“Лхагвын тойм” нэвтрүүлгийн 81 дэх дугаарт нүүрсний гэх тодотголтой хэргээр шүүхээс 2.6 жилийн хорих ял авч саяхан суллагдаад байгаа УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан оролцлоо. Түүний ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Танд оройн мэнд хүргэе
Оройн мэнд хүргэе. Нэвтрүүлэгтээ урьсанд баярлалаа.
Таныг ярилцлагад урьсан гол шалтгаан нь сүүлд таны цахим хуудаснаа нийтэлсэн пост, мэдэгдэлтэй холбоотой. Нүүрстэй холбоотой асуудал дээр хүмүүс мэдэх ёстой зүйлээ мэдэх хэрэгтэй юм байна гэсэн үүднээс урьсан. Та сайхан хаваржиж байна уу. Сүүлийн нэг сарын хугацаанд олны анхаарлын төвд байлаа?
Сайхан хаваржиж байна.
Хоригдож байсан хугацаа дуусаад гарч ирсний дараах нөхцөл байдал, тухайн үед өндөр албан тушаал хашиж байсан цаг үе гээд. Энэ хоёр өөр нөхцөл байдал ямар мэдрэмж төрүүлж байна?
Улс төр өөр болсон байна. Манай улсын төрийн хариуцлагатай алба хашиж байгаа хүмүүсийн нөхцөл байдал, парламент дээр яригдаж байгаа яриа, сэдэв улс орны явж байгаа замнал арай ийм байгаагүй. Хууль дээдлэх зарчимд үндэслэж, ажил хэрэгч хийж бүтээх ажил хэлэлцдэг цаг үе байсан. Өнөөдөр нөхцөл байдал өөр болж. Ямар хүмүүс төрд байгаа юм юу болоод улс орон хаашаа яваад байгаа вэ гэсэн нөхцөл байдал сонирхолтой, гайхал төрүүлэм өрнөж байна. МАН арай ийм байгаагүй. Энэ намыг үүсгэн байгуулсан бидний өвөг дээдэс харвал гайхахаар ийм нөхцөл байдалд намыг авч явж байгаа хүмүүс, авч явж байсан, улсыг авч явж байсан хүмүүс ийм байдалд оруулж байгаа нь надад харамсалтай санагдаж байна.
Улс төр олон зүйлээр иргэдийн анхаарлыг татаж байна. Таны хэлж байгаатай адил жил гаруйн хугацаанд УИХ дээр хэлэлцдэг хууль гэж байхгүй боллоо. Засгийн газар дээр гараад УИХ-аар шийдвэрээ гаргуулдаг орон зай ч байхгүй боллоо. Хаврын чуулган эхлээд долоо хонож байна. Хуралдаж чадахгүй байна. Энэ талаар хоёулаа ярилцах цаг гарна. Ярилцлагын эхэнд танд тавих хүсэлт байна. Шүүхээс ял аваад шийдвэр гарсан. Одоо бол би таныг аливаа зүйлд хувийн хандлагаар бус яг болж өнгөрсөн зүйлийг ялангуяа нүүрсний хэрэг, үүнтэй холбогдож байгаа Ардын нам, эрх барьж байгаа хүмүүс болон холбоотой талууд, тухайн үед юу болоод өнгөрсөн бэ гэдгийг нуулгүй яриасай гэж бодож байна. Илүү нарийн мэдээллийг өгөөд үзэгчид маань мэдээллийг аваад өөрсдийнхөөрөө дүгнэх байх гэсэн үүднээс таныг урьсан. Улс төртэй холчихвол үндсэн зорилгоосоо хазайх вий гэсэн бодол байна. Та шоронгоос суллагдсаны маргааш нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ танай танхимын дарга, намын дарга байсан. Шударга тав гээд та хоёр ойрхон байсан. Яагаад энэ хүн таныг ийм байдалд хүргэсэн гэх мэдээллийг олон нийтэд дэлгэсэн бэ?
Яагаад энэ постыг бичих болсон үүний цаана юу байгаа Л.Оюун-Эрдэнэ намайг яагаад хэлмэгдүүлэх болсон. Бид хоёрын зөрчил юунаас эхэлсэн гэдгийг яривал илүү логиктой болох байх. Энэ асуудлаар анх удаа ам нээж байна. Ноцтой асуудал гэж би харж байгаа. Олон нийт мэдэх ёстой. Тийм учраас тодорхой, баримттайгаар хөндье гэж бодсон. Л.Оюун-Эрдэнэ бид хоёрын зөрчил гурван үндсэн асуудал дээр үүссэн гэж би дүгнэдэг. Нам дотор, бүлэг дотор Л.Оюун-Эрдэнийн өмнөөс дугардаг хүн, нам доторх дайсан нь би болсон байсан. Бид хоёрын зөрчил 2019 оны 11 дүгээр сараас эхэлсэн. Тэр үед Л.Оюун-Эрдэнэ Хэрэг Эрхлэхийн Сайд байсан. Би УИХ-ын аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга байсан. “Оюу Толгой” төсөлтэй холбоотой. Анх гэрээ байгуулагдсанаас эхлээд энэ төслийн гэрээг засаж сайжруулж ард түмэн, Монгол Улсад ногдол ашиг авдаг болох, ашигтай болгохын тулд олон төр нийгмийн зүтгэлтнүүд тэмцсэн, зүтгэсэн ард иргэд дэмжсэн, хүлээсэн, найдсан, горьдсон. Анх удаа “Оюу Толгой”-н гэрээг өөрчлөх УИХ шийдвэр гаргах боломжтой болсон. Тэр үед УИХ-ын дарга Г.Занданшатар бүх дүгнэлтүүд дээр үндэслээд УИХ-аар шийдвэр гаргая гээд надаар ахлуулаад бүрэлдэхүүнд Б.Баттөмөр, Х.Болорчулуун, Л.Болд зэрэг гишүүдтэй нийлж ажлын хэсэг байгуулсан.
