10.7 их наяд төгрөгийн ипотекийн зээлээр 140 мянга гаруй өрх орон сууцтай болжээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 41 секунд

Орон сууцны санхүүжилтийн банкны тухай болон Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлгийг Монголбанк, Хот байгуулалт, орон сууцжуулалтын яамнаас хамтран 2026 оны гуравдугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт, арилжааны банкууд, холбогдох төрийн байгууллага, хувийн хэвшил болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцов. Хэлэлцүүлгийг нээж Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт хэлсэн үгэндээ “Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Монголбанк, Засгийн газартай хамтарч орон сууцны ипотекийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ирлээ. Өнөөдрийн байдлаар 10.7 их наяд төгрөгийн эх үүсвэрээр 140 гаруй мянган өрх орон сууцтай болсон байна.

Мөн ипотекийн зээлийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хэмжээ 4 их наяд төгрөгт хүрч, хугацаа нь хоёр дахин уртасч, уг хөтөлбөр орон сууцны зах зээлийн хөгжилд түүхэн үүргээ гүйцэтгэсэн. Гэсэн хэдий ч хөтөлбөр нь зах зээлийг гажуудуулж, инфляцын дарамтыг нэмэгдүүлэх зэрэг сөрөг үр дагавар бий болгохоос гадна эрэлт нь өссөнөөр 5000-6000 гаруй иргэний хүсэлт, зарим тохиолдолд 5-6 жилийн хүлээгдэл бий болж байгаа гэдгийг бид бүхэн ойлгож байна. Иймд хөтөлбөрийг эрх зүйн хувьд шинэ түвшинд гаргах зайлшгүй шаардлага үүссэн байна” хэмээн онцоллоо. Түүнчлэн цаашид ипотекийн хөнгөлөлттэй 6 хувийн хөтөлбөрийг Засгийн газарт үе шаттайгаар шилжүүлэх, шинээр байгуулагдах Орон сууцны санхүүжилтийн банкны анхны хөрөнгө оруулалтыг хийх зэрэг ажил хийгдэнэ гэв.

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 45 дугаар захирамжаар орон сууцжуулах бодлогын эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хэсэг байгуулагдаж, уг ажлын хэсэг Орон сууцжуулалтын тухай болон Орон сууцны санхүүжилтийн банкны тухай хуулийн төслийг боловсруулаад байна. Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид хуулийн төслүүдийн агуулга, хэрэгжилтийн механизмыг салбарын бодлого болон зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулах асуудлаар санал, зөвлөмжөө илэрхийллээ. Хуулийн төсөл боловсруулагчдын зүгээс хэлэлцүүлгээс гарсан саналыг тусган төслүүдийг сайжруулж, УИХ-ын хаврын ээлжит чуулганд өргөн мэдүүлэхээр бэлтгэж байна.

Д.Мөнх-Эрдэнэ: Ичсэн хүн хүн яана гэдэг билээ. Л.Оюун-Эрдэнэ намайг Бодь компанид ажиллаж байсан гэж худлаа ярьж байх юм
Д.Мөнх-Эрдэнэ: Ичсэн хүн хүн яана гэдэг билээ. Л.Оюун-Эрдэнэ намайг Бодь компанид ажиллаж байсан гэж худлаа ярьж байх юм
 
“The Huns” PGL Astana 2026 тэмцээнд Ази тивээс оролцох эрхээ авлаа
“The Huns” PGL Astana 2026 тэмцээнд Ази тивээс оролцох эрхээ авлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!