
ХСҮТ-ийн Хөхний төвийн эрхлэгч П.Батсүхтэй ярилцлаа.
-Монгол Улсад хөхний хавдрын өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Монгол Усад хөхний хортой хавдар эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдох хавдрын дөрөвдүгээрт, нийт зонхилон тохиолдох хавдрын зургаадугаарт эрэмбэлэгддэг. Нийт оношлогдож байгаа эмэгтэйчүүдийн 60 хувь орчим нь 2 болон 3 дугаар үе шатандаа оношлогдож байна. Насны тохиолдлын хувьд 45-49 насанд хамгийн их тохиолдож байгаа гэж үзэж болно. Тэгэхээр барууны орнуудтай харьцуулахад харьцангуй залуу тохиолдлууд өндөртэй байгаа юм. Тиймээс бид зайлшгүй эрт илрүүлж, оношлох, эмчилгээний түвшнийг олон улсын түвшинд хүргэж хэрэгжүүлэх хэрэгцээ байгаа.
-2-3 дугаар үе шатандаа ихэнх тохиолдлууд илэрч байна гэхээр эдгэх магадлал хэр өндөр байдаг вэ?
-Хөхний хортой хавдрыг 0-4 дүгээр үе шат гэж үзвэл 2, 3 дугаар үе шат зонхилон илэрч байгаа. Эрт илрүүлэг болон мэдээлэл сайн хөгжсөн, эрүүл мэндийн боловсрол сайн орнуудад ихэвчлэн нэгдүгээр үе шатандаа, хавдар нь 2 сантиметрээс жижиг байхад нь оношлогддог. Бидний хувьд сүүлийн жилүүдэд эрт илрүүлгийн оношлогоогоор илрүүлэх хандлага их байна. Одоо байгаа нөөц бололцоондоо суурилаад бид эрүүл мэндийн боловсрол болон эрт илрүүлгийнхээ чадамж, үр дүнтэй, чанартай байдлыг бий болгох зорилгоор өнгөрсөн ажлын туршлагууд дээрээ үндэслээд үндэсний хэмжээний зааврыг боловсруулан орон нутаг, дүүрэг анхан шатны нэгжүүдээс авхуулаад хөхний хорт хавдрыг хэрхэн эрт илрүүлэх вэ гэдэг шинэ зааврыг боловсруулаад явж байна.
-Шинэ заавар хэрэгжиж эхэлснээс хойш эрт илрүүлэх, оношлох тохиолдлууд ихсэж байна уу?
-Шинэ заавар хэрэгжиж эхэлснээс хойш нэлээд үр дүнтэй, илүү зорилтот бүлэгт чиглэсэн, мөн дүрс оношилгоонд суурилсан, боломжтой тохиолдолд ЭХО-д суурилсан, мамографид суурилсан эрт илрүүлэг хэдийд хийх вэ гэдгийг оруулж өгсөн. Үүнээс үүдээд үр дүнтэй, илрүүлгийн чанар сайжирч байна. Дээрээс нь эрүүл мэндийн боловсролын чанар сайжирч байгаа. Эмэгтэй хүн өөрийнхөө хөхний талаар хамгийн сайн мэдэж байдаг учраас хөхөө шалгах, хэдийд эрүүл мэндийн байгууллагад хандах заавар зөвлөмжийг мөн тусгаж өгсөн. Хэдийн чинээ эрт илрүүлж чадна төдий чиний эдгэх боломжтой.
-Хөхний хорт хавдар юунаас болж үүсээд байна вэ?
-Хөхний хавдар үүсэх шалтгаануудад хувь хүн өөрөө хянах боломжгүй буюу үнэмлэхүй эрсдэлтэй, мөн эрсдэлийг бууруулах боломжтой хувь хүн өөрөө хянах боломжтой гэсэн хоёр эрсдэлийг авч үздэг. Эхний шалтгаан буюу үнэмлэхүй эрсдэлд эмэгтэй хүн болж төрөх, нас нэмэх, хөгшрөх зэрэг нь үнэмлэхүй эрсдэл. Үүнийг хүн өөрөө хянах боломжгүй шүү дээ. Өндөр тохиолдолтой орнуудад 8 эмэгтэй тутмын нэг нь хөхний хавдраар өвчлөх магадлалтай гэж үздэг. Манай улсад 16 эмэгтэй тутмын нэг нь хөхний хорт хавдраар өвдөх магадлалтай гэж үздэг учраас эрт илрүүлгийг товлолт насанд хийхийг зөвлөдөг. Ер нь аль төрлийн хавдрыг хувь хүн өөрөө хянах боломжтой хавдраар өвдөх эрсдэлээ бууруулах зүйлс бий. Тэр нь алкахолны хэрэглээг бууруулах, дасгал хөдөлгөөн хийх. Дасгал хөдөлгөөний хомсдолоос үүдэн хавдраар өвдөх эрсдэл нэмэгдэж байдаг. Биеийн жингийн илүүдэл мөн хөхний хорт хавдраар өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэх маш энгийн гурван зөвлөмжийг өгдөг. Биеийн жингээ хэвийн байлгах, дасгал хөдөлгөөн хийх, хорт зуршлын хэмжээг бууруулах зөвлөмжийг өгдөг. Үүн дээр ачаалал, удамшлын шалтгаантай хавдар, хэт эрт биений юм ирэх, хожуу ирэх, дааврын эмийн зохисгүй хэрэглээ нөлөөлөх магадлалтай гэж үздэг.