Бид нар өнгөрсөн хугацааны бүх баримтууд дээр үндэслээд УИХ-ын тогтоолын төслийг боловсруулаад оруулахад бэлэн болгосон. Энэ тогтоол 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 22 дугаартай батлагдсан. “Оюу Толгой” ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай гэдэг нэрийг өгсөн. Ийм нэр өгчихвөл арай ч олон нийтийн өмнө унагаах гишүүн олдохгүй байх гэж бодсон. Төслөө бэлэн болгоод УИХ руу оруулах болсон. Тэр үед тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга энэ тогтоолыг УИХ руу оруулахгүйн тулд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулсан. Хэдий том саад тотгор байсан ч тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар дэмжсэн тулдаа энэ тогтоол УИХ руу орох боломжтой болсон. Ерөнхийлөгч Х.Баттулгын хүсэлтээр тогтоолын төслөө танилцуулахад над руу орилж байсан. Би наад тогтоолыг чинь УИХ руу оруулахыг зөвшөөрөхгүй. Шалтгаан нь болохоор их сонин юм ярьсан. Монгол Улсад ашиггүй гэх зэргээр. Би хаалга саваад гарахад араас Т.Аюурсайхан би зөвшөөрөөгүй шүү гэж хэлж байсан. За ингээд тогтоолоо оруулахаар боллоо.
Яг өмнөх орой нь хамгийн том саад тотгор гарч ирсэн. Энэ бол Л.Оюун-Эрдэнэ байсан. Энэ тогтоолыг УИХ руу оруулж болохгүй. Өөрчилбөл оруулъя үгүй бол би оруулахгүй, зөвшөөрөхгүй гэж хэлсэн. Тухайн үед Хэрэг Эрхлэх Газрын дарга Л.Оюун-Эрдэнэ бол эрх мэдэлтэй байлаа. Энэ хүн бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарын дунд гүйж асар их тоглолт хийдэг. Энэ хүнийг давж төрийн өндөрлөгүүдэд ажлаа ойлгуулах хэцүү байсан. Үүнийг олон хүн мэднэ. Би гэрээний төслөө аваад ирсэн. Энэ хоёр тэнгэр газар шиг ялгаатай. Төсөл, батлагдсан хэлбэр хоёр нь энэ. Л.Оюун-Эрдэнэ надад үг үсэггүй хэлж өглөө. Манай ажлын хэсэг “Оюу Толгой”-н гэрээг Монгол Улсын 2008 оны 40 дүгээр тогтоол, 2009 оны 52 дугаар тогтоол болон бусад хууль тогтоомжид үндэслээд гэрээг улсад ашигтайгаар өөрчлөх байсан. Хоёр дахь заалт нь Дубайн гэрээг цуцлах гэж байсан.
“Оюу Толгой”-н гэрээг өөрчлөхгүйгээр бид нар хэзээ ч ногдол ашгаа авч чадахгүй. Гэтэл төсөл дээр гэрээний хэрэгжилтийг сайжруулах гэж тусгасан. Гэрээний хэрэгжилтийг сайжруулна гэдэг чинь хэний талд сайжруулах нь тодорхойгүй. Сайжруулах чиглэлээр гаднын зөвлөгөөг авах гээд. Дубайн гэрээг сайжруулах гэсэн заалтаар сольё гээд тулгасан. Ажлын хэсгийн гишүүд болох Б.Баттөмөр, Х.Болорчулуун нар Л.Оюун-Эрдэнэ ийм зүйл тулгаад байна. Үгүй бол манай тогтоолыг УИХ руу оруулахгүй гээд бид нар ярилцсан. Бүгд таагүй хүлээж авсан.
Тэр гэрээн дээр АМНАТ-ын асуудал, цэвэр усны асуудлыг тусгасан. Дахин ТЭЗҮ хийх асуудал байсан. Маш чухал асуудлуудаа авч үлдэхийн тулд яах аргагүй Л.Оюун-Эрдэнийн хэлснээр төсөл өөрчлөгдөөд УИХ-аар 92 дугаар тогтоол гарч батлагдсан. Ерөнхийлөгч Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар нэг ашиг сонирхолтой гэдгийг тэр үед ойлгосон. Энэ гэрээг өөрчлөх түүхэн боломж байсан. УИХ анх удаа энэ шийдвэрийг гаргаж болох байсан. Гэрээг өөрчлөхгүйгээр бид нар юу ч яриад нэмэргүй.
Би 2016 онд “Оюу Толгой”-н тайлан, балансыг татаж үзэж байсан. Санхүүгийн схем нь гаднын хөрөнгө оруулагчид санхүүгийн зардал, захиргаа удирдлага, менежментийн зардлаар дамжуулж бүх ашгаа авна. Ногдол ашиг хуваарилахаас өмнөх шатанд ашгаа авах гээд байна. Ингээд баланс нь хасах гарна. Баланс хасах учраас Монгол Улсад ногдол ашиг олдохгүй. Энэ зүйл өнгөрсөн хугацаанд байсан, одоо байгаа, цаашид ч байна. Монголын ард түмэн олон жил ярьдаг олон хүн үүний төлөө тэмцэж зүтгэсэн. Үүнийг Л.Оюун-Эрдэнэ байхгүй болгосон. Энэ хүн улс эх орны ашгаас урвасан. Энэ хүн баялгийг ард түмэнд гэж ярих нүүргүй хүн. “Оюу Толгой” гэрээний түүхэн боломжийн утгыг нь алдагдуулсан.
Бид хоёрын ярилцлага үндсэн гурван хэсгээс бүрдэнэ гэж хараад байна. Нэгдүгээрт шүүхээр ороод шийдэгдсэн асуудал, нүүрсний хулгай гэдэг зүйлийн ард юу байгаа юм бэ таны оролцоо ямар хэмжээнд байв. Хоёрт улс төрд өрнөж байгаа үйл явц. Би хууль шүүхийн байгууллагад итгэхийг хүсэж байна. Өдийг хүртэл шалгаад явсан зүйл дээр хэлмэгдүүлэлт гарчихсан уу гэдгийг эцэслэх ёстой. Тэгэхгүй бол хуулийн байгууллагад итгэдэг хүн байхгүй боллоо. Энэ бол жинхэнэ үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Эхний асуулт Л.Оюун-Эрдэнэ гэдэг чиглэлтэй явчихлаа. Үргэлжлүүлээд асуухад энэ тогтоолын төслийн Ерөнхийлөгч асан Х.Баттулга тань руу уурлаад болиул гэж байсныг та өөрөө нотлох байх. Энэ хоёр хүн үүнийг зогсоогоод өөрчлөх чиглэлийг хэлсэн гэж байна. Шалтгаан нь юу вэ. Оюу Толгойн талд үйлчилсэн гэж хэлэх гээд байна уу. Өөр зүйл байна уу?
