АМРАХ АГШИН: Хаврын олон ааш

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 52 секунд

Нарлаг дулаан өдрүүд эхэлж хүн бүрийн сэтгэлд догдлол, баяр мэдрэгдэж байгаа байх. Хуйсгануур салхи шиг хаа сайгүй дэгдмээр, хэзээ ч хамаагүй бүрхэх тэнгэр шиг гэнэт л уйлмаар, инээмээр, уурламаар сонин үе энэ үеэр давхацдаг.

Энэ бүхэнтэй зэрэгцээд эрүүл, галзуу нь мэдэгдэхгүй олон үйлдэл үй түмэн хүнтэй хотын гудамжинд ганц нэгээр бус тохиолдох нь элбэг. Хаа ч явсан алхаж явах дуртай надад бол хавь ойроо ажиглаад, хүмүүсийн яриа, хүүхдүүдийн хөөрөө, хотын гудамжны хөдөлгөөнийг мэдрээд алхах сайхан байдаг юм.

Ойрд хүмүүсийн "Хаврын синдром" эхэлж байгаа бололтой. Нэгэн орой найзтайгаа жүжиг үзээд гадаа сэвэлзүүр салхитай, дулаахан байсан тул жаахан алхахаар шийдэж, Зайсангийн гүүр хүрэх санаатай алхаж байтал согтуу галзуу нь үл мэдэгдэх нөхөр орилж хашхичин хамаг хувцсаа ярж ойртоод ирэх нь тэр. Би ч бушуухан холдох гэж найзыгаа дугтран гараас нь сугадаж аваад хажуу тийш хөдлөх гэтэл утсаар ярингаа чанга инээх манай найз хөдөлсөнгүй. Өнөөх нөхөр инээдэд нь улам баясаж ирээд л орилов. Би ч хар хурдаараа найзыгаа чирээд томхон томхон алхсаар, утсаар ярьж дуусахыг нь хүлээнгээ амьсгаадан хурдаллаа. Өнөөх маань ч тоож байгаа шинж алга. Утсаар ярьсаар нөгөө нөхрөөс нэлээд холдсоны дараа сая нэг утсаа тасалж "Яаж байгаа юм бэ, чи. Хувцсаа тайлсан бол бичлэг хийж аваад постлох байсан шүү дээ" гэхэд нь нүд орой дээрээ гарахаа шахаж "Тэр муухай юмны хамаг юмыг хараад, хувцсаа тайлахыг нь хүлээгээд зогсох байсан юм уу" гэхэд "Тэрийг нь хүлээгээд байсан юм" гэж жишим ч үгүй хариулахад нь анх удаа найзыгаа эрүүл эсэхэд нь эргэлзэж үзлээ. "За даа би ч эрүүл бус хүнтэй найзлаад яваа юм даг уу даа" гэж эргэлзсэн аясаар хэлэхэд "Миний найзаа би чинь цоо эрүүл биш шүү дээ" хэмээн хачин чангаар цуурайттал инээв. Энэ үйлдлээс нь ч би жийрхэв. За хоёулаа бушуухан харья гэсээр замаа хурдлуулав.