-Нэгэнт хөхний хорт хавдар туссан бол ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Хамгийн энгийн шинж тэмдгүүдээс эхэлдэг. Манайхны дунд яригддаг хөхөнд маань нэг юм байна, бэрсүү зангилаа байна гэж ярьдаг. Гэхдээ өвддөггүй болохоор үзүүлдэггүй, эрүүл мэндийн байгууллагад ханддаггүй. Би түрүүн хэлсэн. Эмэгтэй хүн өөрийнхөө хөхийг өөрөө хамгийн сайн мэдэж байдаг. Ямар нэгэн өөрчлөлт гарвал мэдэж л байдаг. Илрэх шинж тэмдгийн хувьд хөхөнд ямар нэгэн бэрсүү зангилаа үүсэх эхний шинж тэмдэг байж болно. Хөхний товч, толгой татагдах, хөхний толгойноос шингэн цусархаг зүйл гарах, хөхний арьс татагдах, хонхойх, өөрчлөгдөх, хоёр хөх ижил биш болох зэрэг шинж тэмдгүүд анзаарагдвал мэргэжлийн байгууллагад хандаж үзүүлэхийг зөвлөдөг. Ихэнх тохиолдолд хөхний хорт хавдар ямар нэгэн үүсгүүр масс байлаа ч өвдөлтгүй байгаад байдаг. Өвдөлтгүй болохоор хүмүүс эрүүл мэндийн байгууллагад хандаад байдаггүй. Түүнээс болж хожуу оношлогдох, томорсон хойно нь мэдэх, ямар нэгэн байдлаар үсэрхийлсэн үед нь эрүүл мэндийн байгууллагад ханддаг. Хэрвээ таны хөхөнд өөрчлөгдсөн ямар нэгэн шинж тэмдэг мэдэгдэх л юм бол харьяа эрүүл мэндийн байгууллагад хандах шаардлагатай.
-ХСҮТ хөхний хорт хавдрын эмчилгээ оношилгоог сайжруулах, шинэ технологи нэвтрүүлэх ямар ажлууд хийж байна вэ?
-2021 оноос хойш бид Монголд эрхтэн хадгалах мэс засал буюу хөхний хорт хавдартай үед хөхийг нь авахгүйгээр мэс засал хийж, эрхтнийг нь хадгалах хувийг 11 дахин нэмэгдүүлсэн. Энэ жилийн статистик мэдээллээр 78 хувьтай болсон байна. Мөн хөхний хорт хавдрын тусламжийг нэмэгдүүлэхийн тулд эмнэлгийн тусламжаас гадна ХСҮТ дээр хөхний чиглэлээр, хөхний төрөлжсөн нарийн мэргэжлээр сургалтуудыг явуулж байна. Энд сурсан эмч нар маань цаашид өөрийн орон нутаг, анхан шатны эмнэлгийн байгууллагад хөхний чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. Эрт илрүүлгийн заавар зөвлөмжийг боловсруулж, мөн хавдрын эсрэг аянуудыг маш олон жил тогтвортой хийж ирсэн. -
Энэхүү өвчний шалтгаанаар яг өнөөдөр хэчнээн хүн ХСҮТ-д эмчлүүлж, хяналтад байгаа талаарх тоон мэдээлэл өгөөч?
-Дундаж статистик мэдээллээр жил бүр 400-410 хүн энэ өвчний шалтгаанаар ирж байгаа гэсэн тоон мэдээлэл бий. 2-3 жилийн өмнө 300 орчим тохиолдол ирдэг байсан. Тэгэхээр бидний багаар ажилласан нийгэмд өгч буй мэдээллүүд сайжирсан, эрт илрүүлгүүдийн тоо нэмэгдсэн. Эрүүл мэндийн байгууллагад хандаж байгаа иргэдийн тоо ихэссэн. Эрт илрүүлэг нэмэгдсэнтэй холбоотой тоо нэмэгдэж байгаа гэж ойлгож болно. Бид жилдээ амбулаторийн үзлэгээр 16-17 мянга орчим хүнд зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна.
-Хөхний хорт хавдар гэхээр эмэгтэй хүмүүс л өвддөг, эмэгтэйчүүдээ анхаар л гээд байдаг. Эрэгтэй хүн энэ өвчнөөр өвдөх эрсдэл бий юу?
-Хөхний хортой хавдар гэхээр хүмүүс зөвхөн эмэгтэй хүнд л тохиолддог гэж ойлгодог. Нийт тохиолдож байгаа хөхний хорт хавдрын 1-2 хувьд нь эрэгтэй хүмүүст тохиолддог. Дээрээс нь хүүхдүүдийн эрүүл мэндийн боловсролд хөхөө шалгах аргуудыг оруулж, тусгаж өгч мэдээлэл хүргэж чадвал хүүхдүүд маш сайн мэдээлэгч болдог. Гэртээ очоод ээжийгээ, эмээгээ шалгахыг зөвлөж, эрүүл мэндийн байгууллагад хандахад нөлөөлдөг. Мөн эрэгтэй хүмүүс энэ талаар мэдээлэлтэй байх юм бол өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал хандуулна гэсэн үг шүү дээ. Энэ талын мэдээлэл хомсоос болж дийлэнх эрэгтэйчүүдэд тохиолдсон хөхний хорт хавдар цөөн тохиолдол оношлогдож байгаа ч ихэнхдээ хожуу үе шатандаа мэдэгдэж байна.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!