Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дэлхийн эдийн засаг хаашаа эргэхийг шийднэ

Ангилал
Дэлхий дахинд Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 45 секунд

АНУ-ын ерөнхийлөгч ДоналдТрамп БНХАУ-д төрийн айлчлалаа нэг сарын хугацаатай хойшлуулах хүсэлт гаргасан. Товлосон хугацааны дагуу төрийн тэргүүнүүд энэ сарын 31-ээс дөрөвдүгээр сарын 2-нд уулзалт хийх тов гараад байсан юм. Том гүрний тэргүүнүүдийн уулзалт дэлхийн эдийн засагт тэр дундаа худалдаа, эрчим хүч, технологи, геополитикийн асуудлуудад нөлөөлөх чухал ач холбогдолтой. Тэр ч утгаараа олон улс, хөрөнгө оруулагчид, худалдаа, технологийн салбарынхан энэ айлчлалын үр дүнгээс шалтгаалан чухал шийдвэрүүдийг гаргана.

Д.Трамп яагаад айлчлалаа хойшлуулахыг хүсэв

Энэ бол мэдээж Ойрх Дорнод болон Ормузын хоолойд үүсээд байгаа асуудалтай шууд холбоотой. Д.Трамп “Дайн болж байгаа учраас би энд байх ёстой гэж бодож байна. Тиймээс бид уулзалтыг хойшлуулахыг хүссэн” гэж мэдэгдсэн.

Түүний хувьд БНХАУ-д хийх айлчлалаас илүү Ормузын хоолойн асуудлыг шийдэх нь чухал гэж үзсэн байх магадлалтай. Яагаад гэвэл саяхан хийсэн мэдэгдэлдээ Ормузын хоолой асуудал дээр НАТО-д шахалт үзүүлж эхэлсэн талаар мэдээлсэн. Мөн тус хоолойг хамгаалах зорилгоор бусад орнуудтай хэлэлцээ хийж тээврийн хөлөг онгоцнуудыг хамгаалахад бусад орнуудыг түлхүү оролцохыг уриалсан. Ялангуяа Ази, Европын улсууд болох БНХАУ, Япон, Өмнөд Солонгос, Их Британи, Франц зэрэг орнууд тухайн тээврийн замыг хамгаалахад түлхүү оролцох ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Мэдээж Ормузын хоолойн тээвэрлэлт удаан саатвал Ази, Европын орнуудад нөхцөл байдал илүү хүндэрнэ. Энэ асуудалд тус орнууд нааштай хариу өгсөн бол уг хэлэлцээрийг илүү эрчимтэй хийх нь чухал гэж үзсэн байж болно.

Мөн энэ мэдэгдлийн дунд Д.Трамп Ормузын хоолойн асуудал дээр БНХАУ-ыг түлхүү оролцох ёстойг дурдсан. Харин БНХАУ-ын зүгээс байдалд илүү нухацтай хандаж байгаа нь Д.Трамп энэ айлчлалыг хойшлуулахад нөлөөлсөн байж болзошгүй.

АНУ-ын Сангийн сайд болон БНХАУ-ын Шадар сайд нарын уулзалт ямар үр дүнг үзүүлэхээс олон зүйл шалтгаална.

Хоёр орны гол эдийн засгийн бодлого тодорхойлогчид Францын нийслэл Парис хотноо худалдааны асуудлаар урьдчилсан тохиролцоо хийх уулзалт хийсэн. Скотт Бессент 2025 оны нэгдүгээр сараас АНУ-ын 79 дэх Сангийн сайдаар ажиллаж байгаа. Түүний хувьд Д.Трампын эдийн засгийн зөвлөх бөгөөд БНХАУ-тай хийж буй эдийн засгийн хэлэлцээний гол төлөөлөгч. Хэ Лифэн 2023 оны гуравдугаар сараас БНХАУ-ын төрийн зөвлөлийн Шадар сайдаар ажиллаж байгаа. Тус улсын эдийн засгийн бодлого тэр дундаа үндэсний хөгжлийн стратеги, хөрөнгө оруулалт, худалдаа, макро эдийн засгийн гол удирдагчдын нэг.

Хоёр орны гол эдийн засгийн бодлогыг тодорхойлогчдын уулзалт амжилттай болбол Д.Трамп болон Ши Жиньпин нарын уулзалт эерэг уур амьсгалтай болно. Хэрэв хоёр тал харилцан тохиролцож чадахгүй бол худалдааны зөрчил дахин хурцдах өндөр магадлалтай.

Урьдчилсан мэдээллээр талууд үүссэн зөрчлийг хурцатгахгүй байх, хэлэлцээг үргэлжлүүлэх, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх ажлууд дээр санал нийлсэн байна.

