БНХАУ-ын ЭКСИМ банкнаас санхүүжилтээ зогсоохыг мэдэгдсэнээр төмөр замын нүхэн гарц барих ажил зогсох эрсдэл үүссэн ч албаныхан “Ажил хэвийн үргэлжилж байгаа“ гэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 57 секунд

Нийслэлийн түгжрэлийг бууруулахын тулд тодорхой байршлуудад гүүрэн болон нүхэн гарцуудыг байгуулахаар төлөвлөсөн байдаг. Тэгвэл аудитын байгууллагаас гаргасан дүгнэлтээр, Таван шарын төмөр замын гармын баруун талын нүхэн гарц баригдаж, бусад гурван нүхэн гарцын ажил эхлээгүй удааширсан байна. Гүйцэтгэл удааширсантай холбоотой дараах зөрчил илэрсэн. Үүнд:

Таван шарын төмөр замын гармын баруун тал, Геологийн төв лабораторийн уулзваруудад хийх нүхэн гарцын зураг төсөв 2023 оны зургаадугаар сард батлагдсан, Гермес төвийн урд төмөр замын зоорины урд нүхэн гарц, Нарны зам болон Их хүрээний гудамжны уулзварын нүхэн гарцуудын зураг төсөв батлагдаагүй,

-Нүхэн гарц хийх 3 байршлын газар чөлөөлөлтийн ажил эхлээгүй, зарим газруудад газар чөлөөлөлтийн ажил дуусаагүй,

-Холбогдох техникийн нөхцөлийг аваагүй,

-Нүхэн гарцыг дагаж хийгдэх авто болон явган зорчигчийн гарцын зураг, борооны ус зайлуулах системийн зураг хийгдээгүй гэжээ.

Мөн хамгийн ноцтой нь, төслийн хэрэгжилт удааширснаас шалтгаалж БНХАУ-ын Эксим банкнаас санхүүжилтээ зогсоохыг урьдчилсан байдлаар мэдэгдсэнээс болж ажил зогсох эрсдэл үүссэн байна.

Тэгвэл ажлын явц хэрхэн үргэлжилж байгаа болон ямар саад бэрхшээл тулгараад буй талаар Нэгдсэн төслийн удирдлагын газраас тодруулахад:

Төслийн нэгдүгээр байршил болох Таван шарын нүхэн гарцын ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьд хүрч, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, борооны ус зайлуулах системийн ажил болон бусад тохижилтын ажлыг хийж дууссан. Үүний зэрэгцээ явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах 90 метрийн урттай гүүрэн гарцын барилга угсралтын ажлын зураг төслийг магадлалаар батлуулж, барилгын ажлыг 2025 оны 12 дугаар сараас эхлүүлсэн.

Харин Геологийн төв лабораторийн уулзварын нүхэн гарцын газар чөлөөлөх ажил үргэлжилж, нийт 21 нэгж талбараас 19-ийг нь бүрэн чөлөөлөөд байна. Үлдсэн 2 нэгж талбар зөвшилцөх шатандаа хэрэгжиж байгаа бөгөөд ажлын зураг төслийг магадлалаар батлуулж 2024 оны 09 дүгээр сараас барилга угсралтын ажлыг эхлүүлсэн ч хүйтний улирлаас шалтгаалж түр зогсолт хийсэн.

Гуравдугаар байршил болох “Хермес" төвийн урд, төмөр замын зоорины нүхэн гарцын төслийн зураг төслийг магадлалаар батлуулж, газар чөлөөлөлт бүрэн дууссан. Нүхэн гарцын их биеийн бүтээцийг төмөр замын суурь бүтээцийн доор түлхэх технологиор байршуулсан. Түлхэх технологийг ашигласнаар галт тэрэгний хөдөлгөөнд саад учруулахгүйгээр бүтээн байгуулалтыг шуурхай гүйцэтгэх давуу талтай гэж үзсэн. 2026 оны II улирлаас авто замын барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн.

Тэгвэл дөрөвдүгээр байршил болох Нарны зам - Их хүрээний гудамжны уулзварын нүхэн гарцын зураг төслийг боловсруулж байгаа гэв.

Сануулахад, Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна Тисижу Сивил Инженеринг Групп” ХХК ажиллахаар болж, нүхэн гарцын зураг төсөл боловсруулах ажил эхэлж байжээ. Зураг төслийг найман сарын хугацаанд боловсруулж, 2023 оны хоёрдугаар улиралд багтаан барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж, 18 сарын хугацаанд бүрэн дуусгахаар төлөвлөжээ.

Санхүүжилтийн тухайд, БНХАУ-ын ЭКСИМ банкнаас 30.94 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, нийслэлийн төсвөөс 9.4 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн аж.

ТАЙЛАНД: “Нипах“ вирусын улмаас эрсдэлтэй бүс нутгаас ирж буй зорчигчдод тавих хяналтыг чангатгаж, үзлэг, тандалт хийхээр болов
ТАЙЛАНД: “Нипах“ вирусын улмаас эрсдэлтэй бүс нутгаас ирж буй зорчигчдод тавих хяналтыг чангатгаж, үзлэг, тандалт хийхээр болов
 
ЭСЯ: Хөлбөмбөгийн ДАШТ-ий АНУ-д болох тоглолтын тасалбар эзэмшигчид визний ярилцлагын цагаа түргэвчилсэн журмаар авах боломжтой
ЭСЯ: Хөлбөмбөгийн ДАШТ-ий АНУ-д болох тоглолтын тасалбар эзэмшигчид визний ярилцлагын цагаа түргэвчилсэн журмаар авах боломжтой
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!