А.Батпүрэв: 2026 онд эдийн засаг гэнэт сайжраад өргөс авсан юм шиг болчихно гэж бодохгүй байна. Инфляц буурах төлөв харагдахгүй байна

Ангилал
Улс төр Эдийн засаг Ярилцлага
Огноо
Унших
32 минут 29 секунд

АН-ын Нарийн бичгийн дарга, УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх А.Батпүрэвтэй энэ оны эдийн засгийн төлөв болоод эрчим хүчний салбар дахь цаг үеийн асуудлаар ярилцлаа

-Хоёулаа цаг үеийн асуудлаас ярилцлагаа эхлүүлье. Өнгөрөгч долоо хоног гэлтгүй шинэ долоо хоногийн халуун сэдэв бол эрчим хүчний салбарын асуудал байна. ДЦС 3, 4 гээд дараалсан ослууд гарч, цахилгаан эрчим хүчний хувьд тасалдал бий болж байгаа нь олон хүний санааг чилээж байгаа. Хэдийгээр бид үүнийг осол гэмтэл гэдэг талаас нь харж байж болох ч нөгөө талдаа өнгөрсөн хугацаанд энэ салбарт байгаа оносон бодлогыг хэрэгжүүлж чадсан уу гэдэг асуулт байгаа юм. Яг салбарыг нь аваад үзэхээр гадаадын зээл тусламж, татаас, төсвийн хөрөнгө оруулалтууд нэлээдгүй орсон шүү дээ?

-Өнөөдрийн нөхцөлд эрчим хүч тасалдаж байгаа шалтгаанаа осол, гэмтэлтэй холбоод өнгөрч байна. Гэхдээ энэ бол техникийн асуудал биш. Монгол Улсын эрчим хүчний салбар системийн хувьд дампуурсны нэг илрэл. Эрчим хүч тасарч, иргэд нь лаа барьж байхтай зэрэгцээд нөгөө талд дарга нар нь авлигын хэргээр баривчлагдаад хоригдож байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, засаглалын хувьд дампуурсан байна. Хоёрдугаарт, эдийн засгийн хувьд дампуурсан. Гуравдугаарт, улс төрийн чиг баримжааны хувьд ч гэсэн зүг чигээ олохоо больчихсон юм байна гэж хэлмээр байна.

Засаглалын хувьд яагаад дампуурсан гэж хэлж байна вэ гэдгийг аваад үзье. Монгол Улсын эрчим хүчний салбарт ямар бодлого хэрэгжүүлж байна вэ, түүнд хэн хариуцлага хүлээх вэ гэдэг нь тодорхойгүй. Шадар сайд Т.Доржханд нь эрчим хүчний реформ гээд үндэсний хороо, ажлын алба байгуулаад явж байсан. Гэтэл ЭХЯ, салбарын сайд нь бас байна. Нөгөө талд "Эрчист монгол" гээд "хоолны компани" байгуулагдаад менежментийг нь хэрэгжүүлнэ гээд байж байна. Ингээд гурван тийш салаалаад байж байтал асуудал гарахаар аль нь ч хариуцлага хүлээдэггүй. Хоёрдугаарт, эдийн засгийн бодлогын хувьд дампуурсны нэг илрэл бол олон жил явж ирсэн алдагдал. Энэ салбарын алдагдал 2016 онд 10 гаруй тэрбум төгрөгөөр хэмжигдэж байсан бол одоо 200,300 тэрбумаар хэмжигдэж байна. Нийт хуримтлагдсан алдагдал нь 1 их наяд давчихсан. Тарифыг үе шаттай нэмсэн. Хэтэрхий хямд, бодит бус байна гэх асуудал яригдаад тарифыг үе шаттай нэмээд явж байгаа.

Гэтэл 2016 онд нэг айлын төлбөр кВт цаг тутамдаа 122 төгрөг байсан бол өнөөдөр 280 төгрөг болсон.

