Хугацаа нь дуусаад 9 сар өнгөрсөн Цэцийн гишүүнээ томилж чадахгүй яваа УИХ-аас юу ч хүлээгээд нэмэргүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 38 секунд

Өнгөрөгч намрын чуулган тэр чигтээ ДАРГА томилсон чуулган болсон гэж хэлэхэд хилсдэхгүй. Гэвч хууль ёсны, цаг хугацаандаа хийгдэх ёстой томилгооноос илүүтэйгээр амбицтай нөхдийн улс төрийн хүсэл зоригийг "тайтгаруулах" зорилготой томилгоонд анхаарал хандуулсан гэж хэлж болно. Гэтэл улстөрчдөд жинхэнэ утгаараа ашиглуулдаг гэх "муу нэр" зүүсээр ирсэн ҮХЦ-ийн гишүүн тэр дундаа даргынх нь томилгоо улстөрчдийн эрх мэдлийн төлөөх "хэрүүл" дунд орхигдож үлдээд хаврын чуулгантай золгоод буйг санаж буй хүн байна уу.

-ҮХЦ-ийн дарга Г.Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа дуусаад 9 сар 14 хоног өнгөрөв-

Г.Баясгаланг Монгол Улсын Их Хурлаас санал болгосноор УИХ-ын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 58 дугаар тогтоолоор Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилж байв. Улмаар 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүний олонхын саналаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгогдсон түүхтэй. Хуулиараа ҮХЦ-ийн гишүүнийг зургаан жилийн хугацаатай томилдог.

Өөрөөр хэлбэл, Г.Баясгалангийн ҮХЦ-ийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 2025 оны зургаадугаар сард дууссан. Гэтэл хугацаа нь дуусаад 9 сар 14 хоног өнгөрч байхад УИХ дээр эл томилгоог дурсах ч, шаардах ч хүн алга. Бүгд л цаг зуурын улс төрдөө санаа зовниод юун Г.Баясгалан манатай л байна. Ямар сайндаа л хаврын чуулган дөнгөж эхэлж байхад улс төр нь халиад чуулганы ирц нь хүрэхгүй нөхцөл байдалд хүрч байх вэ дээ.

-Г.Баясгалангийн хугацаа дууссан 9 сарын хугацаанд ҮХЦ 13 удаа хуралджээ-

ҮХЦ бол Үндсэн хуулиа хамгаалж, түүнийг биелүүлэх ажиллагаанд хяналт тавьдаг институт. Гэтэл Үндсэн хуулийн цэц бүрэн эрхийн хугацаа нь дууссан Г.Баясгалан гэх эрхмээр есөн сар даргалуулахдаа нийт 13 удаа хуралджээ. Үүний 11 нь дунд суудлын хуралдаан байсан бол хоёр нь их суудлын хуралдаан байжээ.

Тэгвэл үүсээд буй энэ нөхцөлд ҮХЦ-ийн гаргаж буй дүгнэлт, шийдвэрүүд хэр эрх зүйн чадамжтай байж чадах вэ гэдэг асуулт урган гарч байна. Зүгээр ч нэг асуудал ҮХЦ-д хаяглагддаггүй. Улс төр, нийгэм эдийн засгийн чухал үр дагавартай Үндсэн хуулийн маргаанууд л тэнд очдог. Хамгийн сүүлийн жишээ гэхэд, Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулсан УИХ-ын тогтоол болон УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяагийн асуудал ҮХЦ дээр тулж очсон. Хуралдааныг нь Г.Баясгалан даргалсан ба Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлтийг ч их суудлын хуралдаанаас гаргасан. Энэ мэт Үндсэн хуулийн маргаан дагуулсан олон асуудал ҮХЦ дээр очиж, ээлж дараалсан дүгнэлтүүдийг гардан авч байна.

-Х.Тэмүүжин: Үндсэн хуулийн манаачийн эргэлзээтэй байдлыг энэ хэвээр үргэлжлүүлж болохгүй-

Тухайн асуудлаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өнгөрөгч оны 12 дугаар сард чуулганы танхимд байр сууриа илэрхийлж байсныг эргэн сануулъя. Тэрбээр "Г.Баясгалангийн хугацаа дуусаад зургаа дахь сар руугаа орох гэж байна. Өөрөөр хэлбэл хагас жил болох гэж байна. Бүрэн эрхийн хугацаа нь дууссан ҮХЦ-ийн гишүүн ҮХЦ-ийг даргалаад шийдвэр гаргаад сууж байна. Үндсэн хуулийн манаачийн эргэлзээтэй байдлыг энэ хэвээр үргэлжлүүлж болохгүй. Хуулийн дагуу УИХ-аас санал болгож томилогдсон ҮХЦ-ийн гишүүний хугацаа дууссан учраас энэ асуудлыг нэн даруй шийдэх ёстой.

