Монгол Улс, тэр дундаа нийслэлчүүд эрчим хүчний чадлын дутагдал болон цахилгаан станцууд дахь моралийн элэгдлээс үүдэлтэй гэнэтийн ослын улмаас цахилгааны хязгаарлалтад ороод буй. Өөрөөр хэлбэл 1982 онд 4-р цахилгаан ашиглалтад орсноос хойш 43 жилийн хугацаанд нэг ч цахилгаан шинээр ашиглалтад оруулаагүйн горыг иргэд, ААН-үүд "үүрч" байгаа юм. 2000 оноос хойш 10 гаруй эрчим хүчний төслийг хэрэгжүүлэхээр ярьж, заримынх нь суурийг босгосон ч улстөржилт зэргээс үүдэн, гацаанд орсон.
Тэгвэл ажил нь удааширсан эсвэл гацсан эрчим хүчний зарим төслийг аудитын байгууллагаас дараах байдлаар дүгнэсэн байна. Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөлд шаардлагатай бараа материал, техник хэрэгслийн гаалийн бүрдүүлэлт, дотоодын ажиллах хүчний тогтвортой байдалд тусгайлан анхаарах шаардлагатай бөгөөд энэ нь төслийг хугацаандаа хэрэгжихгүй байх эрсдэлийг бий болгож болзошгүй байна гэжээ.
Дээрх төсөл нь БНХАУ-ын 908 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээлийн хүрээнд хэрэгжиж байгаа ба Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад сум, Увс аймгийн Өмнөговь сум, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумыг хамарч Ховд голын Шижигтийн хавцалд баригдах жилд дунджаар 366 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэх 90МВт хүчин чадалтай аж.

Тэгвэл хамгийн ихээр хэл ам дагуулж, төсөл хэрэгжүүлэгч БНСУ-ын "Бюксан инженеринг" компани нь "дампуурсан" 10 аймгийг эрчим хүчээр хангах цахилгаан станцын ажил гацсан байдлыг ингэж дүгнэжээ. Төслийн хүрээнд нийт 3 багц ажил хэрэгжүүлсэн гэх бөгөөд Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Дундговь, Төв аймагт 2022 онд гэрээ байгуулан барилга угсралтыг эхлүүлэн 2024 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 3 багц ажил 45.2 хувийн гүйцэтгэлтэй гэж дүгнэгдсэн байна.
Харин Архангай аймгийн дулааны станцын сонгон шалгаруулалт амжилтгүй болж хэрэгжээгүй аж. Аудитын дүгнэлтээр, төслийн төлөвлөлтийн шатанд нарийвчилсан судалгаа, тооцоолол, ТЭЗҮ, зураг төсөв байхгүйгээс төслийн ажлын явц удааширч, үнийн өсөлтөөс хамаарч үргэлжлүүлэх боломжгүй болжээ.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!