“Оюу Толгой” төсөл дэх гадаадын эрх ашигт үйлчилсэн. Тухайн үед “Оюу Толгой”-н талд дугардаг гарын таван хуруунд багтах гишүүд байсан. Энэ хүмүүсийг илчилж эдгээрийн тоог цөөрүүлэхгүй бол бүтэхгүй. С.Батболд, Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Д.Цогтбаатар нарын гишүүд байлаа. Одоо энэ 126 гишүүнийг харахаар Л.Оюун-Эрдэнийн удирдлага дор цөөрөх нь бүү хэл Оюу Толгой, Рио Тинтотой холбоотой хамааралтай байсан гаднын талыг дэмждэг ямар олон хүмүүс байна. 2021 оны 12 дугаар 13-ны өдөр Л.Оюун-Эрдэнэ хэвлэлийн хурал хийе гэсэн. Тэр үед Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байсан. “Оюу Толгой” төсөл дээр дуугардаг хүмүүс дээр миний найз дутаад байна гэсэн. Ямар утгатай юу ярих билээ гэсэн чинь “Оюу Толгой”-н асуудлыг цэгцэлчихлээ, ногдол ашиг авах хугацааг наашлуулсан. 2.3 тэрбум долларын өрөө тэглэчихлээ. Дубайн гэрээг цуцалчихлаа. Өөрийнхөө будлиулсан 92 дугаар тогтоолоо хэрэгжүүлчихлээ гээд ярьсан. Би шууд үгүй гэсэн.
Тэр хурал дээр Л.Оюун-Эрдэнэ худлаа ярьсан. Тэр 2.3 тэрбум доллар төслийн баланс дээр байгаа. Дубайн гэрээ хэрэгжээд санхүүжилтээ босгоод явж байгаа. Үүний дараа 2022 оны нэгдүгээр сарын 25-нд гүний уурхайн анхны тэсэлгээг хийх гэж байна гээд над руу ярьсан. Хоёулаа очоод ирье гэсэн. Монгол Улсад хохиролтой асуудал дээр би очихгүй гэж хэлсэн. Эрдэнэтийн 49 хувь дээр бас олон зүйл ярьдаг. Эрдэнэтийн 49 хувийг хувийн хэвшлээс улсад авах асуудлыг анх би 2016 онд УИХ дээр хөндсөн. 2017 оны хоёрдугаар сарын 10-нд дөрвөн заалт бүхий миний боловсруулснаар бүлгийн хурлаар дэмжигдээд оруулсан асуудал. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг улсад авах асуудал яаж явсан бэ гэвэл тухайн үеийн бүлгийн хурал дээр эрт очоод санамсаргүйгээр тогтоолыг нь харчихсан. Ганцхан заалттай тогтоол батлуулах гэж байсан. 49 хувийг эзэмшиж байгаа хувийн хэвшилтэй хэлэлцээр хийхийг Засгийн газар, Ж.Эрдэнэбатад даалгасугай гэсэн байсан.
Тэр үед Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй дуугарч болох гишүүдийг өрөөндөө цуглуулж байгаад энэ асуудлыг яриад сөргүүлээд дөрвөн заалт бүхий тогтоолын төслийг тухайн үед оруулахаар ярьж байсан. Баялгийн төлөө хичээл зүтгэлээ гаргасан олон гишүүд байгаа. Энэ хүмүүсийг бүгдийг нь зайлуулж байгаад “Баялгийн төлөөх” гэдэг тэмцлийн нэрийг өөртөө наах гэсэн увайгүй явдлыг хэлэхээс өөр аргагүй болоод хэллээ. Бид хоёрын зөрчилдсөн хоёр дахь шалтгаан нь 2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой. 126 гишүүн болон намын жагсаалт бүхий. Энэ бол Л.Оюун-Эрдэнийн санаачилга байсан. Бүх гишүүдтэй уулзаад бүлгийн хурал руу орсон. Л.Оюун-Эрдэнийн ярьдаг байсан зүйл нь “гадаа жагсаал цуглаан болж байна. Цаашид хувьсгал болж мэднэ. Бүгдийг нь төрийн ордонд оруулъя” гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл бүгдийг нь тэвэрч аваад дуугүй болгох гээд байна.
Би бол ажлаа сайн хийх хэрэгтэй. Эдийн засгаа сэргээгээд ард түмнээ аятайхан амьдруулбал жагсаал цуглаан, шүүмжлэлээс юунаас нь айдаг юм бэ гэсэн. 2019 онд бид Үндсэн хуулиа өөрчилсөн. Дахиад хуулийн хязгаартай боломжгүй байсан. Бүлэг дээр Үндсэн хуулийг өөрчилье гэдэг санал дээр би ганцаараа эсрэг санал өгсөн. Тэр үед Л.Оюун-Эрдэнэ их эвгүй харсан. Эцэст нь 2022 оны ээлжит бус чуулганаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажиллагаагаа эхэлсэн. Намайг явуулж байгаад 2023 оны тавдугаар сард Үндсэн хуулиа өөрчлөөд хэрэгжүүлсэн. Намын жагсаалт гэдэг чинь иргэдийн сонгоогүй хүнийг УИХ-д оруулаад намын дохиураар ажилладаг өөрийнхөө эрх мэдлийг улам бататгах гээд байна шүү дээ.