Тэгсэн хэр нь одоо ч алдагдал арилаагүй. Нөгөөтээгүүр улсын төсвөөс олон зуун тэрбум төгрөгийн татаасыг эрчим хүчний салбарт олгосон. Гадаадын зээл тусламж гэж та хэллээ. Миний тооцсоноор 2016 оноос хойш 1.5-1.6 их наяд төгрөгийг гадаадын зээл тусламжаар аваад зарцуулчихсан байна. Одоо ч өөр олон зээл тусламж яригдаж байна. Үүнийг буцааж хэн төлөх юм бэ гэвэл монголчууд бид өөрсдөө. Монголын айл өрх, ААН байгууллагууд. Цахилгааны төлбөр дээрээ нэмээд төсөв татвараар дамжуулаад төлнө. Энэ бол далд төлбөр. 2016 оноос хойш гэж тооцож үзвэл, нэг айлд дунджаар 2 сая төгрөгийн төлбөр ногдож байна гэсэн үг. Сар бүр төлж буй тоолуурын дүн дээр далд хэлбэрийн 2 сая төгрөгийг төлчихсөн байна шүү гэдгийг хэлээд байгаа юм.

Гуравдугаарт, улс төрийн дампуурал. Эрх баригч намаас улс төрийн томилгоогоор томилогдсон хүмүүс энэ салбарт байна. Гэтэл тэд энэ салбар руу орж ирж байгаа татаас хөрөнгө оруулалтууд, гадаадын зээл тусламжийг үр ашигтай зөв зүйлд нь зарцуулахын оронд өөрсдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлж захиран зарцуулж, эцсийн дүндээ тэр нь үнэтэй хаус, машин болж хувирдаг тогтолцоо бий болчихсон. Эдгээрээс харахад, эрчим хүчний салбар ямар нэгэн техникийн алдаанаас болоод биш системийнхээ хувьд бүрэн дампуурчихсан байна л гэсэн үг.

-Ингээд ярихаар асуудлыг улстөржүүллээ, АН өөрсдөө ялгаагүй засгийн эрхийг барьж үзсэн хэр нь дан ганц эрх баригч нам руу буруу чихэж байна гэх хандлага ч бий болдог?

-Сүүлийн арван жилд нэг нам дангаараа засагласан. МАН-аас томилогдсон сайд салбарыг нь удирдаад явж байгаа нөхцөлд бид энэ намтай хариуцлага ярихаас өөр аргагүй. Энэ их авлига, хээл хахууль, үр ашиггүй мөнгөний тодорхой хувь нь намынх нь сонгуулийн санхүүжилтэд зарцуулагдсан байх магадлалтай учраас намтай нь, ЗГ-тай нь хариуцлага ярихаас өөр аргагүй. Нэгэнт бодлогыг нь чиглүүлнэ, салбарыг нь удирдана гэж томилогдсон бол хариуцлагаа хүлээх ёстой. Ардчилсан нам тодорхой хугацаанд засгийн эрх мэдлийг барьж байсан. Тэр үедээ юу хийж байсан юм бэ гэж ярих нь өөр асуудал. Жишээлбэл, 2012-2016 оны хооронд энэ салбарыг алдагдалгүй ажиллуулж байсан үе ч АН-д бий. Мөн эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэгдүүлж чадсан. Тэгэхээр манай намд ололт ч бий. Түүнийгээ сайжруулаад явах ёстой. Магадгүй бидэнд тэр үед алдсан зүйл байж болно. Түүнийг засах ёстой. Ямартай ч өнөөдрийн нөхцөлд бид сүүлийн арван жил засагласан намаас хариуцлага нэхэхгүй гэвэл өөр хэнээс нэхэх юм. Үүнийг ярихаар улстөржсөн гэж ойлгохоо болих хэрэгтэй. Дахин тодотгоод хэлье. Энэ салбар өөрөө улстөржчихсөн салбар байсан. Яагаад гэвэл,

Монгол Улсын эрчим хүчний салбарын үйлдвэрлэж байгаа ДНБ-ий 97 хувийг ТӨХК-иуд бий болгож байгаа. Социализм, коммунизм байгуулж байгаа улсад ч ийм үзүүлэлт байхгүй.

Төр гэдгийн цаана дарга, даргын цаана эрх баригч нам байгаа юм. Иймээс энэ салбар бол өөрөө улстөржсөн салбар мөн.

