ФИНАЛ: Аваргаа хамгаалах Хүлэгүүд- Цус сэлбэсэн Бодонс

Ангилал
Спорт
Огноо
Унших
7 минут 59 секунд

Монголын сагсан бөмбөгийн 2025-2026 оны улирлын финалын цуврал өнөөдөр эхэлж байна. Лигийн есөн удаагийн аварга “Хасын Хүлэгүүд” болон “Сэлэнгэ Бодонс” финалд шалгарсан. Бодонс түүхэндээ анх удаа финалд шалгараад байгаа. Хоёр баг өнгөрсөн улирлын хагас шигшээ цувралд гал гарсан долоон тоглолтыг үзүүлсэн. Хэн финалд шалгарч хэн нь улирлаа дуусгах ширүүн өрсөлдөөнд “Хасын Хүлэгүүд” илүүрхэж финалд шалгарч байв. Харин энэ удаад финалын өрсөлдөөнд дахин таарлаа. Мэдээж өнгөрсөн жилээс ялгаатай зүйлүүд олон байгаа. Хүлэгүүд” 10 дахь аваргын цомоо өргөх үү эсвэл “Сэлэнгэ Бодонс” гайхалтай улирлаа аваргын цомоор мялаах уу гэдгийг бид удахгүй харна.

Өнгөрсөн улирлын хагас шигшээд юу болов

Хүлэгүүд эхний шатанд “Дархан Юнайтед” багийг 4-1, Бодонс, Найтсыг мөн 4-1 харьцаатайгаар дуусгаж хагас шигшээд таарав. Цувралын долоо дахь тоглолтын 4-р үеийн 2:45 дахь минутад эхлэхэд багийн оноо 77:77 дээр тэнцсэн. Хүлэгүүдээс Б.Барсболд Ж.Толбертод нэгээр хаяж хоёр онооны илүү гарав. Түүний араас Б.Билгүүний алдсан довтолгооны бөмбөгийг С.Биндэръяа авч чулуу болгов. Б.Барсболд, Ж.Толбертын хослол дахин онооны зөрүүг холдуулав. Эцэст нь тоглолт 87:79 харьцаатайгаар дуусаж Хүлэгүүд финалдаж байжээ. Долоо дахь тоглолтод Хүлэгүүдээс И.Миллер 24, С.Биндеръяа 16, Ж.Толберт 12, Ч.Ихбаяр 10, Б.Барсболд, Б.Билгүүн нар тус бүр 7 оноо авч багаа хожилд хөтөлсөн. Хүлэгүүдээс талбайд гарсан 10 тоглогч ямар нэгэн байдлаар оноо авсан. Энэ мэдээж бүрэлдэхүүн сайн байсантай холбоотой. Харин Бодонсоос А.Гилберт 31, Д.Казинс 19, Н.Батбаяр 19, А.Базаргүр 5, О.Тулга 5 оноо авсан. Өөр тоглогч оноо авч чадаагүй тоглолтыг өндөрлүүлсэн.

Бодонсын хамгаалалт, алсын зайн шидэлт давуу тал болно

Бодонс 3х3 шигшээ багийн тамирчдаар хүчээ зузаатгасан нүүдэл тэднийг финалын шатанд хүргэхэд чухал нөлөө үзүүлсэн. Эйпстэй хийсэн долоо дахь тоглолтын 4-р үеийн төгсгөлд 3х3 тамирчдын хамгаалалт, довтолгоо онооны зөрүүг хадгалсаар цувралыг шийдсэн. Эйпстэй хийсэн долоо дахь тоглолтод Э.Дөлгөөн 19 оноо, 6-н самбар, 3-н ашигтай дамжуулалт өгч талбай дээр +21 үзүүлэлттэй тоглосон. +21 үзүүлэлт түүнийг талбай дээр ямар үр дүнтэй байсныг илтгэж байгаа юм. Бодонс хурдан довтолгооноос илүү тогтсон хувилбараар тоглох сонирхолтой баг. Мэдээж 3х3 тамирчдын будагтай талбайн довтолгооны хувилбарууд чухал зэвсэг болно. Мөн будагтай талбай руу дайраад задлахад А.Ананд, Н.Батбаяр нарын шидэлт оноог холдуулах боломжийг олгоно. Тэр тактикаа Эйпстэй хийсэн долоо дахь тоглолтод сайн ашиглаж онооны тэргүүллээ авч чадсан.

Тоон үзүүлэлтээр гардаггүй зүйл бол хамгаалалтын идэвх. Бодонс энэ цувралд хэр сайн хамгаалж тоглохоос бүх зүйл шалтгаална. Довтолгоо болон хамгаалалтын самбарт гол тулаан өрнөнө. Хамгаалалт зонхилсон тоглолтод Д.Казинс талбай дээр тийм ч удаан тоглохгүй болов уу. Хүлэгүүд хурдан довтолгоо сайтай болохоор хамгаалалтад сул тал болж магадгүй. Мэдээж импорт тоглогчдын нөлөө цувралд чухал нөлөө үзүүлнэ. Жэй Скраббын оноо авалтууд Бодонс багт давуу тал үүсгэх боломжийг олгоно. Бодонс тоглолтын төгсгөлд өндөр тоглогчдоо талбай дээр гаргах байх.

