Нипах вирусийн халдварын улмаас Азийн орнууд хилийн үзлэг хяналтаа чангалжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 52 секунд

Энэтхэгт үхэлд хүргэх, эмчилгээгүй Нипах вирусийн дэгдэлт бүртгэгдээд байгаа талаар бид мэдээлсэн. Энэ нь Азийн орнуудыг түгшээж, хилийн үзлэг хяналтаа чангатгахад хүргэжээ.

Тухайлбал, Тайланд улс өнгөрсөн ням гарагаас эхлэн Баруун Бенгалаас онгоц хүлээж авдаг гурван нисэх буудал дээр Энэтхэгээс ирсэн зорчигчдын эрүүл мэндийг шалгаж эхэлсэн байна. Мөн Балба улс бас нийслэл Катманду хотын нисэх буудал болон Энэтхэгтэй залгаа хилийн боомтууд дээр ижил арга хэмжээ авч эхэлсэн аж.

Nipah virus (NiV) халдвар нь жимсний сарьсан багваахай (Pteropus spp.)-гаас гаралтай, амьтнаас хүнд дамжих эрсдэлтэй, шинээр сэргэж буй зоонозын халдварт өвчин юм. Халдвар нь халдварласан амьтантай шууд хавьтлаар, сарьсан багваахайн шүлс, шээсээр бохирдсон хоол хүнс (ялангуяа түүхий дал модны шүүс, жимс) хэрэглэх замаар, мөн хүнээс хүнд шууд хавьтлаар дамжих боломжтой аж.

Хүний Nipah вирусийн халдварын эмнэлзүйн илрэл нь шинж тэмдэггүй хэлбэрээс эхлэн амьсгалын замын хүнд өвчлөл, тархины үрэвсэл (энцефалит), улмаар үхэлд хүргэх хүнд хэлбэрүүдийг хамарна. Олон улсын түвшинд тохиолдлын нас баралтын түвшин 40–75 хувьтай байна.

Одоогоор Nipah вирусийн халдварын эсрэг батлагдсан вакцин, тусгай вирусийн эсрэг эмчилгээ байхгүй бөгөөд эмчилгээ нь эрчимт дэмжих эмчилгээнд тулгуурлаж байгаа аж.

Мөн ХӨСҮТ-өөс "Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эрсдэлийн үнэлгээгээр Nipah вирусийн халдварын олон улсад тархах эрсдэл бага, тухайн улсууд дах эрсдэл дунд гэж үнэлсэн.

Одоогийн байдлаар Nipah вирусийн халдвар олон улсад хүнээс хүнд дамжин тархсан батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

2025 онд Энэтхэг болон Бангладеш Улсад бүртгэгдсэн бүх тохиолдлууд тухайн улсын дотоодод хязгаарлагдсан хэвээр байна. Хавьтал судлал, тусгаарлалт, халдварын сэргийлэлт, хяналтын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа нь олон улсад тархах эрсдэлийг бууруулж байна. Эдгээр мэдээллүүдэд үндэслэн Nipah вирусийн халдварын 2025 оны Энэтхэг, Бангладеш Улсад бүртгэгдсэн тохиолдлууд нь Олон улсын эрүүл мэндийн дүрэм (IHR, 2005)-ийн хүрээнд анхааралтай хянах, олон улсын мэдээлэл солилцоог хангах шаардлагатай боловч одоогийн байдлаар олон улсын нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал (PHEIC) зарлах босгыг хангахгүй гэж үнэлэгдэж байна" гэжээ.

Батлан хамгаалахын удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалт болж байна
Батлан хамгаалахын удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалт болж байна
 
Татварын өртэй ААН-үүдийн дансыг хаахгүй байж цалингаа тавьж, үйл ажиллагаагаа явуулах боломжийг нь бүрдүүлэх чиглэлийг өгчээ
Татварын өртэй ААН-үүдийн дансыг хаахгүй байж цалингаа тавьж, үйл ажиллагаагаа явуулах боломжийг нь бүрдүүлэх чиглэлийг өгчээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!