-Эдийн засгийн хүртээмж айл өрхийн хаалгаар орж чадахгүй зөвхөн нийгмийн халамж, популизмаар дамжиж орж байна-

-Таны хэлсэнчлэн социализм, коммунизм байгуулж байгаа улсад ч ийм тоо байхгүй. Гэтэл төрийн оролцоо бүх шатанд, бүх салбарт байх боллоо. Төрийн байгууллага нь хувийн хэвшлийнхээ орон зайг жилээс жилд хумиж байгаа талаар эдийн засагчид ч хэлдэг. Эрчим хүчний салбарт тарифаа нэмсэн. Үнэ дээр хүртэл төр оролцож байна шүү дээ?

-Төрд эрх мэдэлтэй байгаа хүмүүсийн цаад мөн чанар нь, аль болох өөрсдөөсөө хамааралтай байлгах, шийдвэр гаргахад нь оролцох, өөрөө мөнхөд тэр суудалд байх юм шиг хандлагаас эхтэй. Эрчим хүч бол нэг л жишээ нь. Гэхдээ нэлээн хүндэрсэн салбарынх нь нэг жишээ. 35 жилийн турш ямар нэг либералчлал хийгдээгүй, өмч хувьчлал явагдаагүй, гадаадын хөрөнгө оруулалтыг олигтой татаж чадаагүй. Үүнтэй адил салбарууд манайд байгаа. 35 жилийн өмнө бид төр бүхнийг мэддэг төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг биш чөлөөт зах зээлийн зарчмаар явна гэдэг сонголтоо хийгээд хувийн хэвшилд суурилсан эдийн засгийг хөгжүүлээд явж байсан. Гэтэл сүүлийн 20-иод жилийн хугацаанд үүнээсээ ухраад явж байгаа. Монгол Улсын ДНБ-д эзлэх төсвийн зарлагын хэмжээ 40 гаруй хувь руу дөхчихсөн. Төрийн өмчит компаниудын нэмүү өртөгт эзэлж байгаа хувь нь 30-аад хувь руу дөхсөн. Монгол Улс бол төрийн монополтой эдийн засагтай болчихсон. Тэр хэрээр хувийн хэвшлийн орон зай хумигдаж, эдийн засгийн хүртээмж айл өрхийн хаалгаар орж чадахгүй зөвхөн нийгмийн халамж, популизмаар дамжиж орж байна. Хоёрдугаарт, энэ хэрээр авлига, хээл хахууль, хүнд суртал нэмэгдэж дарга анги томорч байна. Үүнийг дагаад төр ч данхайж байна.

Ийм байдлаар сүүлийн 20-иод жил нүүрс, зэснээс орж ирсэн багахан мөнгөө халамж болгож тараагаад, үлдсэнийг нь дээгүүрээ хувааж идэж явсаар эдийн засагт ямар ч чанарын өөрчлөлт гараагүй, гацсан нөхцөл байдалд байна.

Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 6000 ам.доллар хүрлээ гээд гайхуулаад байгаа боловч амьдралын чанар дээр ямар ч өөрчлөлт гаргаж чадаагүй. Энэ байдал цаашид удаан үргэлжлэхэд дундаж орлогын хавх гэдэг зүйлийг бий болгодог. Байгалийн баялгаас хамааралтай эдийн засагтай улс орнуудын хувьд 6000 ам.доллар дээрээ гацсан олон жишээ бий. Энд технологийн, эдийн засгаа төрөлжүүлэх чиглэлийн шинэ шатны зүйлээ гаргаж ирэхгүй л бол энэ дүн дээрээ гацна. Тэгээд л түүхий эдийнх нь үнэ унахаар дагаж хямраад, өсөхөөр нь түүгээрээ жаахан тансаглачихаад л байж байдаг болно. Ийм амьдрал биднийг үеийн үед хүлээж байна. Тиймээс чанарын өөрчлөлт хийхийн тулд эдийн засгийг илүү төрөлжүүлж, хөгжүүлэх ёстой. Түүний тулд төрийн оролцоог хумихаас өөр арга зам байхгүй. Иймд Ардчилсан намын зүгээс Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, төрийн өмчийн хувьчлал, төсвийн зарлагын реформ зэрэг асуудлыг хөндөөд байгаа юм. Үүний цаана маш том ач холбогдол байгаа.

-Эрчим хүчний салбар тэр тусмаа үнэ дээр төр оролцох нь хэр зөв юм бэ?

