
"Өрийн дэвтэр" блогоороо олны хайрыг татсан Жүжигчин С.Батзоригтой сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхан болон Өрийн дэвтэр блогтой холбоотой асуудлаар цөөн хором ярилцлаа.
-Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаасаа хуваалцаач?
-UBN-ийг үзэж байгаа бүх үзэгчиддээ энэ өдрийн мэндийг хүргэе. Жижгээ, Цогтоо, Тагтаа, Баясаа гээд үеийн найзуудтайгаа нийлээд Хэрмэл крю гэж компани байгуулсан. Өнгөрөгч онуудад бид Инда хаус 1, 2, 3, Хэрмэл жүжигчид гээд 3, 4 кино хийсэн. Сүүлийн киногоо БНСУ-д очиж нээж ирчихээд одоо тайзны бүтээлээ нээх гээд бэлтгэл ажилдаа орчихсон байна. Х ТҮЦ продакшныхаа ах эгч нарт санал тавьж, албан ёсны зөвшөөрлийг нь аваад "Хориотой жүжиг"-ийг 9 жилийн тайзан дээр дахин тавихаар ханцуй шамлан орчхоод байж байна. Бидний анхны тайзны уран бүтээл.
-Анхны тайзны уран бүтээл. Заримынх хувьд бүр анх удаа ийм жанрын жүжигт дүр бүтээж байгаа болохоор амар биш байгаа болов уу?
-Бид СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн мэргэжлийн жүжигчид учраас өөрсдийгөө харуулж, сорьж үзэхийг хүссэн. Жүжигчнийхээ хувьд илүү гоё өсөн дэвжиж, хөгжихийг хүссэн гэж хэлж болно. Тэр ч утгаараа бид энэ жүжгээс ашиг харахгүй байгаа. Өмнөх уран бүтээлээс олсон бүх орлогоо бариад энэ жүжиг рүү орсон.
-Тантай уулзсаных Өрийн дэвтэр блогийнх нь талаар асуухгүй өнгөрч болохгүй байх. Өнөөдрийн байдлаар хэдэн айлын өрийг дарсан байна вэ?
-Өрийн дэвтэр гэх 16 минутын богино хэмжээний влог хийхдээ нэг л дугаар хийнэ гэж бодож байсан. Гэтэл нэг шөнийн дотор нэг сая үзэлт авчихсан. Энэ цагаас хойш нийт 50 дугаар хийсэн байна. 550 гаруй айл өрхийн өрийг өрийн дэвтрээс нь даралцсан, нэг оюутны дөрвөн жилийн сургалтын төлбөрийг хийхэд нэмэр болсон байна.

-Цаашид ч хийсээр байх уу?
-Өрийн дэвтэр блогоо цаашид ч хийнэ. Хүмүүс бид хоёрыг мэргэжлийнхээ ажлыг хийгээд явахаар "Үндсэн ажлаа хийгээч ээ" гээд загнаад байдаг болчихсон байна билээ. Уг нь бид хоёрын үндсэн ажил жүжигчин. Үлдсэн цагаараа хийдэг ажил маань Өрийн дэвтэр блог шүү дээ.
-Өрийн дэвтэр блогоор дамжиж та хоёрт ирдэг үзэгчдийн хайр их байх?
-Тэр мэдээж. Орчин цагийн шилийн сайн эр гэдэг шиг л байдаг. Манай Өрийн дэвтэр блог цорын ганц сөрөг сэтгэгдэлгүй блог байх. Дандаа эерэг сэтгэгдэл ирдэг. Таарсан хүн бүр "Баярлалаа. Илүү олон айлын өрийг дарж, баярлуулаарай. Би яаж туслах уу. Дэмжих үү" гэж хэлдэг. Монгол Улсаа бид өөр өөрсдийн гар бие оролцож байгаа салбараараа хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг чухал шүү дээ. Мөн бусдадаа яаж уриалж чадах вэ. Баясаа ах бид хоёрын дуугарч, хийж чадах зүйл нь энэ байсан. Нийгэмд влогоороо дамжуулан эерэг мессэж өгөхийг хүсдэг. Заавал нийгэм хэцүү байна гээд улс төр, дээр сууж буй хүмүүс рүү орилох биш. Харин бид өөрсдөө нийгэмд яаж лаа асааж чадах вэ гэдэг нь чухал. Тиймээс чадах хэмжээндээ дуу хоолойгоо хүргэе гэж зорьсон хамгийн хайртай влог маань.
-Цаашдаа юунд зорьж байна?
-Бодсон зүйл их байна. Өрийн дэвтэр блог маань үргэлжилнэ. Санаснаар болдог бол залуу хосын байрны зээлийг төлж үзмээр байна. 21 аймгаас төрөн гарсан алтартнуудтай хамт аймагт нь очиж өрийг нь дарж өгмөөр байна. Тухайлбал, Б.Бат-Эрдэнэ аваргатай Хэнтий аймагт очоод өрийг нь дарах гэх мэтчилэн бодсон зүйл бол олон байна. Уран бүтээлийн тухайд гэвэл залуу хүн учраас илүү их хөгжихийг хүсэж байна.
-Ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!