Өглөө эртийн наранд үй олон бодолд дарагдан өнөөдөр хийх ажлаа төлөвлөөд алхах ч хаяадаа бас хаанаас ч эрээд олохгүй хачин сайхан мэдрэмж гэлтэй. Бодлыг тас татаж хажуугаар уртаа саарал пальтотой үсээ задгай тавьж, чихэвч зүүж чангаар дуулсан охин хажуугаар зөрөв. Өөрийн эрхгүй бодол сарниж өнөөх охин руу анхаарал төвлөрөв. Ойр хавьд яваа хүмүүс ч түүний рүү харц нь хагас эргээстэй. Чангаар дуулах нь монгол дуу л лав биш. Зүгээр ч үгүй бас бүжиглэнэ. Залуу насны эрч хүч үү, жаахан юмтай юм болов уу, үгүй СУИС-ийн оюутан юм болов уу гээд л юун нөгөө төлөвлөгөө, тэр охины үйлдлийг таах гэсэн олон бодол толгойд хөврөв. Охин ч эргэн тойрныхныхоо анхаарлыг татаж байгаагаа үл анзааран дуулж, бүжсэн хэвээр хажуугаар өнгөрөх жаахан хүүгийн хацрыг долоовор, дунд хуруугаараа аажуухан чимхээд нүдээрээ инээж, дуугаа дуулсаар зөрлөө. Нөгөөх хүү эргэж хараастай. Хөтөлж яваа ах нь болов уу өсвөр насны хүү эргэн харж эргэлзэн мөрөө хавчаад өөд өөдөөсөө нүдээ томруулан бүртийв. Дөрвөн замын уулзвар дээр гэрэл солигдохыг хүлээж хэсэг зогсох зуур нөгөөх охин ч гэрлэн дохион дээр байгаа бүх хүний анхааралд өртөнө. Бүр бүжиж ирээд таазаараа түлхэх гэхэд өнөөх хүмүүс нь холдож, гайхсан харцаар ширтэнэ. Охин ч ёстой тоож байгаа шинж алга. Дуулсаар л... Гэрлэн дохио солигдож бүгд тал тал тийш тарж, хүмүүс ч өнөөх охиныг эргэн эргэн харсаар далд орцгоолоо.

Гудамжинд өрнөх энэ мэт үйлдлүүдийг тоочоод дуусахгүй. Гэтэл "сошиал гудамжинд" бас л олон өнгө аяс орчныг эргэлзүүлнэ шүү дээ. Сонин сонин үйлдэл хийсэн бичлэгээ цахим орчинд нийтэлж, хандалт авах гэдэг хүмүүс хаа сайгүй болжээ. Зарим нэгнийх нь үйлдлийг хараад өмнөөс нь ичиж, хаврын синдромын эд үед утсаа холхон байлгах олон хүн манай цахим орчинд байна, байна. Одоо тэгээд хувь хүнийг хаягийг яалтай билээ.

"Жаахан дулаан үзээд дотуур өмдөө тайлчихсан. Пальтондоо орчихсон байгаа биз дээ" гэсээр танил минь угтав. "Та нарын насныхан дотуур өмдөө тайлах болсон юм уу" гэж би маазарна. Хөнгөн яриа өрнөөд хоёр тийш салан одлоо. Маргааш нь өнөөх танил залгаж байна. "Чамд хамаг юмаа тайлаад нимгэлсэн гэж саймширсан биш өчигдөр оройжин нус гоожоод, өнөө өглөөнөөс хоолой сэрвэгнээд нэг л биш ээ. Ханиад хүрч байгаа бололтой" гэнгээ ганц нэг ханиах нь тэр. "Би чамд нас чинь болоогүй гэж хэлээ биз дээ" гэж би тоглоом хийх аядахад "хүний зовлонгоор тоглоом хийлээ" гэж уурлаад утсаа таслав. Эргээд залгасан авдаггүй. Энэ хүн ч гомдсон бололтой гээд орхив. Хүмүүсийн зан хавар руугаа сэвэлзээд, миний бодол өвөлдөө гацаад "үзээтэй" ч хавар болох нь дээ.

Ай манайхны хаврын синдром ч дөнгөж л эхэлж л байна л даа...

Нийслэлийн АН-ын даргаас УИХ-ын гишүүн Ө.Шижир нэрээ татаж, Б.Ган-Очир ганцаараа нэр дэвшиж байна
Нийслэлийн АН-ын даргаас УИХ-ын гишүүн Ө.Шижир нэрээ татаж, Б.Ган-Очир ганцаараа нэр дэвшиж байна
 
Хоёр хуваагдсан ИЗНН ирэх сарын 26-нд ээлжит бус Их хурлаа товлолоо
Хоёр хуваагдсан ИЗНН ирэх сарын 26-нд ээлжит бус Их хурлаа товлолоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!