-Энд хоёр зүйлийг хэлэх ёстой. Он удаан жилийн турш төрөөс үнийг бодит өртгөөс нь тогтоон, барьж ирснээс эрчим хүчний компаниуд алдагдалтай ажиллаж ирсэн үү гэвэл үнэн. Үүнийгээ улстөрчид эрчим хүчний үнийг нэмэхээр бүх юмны үнэ дагаад нэмэгдэнэ, ард түмний амьдрал дордоно гэдэг байдлаар тайлбарладаг.

Гэтэл эрчим хүчний аюулгүй байдлаа хангахгүйгээр бусад эдийн засаг, үйлдвэрлэлийн тухай бид ярих боломжгүй.

Тэр алдагдлынхаа зөрүүг төсвөөс татаас хэлбэрээр олгодог.

Зүй нь, хэрэв татаас өгдөг дээрээ тулбал түүнийг салбарт нь, үйлдвэрт нь биш зорилтот хэрэглэгчиддээ олгох ёстой.

Энэ бол олон улсад байдаг жишээ. Олон улсын байгууллагууд ч үүнийг манайд зөвлөж байгаа шүү дээ. Эрчим хүчний үнийг нэмэхэд тодорхой хэсгийн ялангуяа орлого багатай хэсэгт хүндрэл үүснэ. Тэгвэл энэ нөхцөлд татаасаа хүн дээр нь төвлөрч өг. Түүнээс биш нийт салбарт нь өгөх юм бол ямар ч шинэчлэл хийгдэхгүй, ямар ч хөрөнгө оруулалт орохгүй хэмжээнд байлгаад байна гэсэн үг. Иймээс хэрэглэгчдэд татаасаа өг гэдэг асуудлыг тавьдаг. Гэхдээ үүнийг бид хийж чадаагүй.

Хоёрдугаарт, болохоо байлаа гээд эрчим хүчний үнийг үе шаттай нэмлээ шүү дээ. 2016 онтой харьцуулахад нэг айлын төлж буй эрчим хүчний тариф 2.3-2.5 дахин нэмэгдчихсэн байна. Тэгвэл энэ салбар руу гадаадын хөрөнгө оруулалтыг оруулаад, үнийг нь бодит түвшинд нь тогтооё гэхээр эрчим хүчний реформ гэж үнээ нэмснээ тодорхой нэр бүхий хоёр компанитай гэрээ хийж аваад хаачихсан. Өндөр тогтсон дүн дээр нь тэр хоёр компани л нийлүүлэх юм байна, өөр гадаадын хөрөнгө оруулагчид орж ирээд саналаа өгье гэхээр бүгд хаалттай болчихсон.

Төрийн оролцоо, дарга нарын эрх мэдэл их учраас салбарыг нь хаалттай болгож байгаад тогоон дотроо хувааж идэх сонирхол дээр дооргүй байдаг.

-Нэг талдаа төр цомхон бүтцээр ажиллая гэдэг хэр нь төрийн өмчит компанийг хүссэнээрээ байгуулах эрх нь төрд байна. Олон жил алдагдалтай ажилласан ТӨХК байгаа ч түүнийг татан буулахгүй байна. Татан буулгах нь бүү хэл захирлуудыг нь урамшуулдаг асуудал ч бий. Тиймээс төрийн өмчит компаниудыг цэгцлэх хөдөлгөөн дээр бид яаж хандах ёстой юм бэ?

-Хувийн хэвшлийн гүйцэтгэх захирал байя гэж бодъё. Компани нь хэдэн жил дараалаад ашиггүй ажиллавал тэр хүн ажлаасаа халагдана биз дээ. Эсвэл тэр компани нь дампуураад явна биз дээ. Гэтэл төрд байгаа компаниуд жилээс жилд ашиггүй ажиллаад л байхад дампууруулдаггүй, татаас өгөөд л байлгаад байдаг. Тэр байтугай дарга нарт нь урамшуулал олгодог. Энэ тогтолцоо бүтэхгүй учраас төрийн өмчийг хувьчлах ёстой.

Төрийн өмчийг хувьчилна гэдэг нь төрийг хүчгүйдүүлж, өмч хөрөнгөгүй болгох гээд байгаа асуудал биш.