Шударга тав гээд та бүхэн талбай дээр жагсаал хийгээд явж байсан. Бодсоноос өмнө зөрчилдсөн гэдгийг та дурдлаа. Одоо нүүрсний асуудал руу оръё. Та шүүхээс 2.6 жилийн ял аваад биеэр эдлээд гарч ирлээ. Шүүхийн шийдвэр гарсны дараа олон нийт ямар хариултгүй үлдсэн бэ гэхээр хурал хаалттай явсан. Энэ хэргийн цаана хэн байв, юу болов гэдэг нь харагдаагүй. Энэ хэргийн цаана юу болсон бэ. Танд ямар зүйл ангиар ял өгөв. Гишүүдээс та ганцаараа ял авсан?
Шүүхийн хэлэлцүүлэг дээр нүүрсний асуудал байгаагүй. Миний хөрөнгө, орлоготой холбоотой нэг л заалт байгаа. 2022 оны 10 дугаар сарын 21-нд Л.Оюун-Эрдэнэ намайг танхимдаа авч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болгосон. Би сайд болохгүй гэхэд “МАНАН” мафиа ярьсан. Том бүлэглэлүүдтэй тэмцэхэд би ганцаардаад байна чи хэрэгтэй байна гэсээр байгаад би үгэнд нь орсон. Түүний танхимд орсон нь миний алдаа болсон. Сайдын асуудал дээр. Өөртөө нааж тэвэрч авч байгаад миний араас хутгалсан. Энэ бол Л.Оюун-Эрдэнийн арга барил гэж би олон хүн дээр харж байна.
Д.Амарбаясгаланг гуйж ятгасаар байгаад дэргэдээ авчраад мөн араас нь хутгалсан. Н.Учралыг Хэрэг Эрхлэх Газрын даргаар татаж авчраад ураны гэрээ хий гэж ятгаад, гуйгаад. Араас нь уранчин гээд доромжилж байх жишээтэй. Д.Амарбаясгалан бол Л.Оюун-Эрдэнийн халааг авах хүн мөн байсан. Халааг нь авч болзошгүй хүмүүсийг дэргэдээ аваад улс төрийн өрсөлдөгч гэж хардаг. Нүүрсний хэрэг бол Л.Оюун-Эрдэнийн захиалгаар явсан. Үүний цаана түүний том эрх ашиг байгаа. Л.Оюун-Эрдэнэ болон түүний бизнес хамтрагч Б.Баатар. Яагаад бизнес хамтрагч вэ гэвэл Л.Оюун-Эрдэнэ Херо энтертайнментын 50 хувийг эзэмшдэг. Бүх зүйл нүүрсний жагсаалаас эхэлсэн. 2022 оны 12 сарын эхээр болсон. Гол санаачлагч, найруулагч нь Л.Оюун-Эрдэнэ. Намын даргын өгсөн удирдамж чиглэлийн дагуу хотын хороо болгонд байгаа намын үүрүүдээс гишүүдийг цуглуулж талбай дээр жагсаасан.
Л.Оюун-Эрдэнэ 44 их наяд гэдгийг сэдсэн. Үүний цаана тухайн үед нүүрсэн дээр том хулгай явсан. Үүнийг бусниулах хоёрдугаарт түүнд саад болсон Б.Ганхуягийг холдуулах, хомрогонд нь намайг явуулсан. Энэ жагсаалыг өөрөө эхлүүлээд найруулсан ч гэсэн ард түмэн тэнэг биш учраас жагсаалаа алдчихсан. Ингээд жинхэнэ нүүрсний хулгайч нь хэн бэ гээд ордон руу дайрсан, хашаа эвдсэн гээд. Жинхэнэ нүүрсний хулгайчийг зарла гээд том хүчинд алдаад эвгүй байдалд орсон. Тэр үед Засгийн газрын сайд нар, Ерөнхий сайд байдаг Viber групп дээр ийм яриа өрнөсөн. Би тэр чат дээр Л.Оюун-Эрдэнийг Х.Баттулгатай дэндүү их сүжирсэн шүү гээд биччихсэн. Ямар эрх ашиг байсан бэ гэдгийг ярья. Б.Ганхуяг бол зарим гишүүдэд Эрдэнэс Тавантолгой тойрсон асуудлыг ярьдаг байсан. Нүүрсний мөнгө хаана алдагдаад байна гэхээр аман дээрх мөнгө болон хил даваад зарагдаж байгаа мөнгөний хооронд гол нугалаа явагдаад байна.
2026 оны жишээг харлаа. Гэрээний нүүрсний үнэ тонн тутамдаа 64 ам.доллар. Хил давангуут 149 доллар. Тээврийн зардал 18 доллар. Ингээд бодохоор 131 долларын зөрүү байна. Улс олж байгаа мөнгөнөөс хоёр дахин их мөнгө өөр сувгаар яваад байна. Жилд 80 сая тонн нүүрс гарч байна. Улс таван тэрбум доллар авч байна. Үүний цаадах зөрүү бол 10 тэрбум доллар байна. Хоёр дахин их мөнгийг хулгайд алдаад байна. 10 тэрбум доллар бол 36 их наяд болно. Эрдэнэс Тавантолгой 2024 онд 4.6 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Алдагдаад байгаа боломжоо олбол 36 их наяд болно. Энэ хулгай одоо хүртэл байна. Одоо ил болж байна. Хил дээрх ачиж буулгах терминалыг хувийн хэвшил хийх ёстой гэдгийг Б.Ганхуяг ярьдаг байсан. Нүүрсний ганц сувгийг атгах эрхийг хувийн хэвшилд өгчхөөд байна. Үүн дээр нэмээд 19 км зам байна. Засгийн газрын 2022 оны есдүгээр сарын 14-ний 349 дүгээр тогтоолоор Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө гарын үсэгтэй ямар ч сонгон шалгаруулалтгүй төрийн нууц гэсэн нэрийн доор “Смарт Эко Транс” ХХК-д өгчихлөө шүү дээ.
