Б.Энхтүвшин: Бид шатахуун үйлдвэрлэгч бус хэрэглэгч орон учраас иргэд хэрэглээндээ анхаарвал эдийн засагт ч нэмэр болно

Ангилал
Улс төр Эдийн засаг Ярилцлага
Огноо
Унших
5 минут 25 секунд

Ойрх Дорнодод үүсээд буй мөргөлдөөнтэй холбогдуулан дэлхийн эдийн засгийн байдал муудаж, газрын тосны үнэ нэмэгдэж эхэлсэн. Энэ байдал Монгол Улсыг ч хамрах нь тодорхой болсон тул салбарын яамд арга хэмжээ авч ажиллахаар болоод буй. Тэгвэл шатахууны үнэ, нийлүүлэлт зэрэг цаг үеийн асуудлаар АҮЭБ-ийн дэд сайд Б.Энхтүвшинтэй ярилцлаа.

-Дэлхийн зах зээл дээрх нөхцөл байдлаас шалтгаалж, Монгол Улсад АИ-92-оос бусад шатахууны үнэ нэмэгдэх нь тодорхой болж байна. Үнийг хэрхэн нэмэгдүүлэх вэ. ААН-үүдээс ямар санал ирсэн бол?

-Сүүлийн 10 хоногийн байдлаар ААН-үүд үнийн комиссоо хуралдуулахыг шаардаж байгаа. Бидний зүгээс нэгдүгээр сард АИ-95, дизель түлшний нөөцөө хангалттай бүрдүүлж чадсан. Өчигдөрхөн авсан мэдээллээр, 1380-аад вагон шатахуун ачаатай байна. Газрын тосны бүтээгдэхүүний үнэ өдөр өдрөөр хэлбэлзэж байгаа. Өчигдөр л гэхэд 98 ам.доллар байсан бол 107 ам.долларт хүрээд байна. ОХУ-аас үнийн мэдээллээ ирүүлсний дараа бид шатахууны үнэ хэдэн төгрөгөөр нэмэгдэх тооцооллоо гаргана.

-Шатахууны үнийн нэмэгдэл хэдий хүртэл үргэлжлэх тооцоолол байгаа вэ?

-Ер нь Иран, Израйл, АНУ-ын мөргөлдөөн нефтийн бүтээгдэхүүний үнэд маш их дарамт үүсгэж байна. Одоо ирэх шатахууны үнэ хэрхэн нэмэгдэхээс шалтгаалаад дөрөвдүгээр сард нефтийн бүтээгдэхүүн, тэр тусмаа дизель түлшний үнэ хэдэн төгрөгөөр нэмэгдэхийг шийднэ.

-Өмнө нь ОХУ-д үүссэн мөргөлдөөнтэй холбоотойгоор өнгөрсөн өвөл Монголд шатахууны нийлүүлэлт тасалдсан. Энэ удаад нийлүүлэлт тасрахгүй гэсэн баталгаа байна уу?

-ОХУ-ын Эрчим хүч, Экологийн сайдад энэ сарын дундуур албан тоот илгээсэн. Монгол Улсыг шатахууны нийлүүлэлтээр бүрэн хангана гэдгээ илэрхийлээд байгаа. Ойрын 3-4 сарын хугацаанд нийлүүлэлт хангалттай, тогтвортой байна гэсэн хүлээлттэй байна. Гэхдээ бүх зүйл дайны нөхцөл байдлаас шалтгаална.

-Шатахууны нөөцөө хангалттай бүрдүүлэхийн тулд агуулах саваа бий болгох шаардлагатайг та бүхэн ярьж байгаа. Энэ ажлын явц ямар байгаа вэ?

-2025 оны арванхоёрдугаар сард нефтийн бүтээгдэхүүнийг хадгалах чиглэлээр хууль батлагдсан. Энэ хуулийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Бүтээн байгуулалтын улирал ирэх сарын 15-нд эхэлнэ. Одоогийн байдлаар 22 компани шатахууны агуулах сав барих саналаа ирүүлээд байна. Монгол Улсын Засгийн газраас 2026 оны төсөвт 20 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн хөнгөлөлтийг тусгасан. Нийт 280 орчим тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх боломж гэж харж байгаа.

Мөн энэ онд багтаад 150 мянган м.куб агуулах сав барих боломжтой гэсэн тооцооллыг хийж байна. Сав барих компаниудын саналыг авч дууссан бөгөөд энэ долоо хоногт багтаад Монголбанкнаас арилжааны банкуудад саналаа хүргүүлнэ. Үүнээс цааш бүтээн байгуулалтын улирал эхлэхээр ажил эхэлж, энэ онд багтаад ашиглалтад орно.

-Газрын тос боловсруулах үйлдвэрийг барих 6000 ажилтныг Энэтхэгээс оруулж ирнэ-

-Бид шатахуунаа 100 хувь гаднаас импортолж байна. Бусдаас хараат байдлаа тодорхой хэмжээнд шийдвэрлэх боломж нь Газрын тос боловсруулах үйлдвэр. Энэ үйлдвэрийн барилгын ажил хэр үргэлжилж байгаа вэ. Хугацаандаа ашиглалтад орох уу?

-Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна. Бүтээн байгуулалтын улирал эхлэхээр Энэтхэг Улсаас 6000 гаруй ажиллах хүч оруулж ирэхээр бэлтгэж байгаа. Санхүүжилтийг Сангийн яам зэрэг холбогдох байгууллагуудтай ярилцаад шийдвэрлэсэн. Барилгын ажлын явцыг энэ ондоо багтаад 70 хувьд хүргэх боломжтой гэсэн тооцооллыг бидэнд ирүүлсэн. Тус үйлдвэрийг 2028 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулна гэж тооцоолж байгаа.

-Ганц Монгол Улс гэхгүйгээр дэлхийн нийтээр шатахууны асуудал тулгамдаж буй энэ үед төр, засгаас гадна иргэд хэрхэн дэмжлэг үзүүлэх ёстой юм бэ?

-2025 оны жилийн эцсийн байдлаар 6 тэрбум ам.доллар орчим валютын үлдэгдэлтэй байсан. Үүний 2.1 тэрбум ам.долларыг нефтийн бүтээгдэхүүнд зарцуулж байна. Өөрөөр хэлбэл, бидний бүтэн жил цуглуулсан ам.долларын 1/3-ийг нефтийн бүтээгдэхүүнд зарцуулж байна гэсэн үг.

Өнөөдрийн байдлаар Зүүн Азийн орнууд шокийн байдалтай байна. Бид өөрсдөө үйлдвэрлэдэг улс биш хэрэглэгч улс учраас иргэд маань эх оронч үзэл гаргаад хэрэглээндээ анхаарвал тодорхой хэмнэлт үзүүлээд зогсохгүй эдийн засагт ч нэмэр болно гэж харж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөл байгуулагдлаа
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөл байгуулагдлаа
 
“Эрдэнэс Тавантолгой“-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг өнөөдөр суллагдана
“Эрдэнэс Тавантолгой“-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг өнөөдөр суллагдана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!