Орхон аймагт гемодиализийн эмчилгээнд тогтмол ордог 32, хүлээлтэд 35 иргэн байдаг. Харин аймгийн харьяалалтай хэрнээ Булган аймагт эмчилгээнд ордог 3, Улаанбаатарт эмчилгээнд ордог 7 иргэн бий. Эдгээр иргэддээ болон хойд бүсийн хэмжээнд гемодиализ, хэвлийн диализийн эмчилгээ үйлчилгээг хүлээгдэлгүй үзүүлэх боломжтой боллоо.
Тодруулбал, төр, хувийн хэвшлийн түншлэлээр БОЭТ-ийн нэг давхарт “Медвик диализийн төв” -ийг байгуулж, өнөөдөр албан ёсоор үйл ажиллагааг нь эхлүүлэв. Үүнд орон нутгийн зүгээс 965 сая төгрөг зарцууллаа. Цаашид үйл ажиллагааг “Их шүүдэргэнэ импорт” ХХК хариуцан ажиллана. Тус компани нь улсын нэг болон гуравдугаар эмнэлгийн дэргэд үйл ажиллагаагаа явуулдаг туршлагатай.
Орхон аймгийн БОЭТ нь 2009 онд энэ төрлийн эмчилгээ үйлчилгээг орон нутгаас анхлан нэвтрүүлж байсан бол Эрдэнэт хотын 50 жилийн ойг тохиолдуулан төв болгон үйл ажиллагааг нь өргөжүүлж байна. Ингэснээр гемодиализийн төв байгуулсан анхны аймаг болж байгаа юм.
Гемодиализ эмчилгээний 5 өрөө, хэвлийн диализийн нэг өрөөтэй, техник тоног төхөөрөмжийн тухайд европын стандартын шаардлага хангасан 2025 онд үйлдвэрлэгдсэн хамгийн сүүлийн үеийн 13 аппаратыг суурилуулжээ. Мөн 20 ор, 20 аппараттайгаар өдрийн гурван ээлжээр нэг өдөрт 54 иргэнд эмчилгээ үйлчилгээ үзүүлэх боломжтой ажээ.
Мөн эмчлүүлэгч тус бүр дээр стори нээх шаардлагагүй аппаратанд тухайн иргэний дата мэдээллийг үүсгэдэг гэдгээрээ давуу талтай. Цаашид аппаратынхаа тоог нэмнэ гэх мэдээллийг компанийн зүгээс өглөө.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!