Он солигдох мөчид Монгол Улсын төрийн тэргүүн мэндчилгээ дэвшүүлдэг уламжлал тогтоод хэдэн арван жилийг үдэж байна. Ард иргэд Улсынхаа Ерөнхийлөгчийн мэндчилгээг сонсоод оргилуун дарсаа задалдаг уламжлалтай. Тэгвэл өнгөрөгч 2020 оныг үдэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үг болон УИХ-ын дарга, Ерөнхий сайдын мэндчилгээний агуулгыг товчлон танд хүргэж байна.
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ҮГ ХҮЛЭЭЛТЭД ХҮРСЭНГҮЙ
2020 оныг угтаж нэг жилийн өмнө хэлж байсан үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүх ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гаргаснаа зарласан нь жинхэнэ сюрприз болсон. Тэгвэл өчигдөр \2020.12.31\ Монгол Улсын Ерөнхийлөгч дахиад гэнэтийн бэлэг барина гэсэн хүлээлт их байлаа. Сошиал сүлжээнд цалингийн зээл тэглэнэ гэсэн цуурхал ч гараад амжсан. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч 2020 оныг цар тахалтай тэмцсэн амаргүй жил байсныг онцлоод хууль хүчний байгууллагууд олигархуудын оффшор дансыг илрүүлж, албан тушаалын хэрэгт хариуцлага тооцсоор байгааг онцлов. Гэхдээ өөртэй нь холбоотой оффшорын талаар тайлбар өгсөнгүй. Мөн цар тахлын амаргүй цаг үед Монгол Улсын Засгийн газраас айл өрх бүрт 1.0 сая төгрөгийн тусламж үзүүлэх уриалга гаргаж байгаагаа дахин дурдав.
САЙН ЧАНАРЫН ВАКЦИН ОЛЖ ИРЭХ НЬ ЗАСГИЙН АНХААРЛЫН ТӨВД БАЙНА
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн л цар тахалтай тэмцсэн амаргүй жил байсныг онцлоод өнгөрөгч онд хийж хэрэгжүүлсэн гол ажлуудаа дурдлаа. Тухайлбал гадаад улсуудаас 28.0 мянга орчим иргэнээ тусгай үүргийн нислэгээр авчирсан, цар тахалд өртсөн 788 иргэнээ эмчилж эрүүл болгосон Монгол Улсын Засгийн газраас айл өрхүүдийн дулаан, цахилгаан, хог, усны төлбөрийг 2021 оны 7-р сарын 1 хүртэл чөлөөлсөн, аж ахуй нэгжүүдийн нийгмийн даатгал, татварыг хөнгөлсөн зэрэг чухал арга хэмжээ авснаа онцоллоо. Мөн шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулсан ба энэ бүхэн Монголын ард түмэн байгалийн баялагтаа эзэн болж эхэлсний үр шимээр хийгдэж байгаа ажил гэв. Засгийн газар Эрдэнэт, Монголросцветмент, багануур, бор өндөр, ноён уул, асгат, салхит, гутайн даваа, тост тосон бумба, хармагтайн алдагдсан ордуудаа төрийн мэдэлд эргүүлж авсныг онцоллоо.
Цар тахалтай тэмцэж байгаа эмч сувилагч, тусгай үүрэгтэй албан хаагчиддаа талархаж байгаагаа илэрхийлээд 2021 онд сайн чанарын вакциныг түргэн хугацаанд эх орондоо оруулж ирэх нь Монгол Улсын Засгийн газрын онцгой анхааралд байна гэв. Мөн ардын хувьсгалын 100 жилийн ойгоо тэмдэглэж шинэ хөгжил дэвшлийн эринийг эхлүүлнэ гэжээ.
Г.ЗАНДАНШАТАР: ЭРХ ЗҮЙН ХУВЬСГАЛЫН ЖИЛ БАЙХ БОЛНО
УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрөгч оны отгон чуулганыг хааж ард түмэндээ хэлсэн мэндчилгээндээ цар тахалтай тэмцсэн амаргүй жил байсныг мөн онцоллоо. Тэрбээр 2020 онд Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 20 жилийн ой тохиосон бол ирэх жил ардын хувьсгалын 100 жилийн ой тохионо гээд шинэ үндсэн хуулийн хүрээнд хийгдэх эрх зүйн хувьсгалын ажлууд хүлээж байгааг онцлов. Үүнд:
- Хууль засагласан, эрүүл нийгэм шударга ёс сахилга хариуцлагыг эрхэмлэж, иргэнээ дээдэлсэн төрийг төлөвшүүлэх Эрх зүйн хувьсгал
- Өсөлтийн үр шим нь өрх иргэн бүхэндээ хүрсэн дундаж давхарга зонхилсон ядууралгүй экспорт эрчимжсэн тогтвортой хөгжлийн өөрийгөө тэтгэх бүрэн чадавхтай улс болох Эдийн засгийн тогтолцооны хувьсгал
- Эрдэм авьяастай, эрүүл чийрэг хүнлэг ёс суртахуунтай дэлхийн түвшний монгол хүнийг төлөвшүүлж авлигагүй амар тайван нийгмийг цогцлоон бүтээх Нийгмийн хувьсгал зэргийг дурдав
Эрх зүйн хувьсгал хийх хүрээнд 40 гаруй томоохон хууль, дагалдах 400 гаруй хуульд өөрчлөлт оруулах ёстой. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батална. УИХ-ын чуулганаар бид эдийн засгийг дэмжих 2 их наяд төгрөгийн хөтөлбөр цар тахлын дараах эдийн засгийг дэмжих чухал шийдвэрүүдийг гаргахаар өргөн барилаа. Эрсдэлт энэ нөхцөл энэ хэвээрээ байхгүй гэжээ.