Дарханчууд ногоон бүс болсноо батлах зорилгоор давтан шинжилгээнд хамрагдаж эхэллээ. Дархан-Уул аймгийн онцгой комиссоос 2021 оны нэгдүгээр сарын 2, 3-ны өдөр аймгийн нийт иргэдийн 10 хувь буюу 12000 иргэнийг PCR шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр шийдвэрлэсэн.
Энэ дагуу өнөө өглөө 08:00 цагаас эхлэн нийт 10 цэгт шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байна. "Ковид-19” халдварыг илрүүлэх, тандах, ногоон бүс болсноо батлах зорилгоор зохион байгуулж буй энэхүү шинжилгээнд нийгмийн харилцаанд хамгийн их оролцдог 22 салбарт ажиллаж буй иргэдийг хамруулж байгаа юм.
Иймд сонгогдсон иргэдийг хуваарьт цэгүүдэд очиж шинжилгээндээ идэвхтэй хамрагдан өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ эрүүл, аюулгүй байдлын төлөө хамтдаа сэргийлэхийг уриалж байна.