
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
АН-ын дарга О.Цогтгэрэл: Манай намаас өгсөн албан шаардлагын хариу ирсэн. Шаардлагын хариуг товчхон дурдахад манай намаас дэвшүүлсэн асуудлыг судалж үзэхэд үндэслэлтэй байна. Зөвхөн дэд сайд төдийгүй төрийн данхар бүтцийг буулгах агуулгын хүрээнд шаардлагыг хүлээн авах боломжтой. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд хуулийн хүрээнд хамтран ажиллах боломжтой гэсэн утга бүхий хариу ирсэн. Бүлгийн хурлаар энэхүү асуудлыг хэлэлцэж амжаагүй тул дараагийн бүлгийн хурлаар хэлэлцэж, байр сууриа нэгтгэх болно.
Хоёрдугаарт, УИХ-ын даргаар аль нэг намын дарга ажиллаж болохгүй гэдэг байр суурийг илэрхийлж, МАН-ын даргыг хавсран гүйцэтгэж байгаа ажлаа чуулганд оролцохгүй гэдэг шаардлагынхаа хүрээнд АН ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн нийтлэг асуултууд гарч ирлээ. Жишээ нь, өмнө нь ийм жишиг байсан гэдэг. Бид энэ буруу зүйлийг засах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Ийм ч учраас бид Д.Амарбаясгалан даргаг УИХ-ын дарга байхад нь МАН-ын даргаар сонгогдох үед яг энэ байр сууриа илэрхийлж, ийм үйлдэл хийж байсан. Үүнийг бид зарчмын байр суурь гэж үзэж байгаа.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: АН-аас дэвшүүлж байгаа үзэл санаа нэг хүнд зориулсан үзэл биш ээ. Парламентын спикер гэх үг яагаад гарсан бэ гэхээр парламентын дарга өөрөө ярьдаг биш парламентын гишүүдийг яриулдаг, тэр дуу хоолойг нь түгээдэг хэрэгсэл гэдэг агуулгаар анх нэрлэгдсэн. Спикер өөрөө дугардаггүй. Өөрөө хэрэгсэл, туслагч. Парламентын спикер парламентын дэгийг сахиулдаг, бусдыг яриулдаг, тусалдаг хүн. Мэтгэлцээнийг тал алдалгүй шүүж, дэмждэг хүн нь. Төлөөллөө хэрэгжүүлэх тэнцвэрийг хангаж, талцлаас ангид намын улс төрөөс бие даасан парламентад ёсыг хангадаг хүнийг парламентын спикер гэж хэлдэг. Монголчууд бид парламентыг, УИХ-ыг даргатай болгочихсон. Дарга гээд өөрийгөө бодчихоороо би эднийг төлөөлөх юм байна, би эдний дарга юм байна. Би эдэнтэй дарга, цэргийн харилцаагаар явах ёстой гэж эндүүрдэг болчихсон. Парламент гэж юу вэ. Засгийн газар биш. Засгийн газар Ерөнхий сайд, сайдуудаас бүрддэг. Ерөнхий сайд сайдуудаа захирдаг, томилдог. Парламент бол яг ижилхэн эрхтэй 126 гишүүнээс бүрддэг. Спикер боллоо ч тэр 126-ынхаа дарга биш зөвхөн нэг нь. Парламент гурван үндсэн үүрэгтэй. Төлөөлөх, хууль тогтоох, хянах. Нийгмийн нээлттэй дуу хоолой парламентад сонсогдож байх ёстой. Зөвхөн олонхын дуу хоолой биш. Хэт цөөнх байсан ч тэр дуу хоолой олонхтой ижил түвшинд сонсогдож байх ёстой гэдэг нь парламентад ёсны суурь зарчим. Дээр нь мэтгэлцээн. Тэр мэтгэлцээнийг дээр нь нэг намын дарга зохицуулаад явбал мэтгэлцээн огт байхгүй болно.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!