Яг үнэндээ төр хийх ёстой зүйлээ хийж чаддаг, бодлого нь хүчтэй байх ёстой. Түүнээс биш юм болгоныг хийж чаддаг бол хүчтэй төр гэсэн үг биш. Эсрэгээрээ аж ахуйн үйл ажиллагааг хувийн хэвшил нь хийж байж эдийн засаг илүү хурдацтай хөгжиж, үр ашигтай байна. Яагаад гэвэл татвар төлөгчдийн мөнгөн дээр хэн нэг улстөрчийн томилгоогоор очиж менежмент хийх, хувийн хэвшил бизнесийн зарчмаар менежмент хийх хоёр тэнгэр, газар шиг зөрүүтэй.

Иймээс хувийн хэвшилд суурилсан эдийн засаг илүү хөгждөг гэдэг нь хүн төрөлхтний түүхээр нотлогдчихсон. Үүний эсрэг явж болохгүй.

Төрийн өмчит компаниудаа сайжруулна гэж ярихдаа косметик засварууд яриад байдаг. ТУЗ-ийг нь сайжруулна эсхүл даргыг нь солино гээд л. Хоёр, гуравхан жилийн өмнө ТӨХК-иудын ТУЗ-ийг сонгон шалгаруулна гэдэг хүний нөөцийн сүржин аян монгол орон даяар өрнөж байв. Одоо тэгээд тэр нь хаана байна вэ гэхээр байхгүй л байгаа байхгүй юу. Сууриар нь болохгүй байгаа зүйлийг мянга болгох гээд нэмэргүй шүү дээ. Салхи сөрнө гэдэг шиг л. Тэгэхээр тогтолцоогоо өөрчилнө гэдэг нь төр аль болох бага оролцоотой байж, бизнесийн үйл ажиллагааг хувийн хэвшил рүү шилжүүлж байж л үр ашигтай болгоно. Өөр сонголт байхгүй.

-2026 онд эдийн засаг сайжраад гэнэт л өргөс авсан юм шиг болчихно гэж бодохгүй байна. Инфляц буурах төлөв харагдахгүй байна-

Үргэлжлүүлээд энэ оны эдийн засгийн төлөв байдлын талаар ярилцъя. Өнгөрсөн онд нүүрсний экспортыг өөдрөгөөр төсөөллөө гэж байсан боловч биет хэмжээгээрээ зорилтдоо хүрсэн. Харин үнээс шалтгаалж, орлого тал дээр дутсан асуудал бий болсон. Тэгвэл энэ онд зэс, нүүрсний экспортын хувьд зорилтдоо хүрч чадах болов уу. Та юу гэж харж байна?

-Зэсийн таамаглал бол харьцангуй боломжтой. Зэсийн зах зээлийн төлөв байдлыг харахад, зорилтдоо хүрнэ гэсэн найдвар өндөр. Нүүрсний хувьд, энэ салбар уруудсан хэвээр байгаа. Хятадын зах зээл дээр нүүрсний эрэлт нь багасаж байна. Аз болж сүүлийн үед Индонез зэрэг зарим улс нийлүүлэлтээ хязгаарлаж байх шиг байна. Гэлээ гэхдээ урт хугацаандаа ерөөсөө энэ нүүрсний зах зээлийн төлөв байдал бол тийм эерэг биш. Тэгэхээр бид ямар нэг азанд найдаж, салхинд хөөгдсөн хамхуул гэдэг шиг л явж ирлээ. Одоо энэ нөхцөл байдлаасаа бол гарахгүй бол болохгүй. Тэгээд үнэ өндөр байх үед нь төсвөө баахан тэлээд, үр ашиггүй зардлуудыг төр дээр авчихсан. Гэтэл нөгөө үнэ нь унаад ирэхээр тэрийгээ дийлэхээ больдог гэдгийг бид өнгөрсөн онд харлаа шүү дээ. Сүүлдээ оны сүүл рүү цалингаа яаж тавих вэ гэдэг дээрээ тулж ирлээ.

Төсвийн тодотгол хийгээд төсвийн зарлагаа 10 гаруй хувиар танасан. Гэтэл тодотгосон дүндээ хүрч чадахгүйгээр алдагдал хүлээж, сүүлдээ цалин тэтгэврийн асуудал нь яригдсан.

Өнөөдрийг хүртэл маш олон компани төрд ажил хийж өгснийхөө төлөө, бараа бүтээгдэхүүн нийлүүлснийхээ төлөө төлбөр мөнгөө авч чадаагүй байж байна шүү дээ.