Бодонс финалын цувралын сэтгэлзүйн тал дээр дарамт бага авах болов уу. Хэдий финалын туршлага бага хэдий ч олон улсын тэмцээнд өрсөлдөж байсан сэтгэлзүй сайтай тоглогчид энэ балансыг тэнцвэржүүлэх байх. Сэтгэлзүй тогтвортой баг илүү сайн тоглолт үзүүлнэ.

Иан Миллер цувралд ирвэл Хүлэгүүдэд давуу байдал үүснэ

Хүлэгүүдийн хурдан довтолгоо энэ улиралд гайхалтай байгааг дурдах хэрэгтэй. Б.Барсболд энэ жил түвшин ахиж түүний оноо авалт, хурдан дамжуулалт багийн хожилд чухал нөлөөг үзүүлж байгаа. Нэмээд Э.Түшиг, Ч.Ихбаяр, Ч.Тэмүүлэн нарын хамгаалалт, довтолгооны идэвх цувралын бас чухал хөзрүүдийн нэг байх болно. Гэхдээ яг одоо байгаа бүрэлдэхүүн Бодонстой тулахад хүчин мөхсөдөх тал бий. Импорт тоглогчдын зөрүү гарах магадлал өндөр. Тэр ч утгаараа Иан Миллер энэ цувралд ирэх эсэх нь тоглолтын үр дүнд чухал нөлөөг үзүүлнэ. Мэдээж Иан Миллер ирвэл цуврал илүү үзүүштэй болно.

Хүлэгүүд сүүлийн хоёр жил аваргын цомыг өргөсөн. Тэдэнд финалын туршлага бий. Мэдээж МУГТ Б.Билгүүний нөлөөг дутуу үнэлж болохгүй. Ялангуяа Бодонстой хийх цувралд Б.Билгүүн талбайд илүү удаан тоглох байх. Оноо авалт гэхээс илүү будагтай талбайн хамгаалалтад түүний үзүүлэх нөлөө их. Довтолгооны тал дээр Хүлэгүүд тоглолтын хэмнэлийг хурдан байлгах сонирхолтойгоор тоглох нь зөв шийдэл. Улирлын турш болсон тоглолтоороо тоглох нь үр дүнтэй.

Аваргын цувралд нөлөөлөх нууц хөзрүүд

Будагтай талбайн хамгаалалт, довтолгоо тоглолтын ихэнх хугацаанд өрнөнө. Тэр ч утгаараа багууд эрт алдааны асуудалд орж чөлөөт шидэлт ихтэй цуврал болж магадгүй. Чөлөөт шидэлт сайтай баг ялдаг бичигдээгүй дүрэм бий. Хоёр баг чөлөөт шидэлтийн гүйцэтгэл сайтай. Харин хэн нь олон шидэхээс бүх зүйл хамаарна. Бүх цувралд биш ч гэсэн аль нэг тоглолтод багийн үүргийн тоглогч сайн тоглолтоо үзүүлж хожил хулгайлах магадлалтай. Энэ бол сагсан бөмбөгийн спортын салшгүй нэг хэсэг. Харин хэн финалд X Factor байх байж багтаа ялалтыг авчрах бол. Нэгээр илүү бол мянгаар илүү гэдэг шиг тоглолт бүр чухал байх болно.

Хоёр баг энэ улиралд гурав таарч Хүлэгүүдийн ялалтаар өндөрлөсөн. Эхний тоглолт 77:69, хоёр дахь тоглолт 88:78, гурав дахь тоглолт 83:81 харьцаатайгаар өндөрлөсөн. Эндээс харахад хамгийн дээд оноо зөрүү 10 байж. Финалд энэ онооны зөрүү илүү багасах магадлалтай. Багууд илүү хамгаалалт давамгайлсан тоглолтыг үзүүлнэ. 1-2 тоглолт хагас бөмбөгийн зөрүүтэйгээр дуусах магадлал их.

Ямартай ч энэ цуврал урт үргэлжилнэ. Сагсан бөмбөг сонирхогчид цувралыг долоо дахь тоглолтод шийдэгдээсэй гэж хүснэ. Аваргын төлөөх цуврал бол сагсан бөмбөгийн хамгийн ширүүн, үнэ цэнтэй өрсөлдөөн. Тоглолт бүр ялалт, ялагдлын зааг дээр өрнөж, багуудын тактик, сэтгэлзүй, тэсвэр хатуужлыг эцсийн мөч хүртэл сорьдог. Эцэст нь жинхэнэ аварга тодорч, түүхэнд нэрээ үлдээх болно.

БАЙНГЫН ХОРОО: Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
БАЙНГЫН ХОРОО: Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
 
Ираны Ерөнхийлөгч зөрчилдөөнийг дуусгах сонирхолтой байгаагаа мэдэгджээ
Ираны Ерөнхийлөгч зөрчилдөөнийг дуусгах сонирхолтой байгаагаа мэдэгджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!