
Ховд аймгийн нийгэм, эдийн засагт томоохон хувь нэмрээ оруулж, иргэдийн амьдрал ахуйг тэтгэж байдаг гол хүчин тулгуур болох Хөшөөтийн уурхайг одоо хүртэл стратегийн орд газарт бүртгэж аваагүй байна. Хэдийгээр улстөрчид Хөшөөтийн ордыг стратегийн ордод бүртгүүлэх ёстой гэсэн байр суурийг чуулган, байнгын хорооны хуралдаанд байнга илэрхийлдэг ч хачир дээрээ бүртгүүлэхгүй байх сонирхол нь илүү давамгайлж байгаа юм биш биздээ гэх хардлага бий.
Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Бямбацогт 2024 оны нэгдүгээр сард УИХ-ын чуулганы хуралдаанд “Ховд аймгийн Хөшөөтийн уурхайг монголын төр стратегийн ордод авах ёстой. Одоо тус уурхайд БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Моэнко ХХК” үйл ажиллагаа явуулж байгаа. Хонконгийн хөрөнгийн биржээс мөнгө босгож орж ирэхдээ кокосын үйлдвэр, дулааны цахилгаан станц барина, монголын компаниудыг дэмжинэ гэх мэт маш олон зүйл амлаж байж орж ирсэн. Энэ мэт олон амлалтаас монголын компаниудыг дэмжих амлалтаас бусад нь хэрэгжихгүй байна.
Ханган нийлүүлэлтийг монголын компаниуд, тээврийг монголчууд тэр дундаа Ховдчууд хийж байна. Үүнээс бусад хүлээсэн үүргээ биелүүлэхгүй олон жил болж байна. Иймээс төсвийн хөрөнгөөр хайгуулж хийж, нөөцийг нь тогтоосон тус уурхайг стратегийн ордод авч монголын төр 34 хувийг эзэмших хэрэгтэй байна. Монголчууд байгалийн баялгыг хүртэх эрхтэй гэсэн Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Мөн Хөшөөтөд хулгай, хуудуутай зүйл байгаа эсэхийг хуулийн байгууллага яаралтай, сайтар шалгамаар байна. Монголын төр, монголын ард түмэн баялагтаа эзэн баймаар байна. Баялгаа орон нутаг биш олон нийт мэддэг, төр мэддэг болох хэрэгтэй. Хөшөөтийг стратегийн ордод авах асуудлаар цаашид анхаарч ажиллана” гэж хэлсэн байдаг.
Энэ нь тус нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, бүлэглэл Хөшөөтийн уурхайг стратегийн ордод авах нэрээр ашиг сонирхол цухалзуулж байхыг ч үгүйсгэхгүй. Бүр эсвэл бүртгүүлэхгүй байх сонирхол тэдэнд байна.
Мөн хамгийн сүүлийн мэдээллээр Ховд аймгийн гэгдэх Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт Хөшөөтийн ордын дараагийн даргад өөрийн хүнээ зүтгүүлэхээр ТУЗ-ийн гишүүдэд нөлөөлж эхэлсэн гэх мэдээлэл ч гараад байгаа юм.
Ямартай ч стратегийн ач холбогдол бүхий энэ ордын дараагийн дарга хэний хамаарал бүхий хүн байх вэ гэдэг нь асуултын тэмдэг болоод байна.
Сануулахад, Анх 2012 онд Засгийн газар Хөшөөтийн нүүрсний ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсаалтад нэмж оруулах асуудлыг хөндөж байсан ч УИХ-ын тогтоолын төслийг баталж чадаагүй байдаг. Тиймээс ч өнөөдөр тус уурхайг 100 хувь Хонкогийн хөрөнгө оруулалттай компани эзэмшиж байгаа юм. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд” гэж үндэсний аюулгүй байдал, улсын болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсвэл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг хэлдэг. Хүчин чадлын бусад үзүүлэлт, үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээгээр Хөшөөтийн орд нь стратегийн ач холбогдол бүхий ордын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангадаг.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!