
“Донна филм”-ийн үүсгэн байгуулагч жүжигчин Б. Одончимэг 2 дахь бие даасан уран бүтээлийнхээ гол дүр болон продюсерээр ажиллаж байна.
Энэ удаагийн уран бүтээл нь тайзны уран бүтээл аж. Тэрбээр 2020 онд “Донна фильм”-ийн “Солонго үүл” дэлгэцийн бүтээлд анх удаа продюсер хийж, гол дүрд тоглосон туршлагатай.
Харин энэ удаа тайзны уран бүтээлд дахин продюсер болон гол дүрийг бүтээж байна.
Шинэ уран бүтээл болох “Намайг дагуулаад яваач”жүжгийг А.Володины “Таван үдэш” зохиолоос сэдэвлэсэн бөгөөд энэхүү жүжгийн санааг жүжгийн туслах найруулагч болох Зоя- ын дүр дээр ажиллаж буй Т.Дашсурмаа ОХУ-ын ВГИК-т суралцаж төгсөж энэхүү зохиолыг санал болгон хамтдаа орчуулан, уншиж байхдаа шимтэн дурлаж гүн сэтгэгдэл төрснөөр уг бүтээлийг бодит болгохоор зориглосон байна.
Энэхүү жүжиг нь олон жилийн дараа дахин уулзсан эрэгтэй, эмэгтэй хоёрын хооронд өрнөх сэтгэлзүйн драм юм. Тэд таван үдшийн дотор цаг хугацаанд дарагдсан дурсамж, ганцаардал, хүний дотоод айдас, эргэлзээ, өнгөрсөн амьдрал, хэлж амжаагүй үгс, хоцорсон хайрын тухай нүүр тулан ярилцана. “Өнгөрснөө хүлээн зөвшөөрөх үү, эсвэл дахин алдах уу” гэдэг асуулт гол дүрүүдийн өмнө ирнэ.
Түүнчлэн уг жүжгийг орос найруулагч найруулж буй нь тайзны тавилт, уран сайхны шийдлийн хувьд илүү өвөрмөц өнгө аяс бүрдүүлж, үзэгчдэд шинэ мэдрэмж өгөх хүлээлтийг үүсгээд байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!