Тэгэхээр 2026 онд нөхцөл байдал сайжраад, өргөс авсан юм шиг болчихно гэж бодохгүй байна. Нэн ялангуяа дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал улам ойлгомжгүй бүрхэг болж эхэлж байна. Магадгүй олон улсад нефтийн ч гэдэг юм уу үнэ буураад инфляц буурах байх. Гэтэл Монгол Улсад төсвийн тэлэлт, валютын ханштай холбоотойгоор инфляц буурах төлөв байдал харагдахгүй байна. Инфляц өндөр байх юм байна. Зардал өндөр байх юм байна. Цалин тэтгэврээ нэмнэ гээд амлачихсан байдаг.

Тэгэхээр энэ оны төсөв дээр өнгөрсөн жилийн түүх давтагдах магадлал маш өндөр.

-Хэрэв тийм бол тодотголын асуудал яригдах болов уу?

-Миний хувийн мэдрэмжээр бол, хаврын чуулганаар төсвийн тодотголын асуудал яригдах эрсдэл байгаа.

Индонезийн шийдвэр зэрэгтэй холбоотойгоор нүүрсний үнэ тодорхой хэмжээгээр жоохон өсөхгүй л бол хэцүү. Бүхэл бүтэн улс байж нүүрсний үнээс хамаараад бүх хувь заяа нь шийдэгддэг байж болохгүй. Эдийн засгийн мэргэжлийн үг хэллэгээр ярихаар хүмүүст ойлгомжгүй байгаад байдаг. Мөчлөг сөрсөн төсвийн бодлого явуулъя, төсвийн зарлагаа хяная, нэг хоёр бүтээгдэхүүнээс хамаарлаа багасгаад диверсификац хийе гэж яриад байгаагийн цаана тэр нүүрс, зэс нь яаж ч хөдөлсөн Монгол Улс тогтвортой, жигдхэн урагшилдаг байх ёстой гэдэг зүйлийг л ярьж байгаа юм шүү дээ. Тэр эдийн засгийн бүтцийг бий болгох чиглэлд бол урт хугацааны шийдэл бодлого хэрэгтэй. Үүнийг хийхгүйгээр бид явж ирсэн.

-Ер нь зах зээлийг нь харсан ч зэсийн экспорт дээр нэлээн найдвар тавьж байна. Гэхдээ олон улсын түвшинд ямар сорилтуудтай тулгарч мэдэхээр байна вэ. Нөгөөтээгүүр манай улсад зэсийн салбарыг тойрсон улстөржилт их байдаг шүү дээ?

-Нүүрсний уналтаас үүдсэн эрсдлийг зэс тодорхой хэмжээгээр нөхөх нь гэдэг ч юм уу, зөөлрүүлсэн гэдэг нь үнэн. Нэгдүгээрт, Оюутолгой ордын гүний уурхайн олборлолт эхэлсэнтэй холбоотойгоор нийт экспортын хэмжээ нэмэгдэж байгаа. Дэлхийн зах зээл дээр цахилгаан машин гэдэг ч юм уу ийм чиг хандлагаас хамаараад зэсийн эрэлт өндөр байна. Энэ нь бидэнд сайн тал мөн үү гэвэл гэвэл тийм. Гэхдээ нэг зүйлийг анхаарахгүй бол болохгүй. Жишээлбэл, 2025 онд Монгол Улсын нийт экспортын 92 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн байна. Түүний дотор 60 гаруй хувь нь нүүрснээс хамааралтай. Зэс дангаараа 30 хүрэхгүй хувь.

Тэгэхээр зэсийн экспорт хэчнээн сайн байлаа ч гэсэн одоохондоо нүүрсийг орлуулах хэмжээнд хүрч очихгүй.

Рио Тинто компанитай байгуулсан хэлэлцээрээ эргэн харах талаар асуудал ид хөндөгдөж байна шүү дээ. Энэ хэлцэл хурдан хугацаанд шийдэгдээд дараа дараагийн Оюутолгойн хөрөнгө оруулалт хийгдэж, далд уурхайн дараагийн босоо амыг хийэж түүнийг дагаад экспорт нэмэгдэхгүй бол одоо байгаа хүчин чадлын хүрээнд биет хэмжээ нэмэгдэхгүй.

