Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Пүрэвдорж: Алтанбулаг боомт дээр гацсан 40 гаруй машин барааг оруулаач ээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 39 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан дээр гишүүн Б.Пүрэвдорж Алтанбулаг боомтын асуудлаар Шадар сайдад хандлаа.

Б.Пүрэвдорж: Өчигдөр би Замын-Үүдийн завхарлын талаар чуулганы хуралдаан дээр ярьсан чинь өнөөдөр маш олон хүн хандаад Алтанбулгийн талаар яриад өгөөч ээ гэж хэллээ. Хөл хорио тогтоохыг мэдэхгүй Европоос шинэ жилээр борлуулдаг бүтээгдэхүүн ачуулчихсан чинь хил дээр гацчихсан. 45 хонож байгаа 35 машин байна. Эднийг маш хурдан явуулахгүй бол иргэд хохирч байна. Тэд чинь өдрийн төлбөр нь явж өглөө. Энэ 35 дээр 10 гаруй машин нэмэгдсэн байна. Энэ 45 машиныг оруулж ирэхгүй бол хадгалалтын хугацаа нь хэтэрлээ. Ямар ч арга хэмжээ авахгүй 40 гаруй хонож байна.

Доржханд гишүүн Шадар сайдаас асуулт асуухад “ОХУ-аас өндөг, марожин л орж ирдэг” гээд хэлсэн. Хүмүүсээ явуулж судлуулаад энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол иргэд хохироод байна. Зарим улс төрийн нөлөөлөл бүхий хүмүүсийг оруулчихдаг. Монгол жолооч нарыг оруулж байгаа нь сайн ч гадаад жолооч нарыг оруулаач ээ гэж иргэд хэлж байна.

Я.Содбаатар: Алтанбулагийн боомтын асуудал амаргүй байгаа. Аравдугаар сарын дундуур ажлын хэсэг очиж ажилласан. Ингэхдээ боомтыг хаахаар шийдвэрлээд 20 гаруй хоногийн хугацаа өгсөн. Цаанаасаа дахиж битгий машин татаарай, хил гаалийн асуудал хүндэрч байна. Ачаа бараагаа төмөр зам руу шилжүүлээрэй гэж сануулаад боомтыг хаасан. Арваннэгдүгээр сарын 1-ний Засгийн газрын шийдвэр гарсантай холбоотой хилийн цаана машин бөглөрлөө гэсний дагуу Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарч 91 машиныг татан авалт хийсэн. Тэгж байтал дараа долоо хоногт нь 20-30 машин гараад ирсэн. Энэ дундаас өргөн хэрэглээний эм, эмнэлэгийн бараа ачсан машинуудыг гацаахгүй оруулахаар болсон. Ингээд байж байтал дахиад 70 гаруй машин болчихсон. Нэг жолоочийн бөөр нь өвдөөд цусаар шээгээд эхэлсэн байсан. Ингээд хилийн цаана гацсан монгол жолооч, монголын аж ахуйн нэгжид харъяалалтай машинуудыг оруулсан. Хил дээр 35, 36 гадаадын машин үлдсэн.

Одоо нэгдүгээр сарын 18 хүртэл Алтанбулаг боомтыг хаана. Тэр хүртэл эм эмнэлэгийн хэрэгслийн машинуудыг оруулна гэсэн байгаа. Та бүхэн мэдэж байгаа байх. ОХУ-аас орж ирсэн 50 гаруй тээврийн жолоочоос халдвар илрээд байгаа. Тийм учраас дотоодын нөхцөл байдал хүнд байхад жолооч нарыг оруулах хүнд байна. Бид нар нэгдүгээр сарын 18-наас хойш хоёр аргаар ажиллах гэж байгаа. Нэгдүгээрт ачаа сэлгүүлэн ачдаг байгууламжийн зураг төсөл бэлэн болгоод байж байна. Хоёрдугаарт, Манжуур болон Замын-Үүд дээр хэрэглэж байгаа дундын зам дээр толгой солих аргыг ОХУ-ын талтай ярилцаад урьдчилсан байдлаар тодорхой шийдвэрүүд гараад явж байгаа.

Б.Пүрэвдорж: Яг та бид хоёрыг ярьж байхад хүмүүс холбогдож байна. Арванхоёрдугаар сарын 1-нээс хил хаана гэж хэлээгүй. Дарга нартаа л хэлсэн байх. Таны ярьж байгаа чинь аж ахуйн нэгжүүдээ хохироох л утгатай байна гэж байна. Энэ 35 хан машины асуудлыг хурдан шийдээд өгөөч ээ гэж хүсч байна.

Я.Содбаатар: УОК-ыг эргэж буцаад байна гэж байгаа. Нэн шаардлагатай учраас л ийм асуудал үүсээд байна. Өнөөдрийн байдлаар Алтанбулаг дээрх машинуудыг оруулна гэсэн шийдвэр гаргаагүй. Хил хаах гэж байгааг аж ахуйн нэгжүүдэд олон удаагийн албан бичгээр мэдэгдсэн, өөрсдийг нь дагуулж боомт дээр очсон, бүртгэл хийсэн. Цахимаар хуралдсан. Олон асуудал л байна. Бид аль болох зохицуулах шийд гаргахаар ажиллаж байна.

 

Ж.Мөнхбат: Ерөнхий сайд эрчим хүчээ хэмнээд хүйтэн өрөөнд сууж байна лээ
Ж.Мөнхбат: Ерөнхий сайд эрчим хүчээ хэмнээд хүйтэн өрөөнд сууж байна лээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.