Ер нь УИХ өөрөө хурдтай ажиллахгүй байгаагаас шалтгаалж олон нийтэд эргэлзээтэй, хардалт төрүүлэхүйц албан тушаалын эргэлзээг бий болгоод байна" хэмээн ярьж байв. Товчхондоо, түүний хувьд Г.Баясгалангийн асуудлыг яаралтай шийдвэрлэхийг сануулсан нь энэ юм.

Харин түүний илэрхийлсэн байр суурьтай холбоотойгоор УИХ-ын дарга Н.Учрал "Хугацаа нь дууссан ҮХЦ-ийн гишүүний асуудлыг оруулж ирнэ" гэж хэлсэн юм.

-Есөн гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар хуульчлагдсан ҮХЦ ес биш найман гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна-

ҮХЦ дээр хугацаа нь дууссан даргаас нь гадна дахин нэг асуудал "мартагдах" шахуу орхигджээ. Үндсэн хуулийн жаран тавдугаар зүйлд “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасан байдаг.

Гэтэл өнөөдрийн байдлаар ес биш найман гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл, ҮХЦ-ийн бүтэц ч бүрэн бус байдлаар ажиллаж байна гэсэн үг юм.

Учир нь өнгөрөгч 12 дугаар сард ҮХЦ-ийн гишүүнээр ажиллаж байсан Ц.Өлзийсайханыг чөлөөлж, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон. Гэвч түүний оронд өнөөдрийг хүртэл томилгоо хийгдээгүй байна. Угтаа Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд "Цэцийн гишүүнийг нөхөн томилохдоо орон гарсан гишүүнийг урьд томилох санал болгосон эрх бүхий байгууллага, албан тушаалтан саналаа арван дөрвөн хоногийн дотор гаргах бөгөөд түүнийг Улсын Их Хурал гуч хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, Л.Өлзийсайханыг УИХ-аас санал болгож ҮХЦ-ийн гишүүнээр томилуулж байсан. Тиймээс түүний оронд хэнийг томилохоо УИХ өөрөө санал болгож оруулж ирэх учиртай. Цаг хугацааны хувьд ч саналаа гаргасан эсэх нь тодорхойгүй.

Ямартай ч Үндсэн хуулийн манаач болсон бүтцийн орон тоо дутуу байна, төрийн түшээд ээ.

-Хугацаа нь дууссан цэцийн гишүүний асуудлаа хэзээ оруулж ирэх вэ, УИХ-ын дарга аа-

УИХ-ын дарга Н.Учрал хугацаа нь дууссан ҮХЦ-ийн гишүүний асуудлыг оруулж ирнэ гэж хэлснээс хойш даруй гурван сар өнгөрлөө. Хаврын чуулган юу юугүй л өндөрлөнө. Тэр мөчид "Оруулж ирнэ" гэх үгтэйгээ сууж байх вий дээ. Байнгын үйл ажиллагаатай парламент энэ мэт хуулийн хүрээнд хийгдэх ёстой томилгоонуудаа шуурхайлах шаардлага байна. Тэгэхгүй бол Г.Баясгалангийн асуудал одоогоос хоёр сар гаруйн дараа бүтэн жилийнхээ нүүрийг үзэх нь байна шүү, УИХ-ын дарга аа.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт +7 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт +7 хэм дулаан
 
ЦЕГ: Neguun.mn сайтын сэтгүүлч У нь “Цахим орчинд хувийн, эмзэг мэдээллийг тараана“ гэж сүрдүүлэн 50 сая төгрөг авсан нь нотлох баримтаар тогтоогдсон
ЦЕГ: Neguun.mn сайтын сэтгүүлч У нь “Цахим орчинд хувийн, эмзэг мэдээллийг тараана“ гэж сүрдүүлэн 50 сая төгрөг авсан нь нотлох баримтаар тогтоогдсон
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!