-Засгийн газраас энэ онд эдийн засгийн өсөлтийг 5.7 хувь гэж төсөөлж байгаа. Эдийн засагчдын зүгээс ч 5-5.7 орчим хувь дээр байх болов уу гэж таамаглаж байна. Эдийн засгийн өсөлт тал дээр танд ямар таамаг байна. Энэ онд эдийн засаг маань өндийх болов уу?

-Таван хувийн өсөлт бол манай эдийн засгийн хувьд бол тийм ч хэцүү зүйл биш. Өсөлт ийм түвшинд байж болох уу гэвэл болно. Олон улсын нөхцөл байдалтай харьцуулахад бидний таван хувийн өсөлт бол хэт өөдрөг ч биш, хэт гутранги ч биш байж болохуйц төсөөлөл. Хамгийн гол зүйл нь түүнд нөлөөлөх хүчин зүйл нь нүүрсний салбар, гадаад эрэлт. Нүүрсний салбар нь маш олон салбарыг тэтгэж байгаа шүү дээ. Наад зах нь манай тээврийн салбар. Монгол Улсын тээврийн салбарын чинь ачаа эргэлтийн хамгийн гол хэрэглэгч, худалдан авагч нь нүүрсний салбар. Тэгэхээр энэ байдлаараа явбал таван хувийн өсөлт бол тийм хэцүү асуудал биш. Бүрэн боломжтой.

Гэтэл яг чанарын хувьд уул уурхайн салбарын өсөлт Монгол Улсын хэдэн компани, хэдэн айл өрхөд хамаатай юм бэ гээд үзэхээр хүртээмж багатай байхгүй юу. Энэ өсөлтийг хүртээмжтэй болгохын тулд олон салбар хөгжих ёстой. Нэн ялангуяа жижиг дунд бизнесүүд хөгжих ёстой. Макро түвшинд 5 хувийн өсөлт гээд яриад байдаг.

Тэр дотор нь уул уурхайн салбар өндөр өсөлттэй байхад жижиг дунд бизнесүүд нь өсөөгүй, айл өрхийн бодит орлого өсөөгүй байх юм бол өсөлт нь 5 байна уу 10 байна уу хамаагүй болчхож байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд яг ийм алдааг бид гаргаж байсан. Том макро тоо яриад байсан. Чанарын өсөлт буюу өсөлтийн хүртээмж байхгүй байсан байхгүй юу.

-Тэгвэл жижиг дунд бизнесүүд рүүгээ яаж хандах вэ, бодлогоор?

-Богино хугацаанд шууд хийчихдэг юм биш. Эдийн засгийг төрөлжүүлнэ, солонгоруулна, диверсификац хийнэ гээд байгаагийн гол асуудал нь тэр болчхоод байгаа юм. Богино хугацаанд Монгол Улсад гадагш зарж чадаж байгаа юм нь нүүрс, зэс. Түүнээс орж ирсэн мөнгийг бусад салбарыг дэмжихэд яаж зарцуулах вэ гэдэг орлогын менежмент нь чухал. Тэгэхээр адгийн наад зах нь уул уурхайгаас олсон мөнгөөрөө бид эрчим хүчний салбараа хөгжүүлээд Монгол Улсад найдвартай, хямд эрчим хүчний эх үүсвэр бий болсон байсан бол үйлдвэрлэл хөгжих эхний бааз суурь болох ёстой шүү дээ. Тэгэхээр одоо тэр нь байхгүй. Мөн тээвэрлэлтийн зардал. Монголд ямар нэг үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад хамаг юм тээвэр логистикоос болж гацаж байна. Тэгвэл төмөр замын сүлжээгээ өргөтгөх байсан уу, авто замаа нэмэх байсан уу, боомтуудынхаа хүчин чадлыг нэмсэн бол Монголд үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнес хийхэд нөхцөл байдал шал өөр байх байсан. Энэ мэтчилэн эдийн засгаа төрөлжүүлэх орлогын менежментийн бодлого л байхгүй. Уул уурхайгаас олсноо буцаагаад л уул уурхай руу хийж, өдөр хоног өнгөрөөгөөд яваад байсныхаа л горыг бид одоо ч гэсэн амссаар явж байна.