Хоёр төрийн тэргүүний сүүлийн уулзалт юу болсныг сануулъя

Д.Трамп болон Ши Жиньпин нар өнгөрөгч оны 10 дугаар сард Өмнөд Солонгост уулзаж худалдааны дайныг түр намжаах тохиролцоонд хүрсэн. Үүнд тарифын дарамтыг нэмэхгүй байх, хурцадмал байдлыг бууруулах асуудал дээр түр гал зогсоох тохиролцоонд хүрч чадсан. Нэг талдаа эдийн засгийн яриа хэлэлцээрүүдийг дахин хийх боломж гарсан ч гол маргаантай асуудлууд болох технологийн хориг, ашигт малтмал, геополитикийн асуудал дээр маргаан бүрэн зогсоогүй байгаа.

Гэхдээ энэ уулзалтын дараа дэлхийн зах зээлийн савлагаатай байдал тогтворжиж эхэлсэн. АНУ, БНХАУ-ын харилцаа сайжрах дохио гармагц хамгийн эхэнд технологийн салбар, дараа нь үйлдвэрлэл ба экспортын салбарууд өссөн. Д.Трамп Ши Жиньпин нарын хийсэн уулзалт зах зээлд шууд нөлөөлөхөөс илүү эрсдэл багаслаа гэсэн дохиог өгсөн.

Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалт хойшлох нь ямар нөлөөг үзүүлэх вэ

Уулзалт хойшлох нь тодорхойгүй байдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Зах зээл муу мэдээнээс илүү тодорхойгүй байдалд илүү эмзэг байдаг талтай. Ийм нөхцөлд хөрөнгө оруулагчид аль болох яаран шийдвэр гаргахаас зайлсхийдэг. Хэрвээ уулзалт хойшлогдох тухай албан ёсны мэдээлэл гарвал дэлхийн хөрөнгийн зах зээл ялангуяа АНУ болон БНХАУ-тай худалдааны сүлжээнээс хамаардаг салбарууд илүү өртөнө. Гэхдээ энэ бол түр зуурын асуудал байх болов уу. АНУ болон БНХАУ-ын өрсөлдөөн сүүлийн жилүүдэд технологийн салбарт түлхүү өрнөсөн. Тэр ч утгаараа технологийн компаниудын хувьцаа савлахыг үгүйсгэхгүй. Энэ салбарын ирээдүйн чиг хандлага энэ хоёр улсын бодлого шийдвэрээс их хамаардаг.

Хөрөнгө оруулагчдын хувьд илүү найдвартай актив руу шилжих байх. Үүнд алт, ам.доллар, төрийн бонд зэргийг нэрлэж болно. Эндээс дүгнэхэд энэ уулзалт дэлхийн зах зээл, санхүү, хөрөнгө оруулалтын орчны чиг хандлага тодорхойлох чухал алхам байх болно.

Энэ уулзалт цуцлагдвал дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол

БНХАУ-ын талаас энэ уулзалтыг хийх талаар харилцаагаа үргэлжлүүлж байгаа ба Ойрх дорнодод үүсээд байгаа мөргөлдөөнийг намжаах байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Д.Трамп уулзалтыг цуцлаагүй түр хойшлуулах хүсэлтийг тавьсан. Мөн хоёр улсын эдийн засгийн бодлого тодорхойлогчдын уулзалт нааштай болсон нь албан ёсны айлчлал болох боломжийг нэмэгдүүлсэн байх. Тэгэхээр энэ айлчлал болох нь цаг хугацааны асуудал байх.

Харин бүх зүйл эсрэгээр эргэвэл хоёр гүрний харилцаа дахин хурцдаж буйг илтгэнэ. Үүнээс болж тариф нэмэгдэх, технологийн хоригууд чангарах, худалдааны хязгаарлалтууд нэмэгдэх асуудлууд үүснэ. Мэдээж дэлхийн гол индексүүд буурч, технологийн хувьцаа хамгийн ихээр унана. Геополитикийн эрсдэл нэмэгдэхийн хэрээр, хөрөнгийн зах зээл суларч, эдийн засгийн өсөлтийг удаашруулна.

Хөгжиж буй орнуудад хамгийн таагүй нөхцөл байдлууд үүсэж энэ хоёр орны хэнтэй нь цаашид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх вэ гэдэг асуудал тулгарна. Нэг ёсондоо дэлхийн эдийн засаг хоёр хуваагдах эхлэл байз болзошгүй.

МАН-ын Удирдах зөвлөл маргааш 11 цагт хуралдана
МАН-ын Удирдах зөвлөл маргааш 11 цагт хуралдана
 
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!