Хаврын чуулган өнгөрсөн долоо хоногт эхэлсэн цагаасаа хойш гацав. Шалтгаан нь АН-ынхны “УИХ-ын даргаар аль нэг намын дарга ажиллаж болохгүй” гэдэг шаардлагаас үүдэлтэй. Үүнээс улбаалж өнгөрсөн долоо хоногт чуулганд танилцуулагдах ёстой байсан хоёр ч сайдын томилгоо хойшлов. Чуулган хоёр ч удаа хуралдахаар оролдсон ч ирц хүрсэнгүй.
Сонирхолтой нь Ардчилсан намын 42 гишүүн хуралдаа суухгүй байсан ч Ардын намын 68 гишүүн дангаараа ирцээ бүрдүүлээд чуулганыг хуралдуулах боломжтой. Гэвч өнгөрсөн хавраас хойш хуваагдсан Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын талын “30-ийн” бүлгийнхэн чуулганд орсонгүй. Өөрөөр хэлбэл, Ардын нам дотооддоо асуудлаа шийдэж чадахгүй өнөөдрийг хүрлээ.
Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт МАН-ын удирдлагууд, хуучин дарга нар уулзсан ч асуудлыг шийдэж чадаагүй. Сүүлд Ерөнхийлөгчийг баруун аймгууд руу гарахаас өмнө дахин Их тэнгэрт цуглаж ярьсан ч шийдэлд хүрсэн эсэх нь эргэлзээтэй үлдэв. Үүний ар дээр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хэвлэлд “Намын дарга Н.Учрал Ерөнхий сайдаа ав. Үгүй бол Г.Занданшатарыг Бага хурлаа хуралдуулж намын дарга болгох хэрэгтэй” гэсэн байр суурийг илэрхийлэв. Энэ байр суурь бол “30-ийнхан” гэж нэрлэгдээд буй талын хатуу байр суурь. Хэрвээ чуулган энэ хэвээрээ хуралдаж чадахгүй бол УИХ-ын дарга Н.Учрал өөрөө хүнд байдалд орно. Байнгын ажиллагаатай парламентыг ийм байдлаар гацаагаад удвал УИХ легитим шинжээ алдана. Өөрөөр хэлбэл, нэг хүний эрх ашгаас болж парламент өөрөө муухай харагдаж болохгүй. Тиймээс МАН-ынхан энэ байдлаараа удвал хүссэн хүсээгүй Н.Учралыгаа Ерөнхий сайдаар тавих үйл явцыг дотооддоо өрнүүлэхээс өөр гарцгүй.
Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж буйгаар хэрвээ Н.Учрал тэргүүтэй Ардын намынхан дахиад гүрийвэл шууд УИХ-ын дарга Н.Учралыг огцруулах гарын үсэг цуглуулахаар бэлтгэж байна. Өөрөөр хэлбэл, АН-ын бүлгээс санаачилж Н.Учралыг гишүүдийн өргөн барьсан хуулийг хэлэлцүүлээгүй, гишүүдийнхээ шаардлагыг сонсоогүй гэх шалтгаанаар өнгөрсөн намар Д.Амарбаясгаланг огцруулсан шиг зүйл өрнөнө гэсэн үг.
Хэрэв байдал ийм дээрээ тулах юм бол УИХ-ын дарга Н.Учрал огцрох эрсдэлтэй. Яагаад гэвэл АН-ын 42 гишүүн дээр нэмэгдээд ИЗНН-ын төлөөллүүд, Үндэсний эвслийн дөрөв, ХҮН намаас гарсан Ж.Золжаргал болон МАН доторх гомдогсод гарын үсэг зурвал 64 гишүүний гарын үсэг хүрэх магадлал нь илүү өндөр. Байдал ийм дээрээ тулбал Н.Учрал зөвхөн намын даргын статустайгаа үлдэх бөгөөд МАН-д асар их хохиролтой юм.
Тиймээс МАН-ынхан энэ долоо хоногт нэг бол эвлэрч АН-ыг тоглоомоос гаргах гэж үзэх. Эсвэл Бага хурлаа яаралтайгаар зарлан хуралдуулж Н.Учралыг Ерөнхий сайд Г.Занданшатарын оронд тавих. Цаашлаад УИХ-ын даргад хэнийг томилох тухайгаа Удирдах зөвлөл дээрээ ярих гарц үлдэж байна.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!