Энэ компанийн хувь эзэмшигч нь Баянмонгол хорооллыг барьсан компанийн үүсгэн байгуулагч. Баянмонгол хороололд Л.Оюун-Эрдэнэ амьдарч байсан. Тэр хүн хотод орж ирээд орон сууц авах мөнгөгүй үедээ яаж тэнд байр авсан байх уу гэдэг хамаарал харагдаж байна. Улс өөрөө аваад ашгийг хийчих боломжтой байхад яагаад хувийн компанид өгөөд байгаа юм. Б.Ганхуяг энэ асуудал дээр дуугарч байсан. “Смарт Эко Транс” ХХК-н 19 км замыг Г.Занданшатар сайд цуцалсан байх шиг байна. Хилийн зурвасыг цуцалсан байна. Одоо Г.Занданшатар сайдын зовлон эхэлж байна. Улсын төсвийн орлогоос хоёр дахин их ашиг яригдана. Б.Ганхуягаар туг дахисан. Над дээр нүүрсний гэх хэргийг тохсон.
Таны нүүрсний хэрэгт шалгагдаад явсан учраас гишүүнээсээ түдгэлзүүлээд сүүлд шүүхийн шийдвэр гарсан. Надад прокурорын мэдээлэл байна. Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 22.1 буюу эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, 22.4 нийтийн албан тушаалтан хахууль авах, 22.1 худал мэдүүлэх, 20.3.1.3 буюу зохион байгуулалтай гэмт бүлэглэл байгуулах, 22.10 дахь зүйлийн 1,2 дэх хэсэг үндэслэлгүйгээр хөрөнгөжих, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг хахууль өгөх, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн мөнгө угаах гэдэг ийм зүйл ангиар яллах дүгнэлт үйлдээд шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх гурван жил, давж заалдах дээр 2.6 жилийн ял өгсөн. Хурал хаалттай явсан. Ийм олон зүйлээр яллах дүгнэлт үйлдээд тодорхой хэмжээний ял өгөөд байхад би нүүрсний хулгайч биш. Намайг хэлмэгдүүллээ гээд байна. Үүн дээр та ямар тайлбар өгөх вэ?
Над дээр төрийн албан тушаалтан авлига авах, эрх мэдлээ урвуулах, давуу байдал гэсэн зүйл үүсээгүй. Над дээр үүссэн асуудал нь зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах гэдгээр дамжуулж нүүрстэй холбох гэж оролдсон. Надад үндэслэлгүй хөрөнгөжих гэдэг асуудлаар 2.6 жилийн ял өгсөн. Үүний цаана нүүрстэй холбох гол зорилго байсан.
Танай туслах, зөвлөх байсан хүмүүсийг шалгаад шүүхээр оруулсан?
Б.Отгонжаргал, И.Даваадорж гэдэг хүмүүс миний ажлын албанд байсан нь үнэн. Нэг нь зөвлөх, туслахаар ажиллаж байсан. Энэ хоёр хүн 2016 онд миний сонгуульд ажиллаж байсан. Тэр хүмүүстэй холбосон нэг ч ширхэг нотлох баримт байгаагүй. Анх тэр хоёрыг хууль хяналтын байгууллага шалгаж эхлэхэд гомдсон. Энэ хоёр тендер дээр нэг зүйл найруулчихлаа гэж бодсон. Яг үндсэндээ Б.Отгонжаргалын тендер будилуулсан гэх асуудал нь шүүх дээр нотлогдоогүй.
Б.Отгонжаргал гэдэг хүн нэг жилийн ял авсан. Тэр ямар зүйл ангиар ял авсан бэ?
Өөрт нь нэг машин бас 100 орчим сая төгрөг байсан. Яг нүүрстэй холбоотой асуудлаар нотлох баримтгүй учраас цагаадсан. Тэр зохион байгуулалттай гэмт бүлэглэл дээр нэг ч нотлох баримт олдоогүй.
Та Б.Ганхуяг гэдэг хүний талаар яриандаа дурдлаа. Таныг Б.Ганхуяг гэдэг хүнийг захирал болгоод өгөөч гээд намынхаа нөхдөөс гуйгаад өөрөө ямар нэгэн албан тушаалд очоогүй гэж ярьдаг. Та тийм томилгоог хийлгэсэн юм уу?
Энэ яриа явсаар ирсэн. Бид хоёр хамт тэмцэж, зүтгэж явсан нь үнэн. Б.Ганхуяг бол надаас илүү улс төрийн хүрээлэлтэй, хүнтэй хэл амаа олж чаддаг хүн. Б.Ганхуягийн томилгоо бол санаандгүй зүйл байгаагүй. Энэ хүн Эрдэнэс Тавантолгой гэдэг компани цаасан дээр байгуулагдах үед ажлын албаны нарийн бичгийн дарга, дэд захирал, ТУЗ-ийн гишүүн, Газрын даргаар ажиллаж байсан. Б.Ганхуяг гэдэг хүн чинь намын төлөө акц хийгээд зүтгэсэн. 2016 онд намын удирдлагууд Б.Ганхуягийг тэргүүн дэд захирлаар томилсон. Үүний дараа Б.Ганхуяг захирал болсон. Би тэр асуудалд оролцоогүй. Б.Ганхуяг Т.Аюурсайханы мэдлийнх. Т.Аюурсайхан Эрдэнэс Тавантолгойг өгчихлөө гэж ярьдаг. Тийм зүйл байхгүй.
Гарын үсэг үлдэхгүй байгаа учраас наана нь хамаг зүйлийг нь улс төрийн хүрээнд ярьж хэлчхээд ард нь үлдээд байн уу та?
Би Эрдэнэс Тавантолгойгоос нэг ширхэг ч тендер авч байгаагүй. Надад нэг ч нүүрсний машин байхгүй. Би авлига аваагүй, албан тушаалын хэрэг үйлдээгүй. Тэндээс би ямар ч мөнгө аваагүй. Намайг цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг өргөн хүрээнд шалгалаа. Таньдаг хүн болгоныг хамаатуулах нь өрөөсгөл ойлголт байх. Би тэр хүмүүсийг ямар хэрэг хийсэн гэдгийг мэдэх хэцүү. Хүн өөрийнхөө явж байгаа замыг өөрөө хариуцах ёстой.
Тансаг жүчээ гээд яригдаад байдаг. Шүүх хурал хаалттай учраас нарийн ширийнийг гаргаж ирээгүй. Тийм тансаг жүчээг яах гэж барьдаг юм. Хэдэн төгрөгийн үнэлгээтэй байдгийн?
