
"Монголын шог зураг" маркийн нээлтийн ёслол Олон улсын Инээдмийн баярын өдрөөр Монгол Улсын Үндэсний Номын Сангийн Үнэт ховор номын музейд боллоо.
Монголын хэвлэл мэдээлэл, дүрслэх урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, тухайн цаг үеийнх улс төр, нийгмийн амьдралыг ёгтлол, шог зургаар уран сайхны аргаар илэрхийлсээр ирсэн "Тоншуул" сэтгүүлийн 90 жилийн ойд зориулан "Монголын шог зураг" сэдэвт шуудангийн маркийг албан ёсоор гүйлгээнд гаргаж байна.
Уг маркт Монголын шог зургийн хөгжлийн үе шатыг төлөөлсөн, нэрт уран бүтээлчдийн 1960-2000 оны хооронд бүтээсэн нийгмийн шүүмжлэл, ёгтлол, хошигнолыг уран сайхны түвшинд илэрхийлсэн А.Гүрсэд, В.Одгийв, Ц.Доржготов, Ц.Байды, С.Цогтбаяр, А.Бат-Эрдэнэ нарын бүтээлүүдийг нэг дор багтааснаар Монголын шог зургийн урлагийн хөгжил, онцлогийг цогцоор нь харуулжээ.
Маркийн нээлтэд Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, шог зураач Ц.Доржготов, Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн, шог зураач Ц.Байды, Ардын багш, Гавьяат багш, шог зураач С.Ламбаа, Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр, Ардын багш, Гавьяат багш С.Хаянгарваа, Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач П.Цэгмид болон үе үеийн шог зураачид, "Тоншуул" сонины эрхлэгч, уран бүтээлчид, "Монгол шуудан" ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Г.Уянга, хувьцаа эзэмшигч Ч.Ганхуяг, газрын захирлууд, марк цуглуулагчид, олон нийтийн төлөөлөл оролцов.
Ёслолыг Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр хөтлөн явуулж, маркийн дээжээс хүндтэй шог зураачид, номын сангийн захиралд гардуулан өгсөн ба төгсгөлд нь уран бүтээлчид өөр өөрсдийн эрхлэн хэвлүүлсэн бүтээлийн дээжээс Монгол Улсын Үндэсний Номын Сангийн сан хөмрөгт хандивласан юм.
Хүндэт шог зураачид, "Тоншуул" сэтгүүлийн уран бүтээлчид, эрхэм уншигчдадаа Олон улсын Инээдмийн баярын өдөр, "Тоншуул" сэтгүүлийн 90 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!