуулав.
Ингээд харахад Н.Учрал Ерөнхий сайдын авлигын эсрэг тэмцлийг ч ойлгох юм алга. Хоёр үзүүртэй улс төрөөс нь ч хүмүүс жийрхэж эхлэх нь байна. Залуу хүнд зориг гэж байх ёстой.
“Нүүрсний хулгай”, “Туулын хурдны зам”, “Төгрөг нуурын орд”-той холбоотой хэрэг төвгүүд дахиад л ХУЛГАЙЛАГДЛАА.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!