Би 2013 оноос хойш хурдан адууг үржүүлж байгаа хүн. Хурдан морины чиглэлд санаа нийлж ажилладаг хүмүүс байгаа. Хотынх гэвэл хүйдолоо худаг дээр байна. Тэрийг бизнес эрхэлдэг найз н.Отгонсүрэн болон нөхдийн хамт барьсан. н.Отгонсүрэн өөрөө оффис барилгаасаа илүү гарсан зүйлээрээ төмөр саравч, хашаа, худгийг гаргасан. Хоёр жүчээ байгаа. Тэр асуудлыг шалгаад хамааралгүй нь тогтоогдсон. Би барьсан даруйдаа ХОМ дээрээ мэдүүлж байсан. Би гишүүн болохоосоо өмнө гурван зуслангийн байшин барьсан. Хамгийн ноцтой асуудал энэ бүхнийг үнэлсэн үнэлгээ нь хууль бус болсон. Төсөвчний тамгагүй хүний материал дээр шүүх үндэслээд шийдвэрээ гаргасан. Үнийг нь хөөсрүүлэхдээ 80 орчим хувиар үнэлсэн. Тэгээд шүүх намайг тайлбарла гэсэн. Намайг ялласан барилгын тушаалыг хүчингүй болгочихсон. Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд байдаг жүчээг үнэлэхдээ үнэлгээг хууль бус хийсэн. Барилгын мэргэжлийн компани, зураг төсөлтэйгөөр барьсан гэж үзсэн. Тал контейнерыг 6.8 сая төгрөгөөр үнэлсэн. 22-н цаана байгаа бүтэн контейнер таван сая төгрөгтэй байгаа.
Алтан морь зуслангийн хашаандаа авчраад булсан гээд. Бас их хэмжээний доллароо нуусан гээд байдаг. Тэр зүйлс баримтаар авагдаад нотлогдсон зүйл байна уу?
2022 оны сүүлээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өрөөнд нь ороод уулзаад гарсан хүн над руу залгасан. Тэгээд Л.Оюун-Эрдэнэ сайд өөрийг тань гэрээс чинь алтан морь олдсон гээд яриад сууж байна үнэн юм уу гэж асуусан. Алтан морь гэдэг чинь зориуд хийсэн технологи. Л.Оюун-Эрдэнэ 15 давхраасаа яг нэг сая доллар гэдэг шиг гүтгэлэгтэй ижил зүйл. Хэрвээ үнэн бол зургийг нь тавиад хангалттай их доромжилж болно шүү дээ. Ямар ч тийм зүйл байхгүй. Ор үндэслэлгүй зүйл.
Та Н.Удаанжаргал гэдэг хүнтэй ямар хамааралтай юм бэ?
Намын 27 дугаар их хурлын өмнөхөн шинэчлэлийн хороонд орж байсан.
Б.Ганхуяг гэдэг хүнтэй сүүлд холбогдсон уу?
Б.Ганхуягтай огт холбоо бариагүй.
Б.Ганхуяг гэдэг хүний ил захидал гэдэг зүйл сошиал дээр нэлээн явсан. Тэр захидал дээр Ардын намын 2020, 2021 оны сонгууль Эрдэнэс Тавантолгойн мөнгөөр хийгдсэн гэдэг. Тэр захиа үнэн юм уу?
Тэр талаар надад мэдээлэл алга. Б.Ганхуяг өөрөө ярих байх. Тэр захидлыг үзээгүй.
1.8 тэрбум төгрөгийг улсад хураалгасан гээд мэдээл байдаг. Хэдэн төгрөгийг шүүхэд төлсөн бэ?
1.4 тэрбум орчим төгрөг байгаа. Дөнгөж гарч ирээд байж байна. Сая эмчилгээтэй гээд таны ярилцлагад орж байна.
Таныг Бодиос нэг сая долларын авлига авсан гэдэг зүйлийг яриад байгаа?
Би ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй. Бодь гэж холбох юм бол даатгалын компаниараа дамжуулаад намайг нэлээн их гүтгэж харлуулсан. Би жолоочийн хариуцлагын даатгалын хуулийг шинэчлэх гэж оролдоод бүтэлгүйтсэн. Төрийн хүчээр, цагдаагаар айлгачхаад жолооч нараас мөнгө авч байна. Ядаж ослын шалтгаан болоод байгаа замыг бөглөх ёстой. Энэ даатгалын компаниудын цаана улс төрчид байгаа.
Надад нэг жиргээч нэг асуулт явуулсан. Паркийн гурван давхрын Castle ресторанд нэг сая долларыг авсан гэж хэлсэн. А.Амундра гэдэг хүн өөрийнхөө цахим хуудсанд оруулсан байна?
А.Амундра дүү ингэж хүн гүтгэж болохгүй шүү. Ор үндэслэлгүй зүйл байна. Надад нэг ширхэг ч доллар асуудал авсан зүйл байхгүй. Хэн нэгнийг улс төр хийж харлуулах зүйл хийгээд хэрэггүй. Л.Оюун-Эрдэнийн найруулсан найруулгын дагуу бүх талаас нь шалгасан. Ийм үндэслэлгүй зүйл яригдаагүй. Энэ худлаа зүйл.
Нөхцөл байдлыг хархаар хоёр талын ашиг сонирхол байгаа юм шиг мэдрэмж төрж байна. Эрдэнэс Тавантолгойг тойрсон хэсэг хүмүүс тендер аваад, хөрс хуулалт дээр компаниа оруулаад нөгөө талд нь төмөр зам бариад л, оптикоор нүүрс аваад л. Энэ хоёр бүлэглэл хоорондоо тэмцээд байгаа юм биш үү?
Хэн хэний тэмцэл гэж ярихаас илүү нүүрсний хулгайг шийдээгүй байгаа. Нүүрсний хулгай илрээгүй. Үүний цаана нэр бүхий улстөрчид байгаа. Илрэх нь цаг хугацааны асуудал. Хуулийн байгууллага эргэлзээтэй бүхнийг шүүх дэнсэл гээд өгсөн. Хонгил гэж сонссон. Яг бодит байдал дээр нүдээрээ хараад үнэндээ гайхсан. Асуудлыг яаж машиндаж шийдэж байгаа байдал. Л.Оюун-Эрдэнэ нэг сая доллартой холбоотой ярихдаа нэг зүйл ам алдсан. Хавтаст хэргээс байхгүй болсон гэж хэлсэн. Л.Оюун-Эрдэнэ өөрөө нүүрсний хэрэгт намайг захиалсан гэдэг нь харагдаж байгаа. Хоёрдугаар хавтаст хэргээс материал алга болно гэдэг хэцүү. Хавтас хэргийг зохиодог хүн хонгилын түлхүүрийг атгачихсан байдаг. Үүнээс гадна хэзээ ч хавтаст хэрэг ярьдаг Ерөнхий сайд Монгол Улсын түүхэнд байгаагүй. Л.Оюун-Эрдэнэ чөлөөтэй хууль шүүхийн ажилд хөндлөнгөөс оролцдог байсан. Үүнийг олох хүн ярина. Цаг нь болохоор хууль шүүхийнхэн өөрсдөө ярина.
Миний асуудлыг шийдсэн шүүгчид гомдолтой байдаг. 20 гаруй өмгөөлөгч харж байгаа. Прокурор залуу хүртэл манай өмгөөлөгчтэй уулзаад шүүхийг ингэж шийднэ гэж бодоогүй гэж хэлсэн. Хоёр шинжээчийн дүгнэлт хууль бус гэдгийг мэдэж байсан. Хурлын дараа шүүх ингэж шийднэ гэж бодоогүй гээд харамслаа илэрхийлж байсан.
Прокурор уу. Таныг яллаж байгаа улсын яллагч уу?
Тийм. Тэгэхээр тэр хүн бас дарамттай ажиллаж байсан байх нь. Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө зөвтгөхийн тулд Т.Аюурсайхан ийм болцон. Мөрдөгч залуу надад “Т.Аюурсайхан танд овойж оцойсон хөрөнгө байхгүй. Таны хөрөнгө байдаг л хөрөнгө шүү” гэж хэлж байсан. Л.Оюун-Эрдэнийн бүлэглэл шүүх дээр байгаа гэж бодож байна. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны ерөнхий шүүгч н.Халиун гэж хүн энэ үйл явдалд оролцсон. Энэ хүн намайг шүүсэн. Энэ хүн шүүх гэж байгаа гэдгийг мэдчихсэн байсан.
Таны ярьж байгаа баримтууд хэрэг хэрхэн шийдсэн зүйл бол хууль, шүүхийн системийг бүхэлд нь эргэж харах шаардлага болчихжээ?
Болсон биш болоод удаж байна. Бид нар засаад, өөрчлөөд байна гэж боддог. Үндсэн хуулийн 2019 оны өөрчлөлт шүүхийн сахилгын хороо байгуулах саналыг гаргасан хүмүүсийн нэг нь би.
Та зураг тавиад пост хийсэн. Б.Баатар найруулагч, Л.Оюун-Эрдэнэ тэгээд та. Энэ зургийг ямар учиртай тавьсан бэ?
Энэ сэдэв рүү орохын тулд хоёулаа 1-2 нэвтрүүлэг хийх шаардлагатай болох байх. Үүний цаана том эрх ашгийн бүлэглэл байгаа.
Хоёр нэвтрүүлгийн түвшний тийм урт зүйл ярих юм уу?
Энэ нэвтрүүлгээр би ямар нэгэн асуудлыг тарамдаасай гэж хүсэхгүй байна. Таныг нэвтрүүлэг дээр гаргасан өнцөгтэй би санал нийлж байгаа. Би өөрийгөө төгс хүн гэж хэлэхгүй. Надад алдаа оноо байж болно. Миний сэтгэл зүтгэл улсынхаа төлөө ард иргэдийн төлөө хоёргүй сэтгэлээр ажилласан. 2000 онд 25 настайдаа гадаадад сургууль төгсөж ирээд үйлдвэр байгуулаад, бизнес хийгээд эхэлсэн энэ бүх хугацааны өмч хөрөнгийг шалгасан. Би бүх зүйлээ шалгуулсан. Ийм гүн гүнзгий өмч хөрөнгөө шалгуулсан улс төрч Монгол Улсын түүхэнд байхгүй гэдэг итгэлтэй байна. Энэ хугацаанд олон зүйл хийсэн. Миний өмч хөрөнгө бол хулгай, луйвраар боссон зүйл биш. Хөдөлмөрийнхөө үр дүнд босгосон өмч хөрөнгө. Гишүүн болохоос өмнө өмч хөрөнгөтэй байсан гэдгээ нотолсон.
Ардын нам дотор байгаа томоохон бүлэглэл байгаа би илчилнэ гэдгийг та пост дээрээ бичсэн. Таныг буруутгаж ялласан зүйлийн ард гэмт хэргүүдийг нь илчилнэ гэж эмээсэн Ардын намын томоохон бүлэглэл гэж та бичсэн. Энэ ямар гэмт хэргүүдийг илчлэх гээд, ямар бүлэглэл юм бэ. Таны үгийг сонсохоор нээрэн Т.Аюурсайхан, Б.Ганхуяг гэдэг хүмүүсийг маш хурдтайгаар юм яриулахгүйгээр тийш нь аваачсан юм биш биз дээ гэсэн. Буруу зөрүү бүх юм нь байгаа бол бүх юмаа хэлэхэд хохирчих гээд байгаа хэсэг байгаа юм болов уу. Үүнийг танаас асуухыг хүсэж байна?
Бүлэглэл гэдгийг бодит жишээ, факттай ярилаа. Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар нарын бизнес том бүлэглэл гээд ярилаа. Үүний цаана нүүрсний хулгай гэж юуг ойлгоод байгааг би өөрийн мэдэх хэмжээнд хэллээ. Улсын төсвөөс хоёр дахин их мөнгийг завшаад хулгайлаад сууж байгаа том бүлэглэл мөн биз дээ.
Намаа сайжруулъя шинэчилье. Улс төрд гарч ирээд МАНАН, Мафийг тараая гэдэг ч юмуу. Энэ зүйл өнөөдөр улам илүү уруудан доройтож байгаа юм биш үү. Одоо яах вэ?
Цаг хугацааны асуудал. Би тэгж бодож байна. Ард түмний тэсвэр тэвчээр хязгаартай гэж боддог, итгэдэг. Л.Оюун-Эрдэнэ хамгийн удаан Ерөнхий сайд байсан. Эдийн засгаа яаж босгосон билээ, бодит орлого ямар байна, бизнес ямар байна. Намайг 461 дүгээр хорих ангид байхад тэнд зөндөө олон бизнес эрхлэгч байсан. Бизнес хийдэг хүмүүсийг дарамталдаг, цоллодог, баздаг. Дайсан зохиодог. Дуугарсан болгоныг худалдаж авдаг. Худалдаж авч чадаагүйгээ хууль шүүхээр залхаадаг. Ийм их баялагтай улс орон гэхэд дэндүү харамсалтай удирдаж байна шүү дээ.
2022 оны 12 сард болсон нүүрсний жагсаалыг иргэд бухимдаад гарч ирж байна гэж харсан. Олон зүйл яригдсан. Гэвч танай Ардын намын тухайн үеийн дарга өөр лүүгээ жагсаасан гэдгийг сонсоод итгэхэд бэрх байна. Тухайн үед таныг энэ жагсаалыг зохион байгуулсан, мөнгө тараасан Б.Ганхуяг гэдэг хүнийг Оюутны сүлжээгээ ашиглаад Эрдэнэс Тавантолгойн мөнгийг тараасан гэж ярьж байсан?
Тэр үед ажлын шугамаар Сингапур явах байсан. Жагсаалын зар хараад Л.Оюун-Эрдэнэд би хэлж байсан. Жагсаал цуглаан болох гээд байна. Би үлдэх үү яах уу гээд. Намайг яваад ир гэсэн. Гэтэл намайг буудлаасаа ч гараагүй алсаас жагсаал цуглааныг зохион байгуулсан гэж ярьсан. Т.Аюурсайхан Л.Оюун-Эрдэнийг буулгаад өөрөө Ерөнхий сайд болох санаатай байсан гэдэг хардлага түүнд байсан. Тэгээд намайг энэ асуудлаар шалгуулсан. Жагсаал цуглаан зохион байгуулсан гээд Тагнуулын байгууллага шалгаад огт холбогдолгүй гэдгийг тогтоосон. Тэгээд би Л.Оюун-Эрдэнэ дээр очоод “Би өөрийн чинь эсрэг жагсаал цуглаан хийгээгүй шүү. Тагнуулын байгууллага ажиллаад тогтоосон шүү” гээд очсон чинь царай нь хувираад албан бичиг хийж өгсөн гэж үү гээд олон дахин асуугаад байсан. Жагсаал цуглаан их асуудалтай болсон. Л.Оюун-Эрдэнэ өөрөө “Смарт Эко Транс” ХХК-ийн асуудлыг өөрийнхөө гарын үсгээр, тендергүйгээр цаана нь 34 их наядын орлого яригдаж байгаа.
“Смарт Эко Транс” ХХК хоёр жилийн дотор 94 тэрбумын ашиг олсон гэж хэлж байсан?
94 тэрбумын ашиг гэдэг чинь зөвхөн тэр 19 км авто зам дээр явж байгаа машинаас 100 мянган төгрөг хураасан. Гэтэл түүний цаана хилийн зурвас дээр асуудал байсаар байгаа. Жагсаал цуглааны асуудал “Смарт Эко Транс” ХХК-тай холбоотой өөрийнхөө гарын үсэгтэй шийдвэрээ жагсаалаас өмнө нууцын зэрэглэлтэй гаргачихсан. Өөрийнхөө хулгайг займчуулж, нүүрсний хулгайг өөр хүн рүү чихэж, замд нь хөндөлссөн Б.Ганхуягийг зайлуулах гэж, луйврынх нь зах зухыг мэдээд өөрийнх өмнөөс эсэргүүцдэг хүн би байсан.
Нэвтрүүлгийн бараг сүүлийн асуулт байх шиг байна. 2019 онд зөрчилдөөд “Оюу Толгой” дээр том асуудал үүссэн байна. Дараа нь Үндсэн хууль дээр. Яагаад ингээд хамт явалгүй наана нь илэрхийлж хэлж ярьдаггүй байсан юм. Тэр үед ярьж чаддаггүй байсан шалтгаан нь юу вэ?
Би УИХ, Засгийн газар, бүлгийн хурал, бусад нам доторх асуудал дээр Л.Оюун-Эрдэнийг шүүмжилдэг байсан. Хэвлэл дээр би тэр болгон яриад байдаг хүн биш. Би хэвлэлийн ярилцлагад тун тоотой орсон. Ярих ёстой газар нь ярьдаг байсан.
Хоригдож байсан газраас гарч ирээд сар шахуу болж байна. Намынхантайгаа уулзсан уу. Хүмүүс хэр их өөрчлөгдсөн байна?
Одоохондоо уулзаагүй байна. Уулзах хүсэл байна. Хамт УИХ гишүүн байсан хүмүүс ярьсан. Намайг суллагдсаны маргааш намын баяр болсон. Олон хүмүүс ярьсан талархалтай байгаа. Намайг хоригдож байх хугацаанд янз бүрийн улс төрч ирж байгаагүй. Гэхдээ очих юмсан, мэнд ус дамжуулаарай, дэмжиж байгаа шүү гэж олон хүмүүс хэлсэнд талархаж байгаагаа хэлэх ёстой байх.
Бортээгийн орд гээд нэг асуудал яригддаг. Энэ дээр юу болсон талаар мэдээллүүд харсан байх?
Би Бортээгтэй холбоотой мэдээлэл байхгүй байна.
Та үзүүлсэн зурган дээр удаан ярилцах асуудал байна гэж хэлсэн. Хэзээ ч хамаагүй бодитой мэдээлэл өгнө гэвэл ярилцах урилга нээлттэй байгаа гэдгийг хэлье. Тодорхой хэмжээний зориг гаргаад асуудлуудыг яриад олон нийтийн хэлэлцүүлэгт оруулсанд баярлалаа.
За баярлалаа.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!