-Төрийн бодлого судалгаа, нотолгоо гэхээс илүүтэй хувь хүмүүсийн харилцаа магадгүй популизм, тухайн үед хүмүүс сошиалаар юу хүсэж байна түүнийг дагасан байдалтай явж ирлээ-

-АН-ын дэргэдэх "Гэрэгэ" бодлого судалгааны хүрээлэнгийн талаар асуумаар байна. Таны хувьд тус хүрээлэнгийн УЗ-ийн гишүүнээр томилогдсон. АН-ын бүтэц дээр өмнө нь "Бодлого стратегийн хүрээлэн" гэж байсан шүү дээ. Энэ нь хоёр өөр бүтэц үү. Эсвэл З.Нарантуяагийн удирдаж байсан тус хүрээлэнгийн бүтэц, үйл ажиллагаа нь илүү шинэчлэгдээд явж байгаа хэлбэр үү?

-Өмнө нь тодорхой гишүүдээс гарсан санаачилгыг тухайн үеийн намын дарга Л.Гантөмөр дэмжсэнээр АН-ын дэргэдэх "Стратеги бодлого судалгааны хүрээлэн" гэж байгуулж байсан. Би ч тэнд тодорхой хэмжээний оролцоотой ажиллаж байсан. Гэхдээ тухайн бүтэц нь намын дэргэдэх гэж явж байсан боловч үүсгэн байгуулагчаар нь хувь хүмүүс бүртгэлтэй ажиллаж байсан. Намтай хамтарч ажиллаад явж байсан хэдий ч яг хуульчлагдаж чадаагүй байсан гэх юм уу даа. Өнгөрсөн онд Улс төрийн намын тухай хуульд нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхэлсэн шүү дээ. Энэ хуулиар нам дэргэдээ бодлого судалгааны бүтэцтэй байж болох тухай агуулга дурдагдсан. Ингэхдээ төсвөөс улс төрийн намуудад өгч байгаа санхүүжилтийн тодорхой хувийг яг энэ чиглэлд зарцуулна гэсэн агуулга туссантай холбоотойгоор "Гэрэгэ" бодлого судалгааны хүрээлэнг намын дарга болон Улс төрийн зөвлөлийн шийдвэрээр шинэчлэн байгуулж байгаа юм. Өмнө ажиллаж байсан АН-ын дэргэдэх хүрээлэн нь "Гэрэгэ"-тэй үйл ажиллагааны хувьд нэгдээд явна гэж ойлгож болно.

-Ер нь гол төлөв юун дээр анхаарч ажиллахаар бодлогоо гаргасан байгаа вэ. Шинэчлэл тал дээрээ харсан зүйлс юу байна?

-Би ерөнхий чиглэлийн талаар ярья. Гүйцэтгэх захирлаар томилогдсон Номингэрэл та бүхэнд үйл ажиллагааны чиглэл, төлөвлөгөөгөө илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх. Монголын улс төр өнөөдөр тодорхой бодлого, судалгаа, нотолгоо гэхээсээ илүүтэй хувь хүмүүсийн харилцаа магадгүй популизм, тухайн үед хүмүүс сошиалаар юу хүсэж байна түүнийг дагасан байдалтай явж ирлээ. Гэтэл төрийн бодлого гэдэг чинь ийм байж болохгүй. Одоогийн ЗГ байгуулагдаад бүхэл бүтэн зургаан сар болсон хэр нь үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг шинэчилж батлуулаагүй, 5 жилийн чиглэл нь тодорхойгүй, байгуулагдаад 100 хонохдоо хийсэн ажилгүй сууж байсныг та бид харсан. Гэтэл улс төрийн нам гэдэг чинь засгийн эрх барьсан ч, сөрөг хүчин байсан ч тодорхой асуудал дээр ямар байр суурьтай байх юм, ямар шийдэл гаргаж хандах юм зэргээ мэддэг байх ёстой. Түүнийг нь бодлогын судалгааны байгууллагууд хангаж өгч байх ёстой. Энэхүү тинк танкын гол үүрэг нь эрдэм шинжилгээний гол байгууллага гэхээс илүүтэйгээр эрдэмтэн судлаач, шийдвэр гаргагч нарыг хооронд нь холбож өгдөг гүүр нь болох учиртай. Тиймээс нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт ямар асуудал байна түүнийг шийдвэрлэх ямар арга зам байна вэ гэдгийг тодорхойлсон бодлогуудыг гаргаж ирнэ.

Мөн намын даргын зүгээс Ардчилсан нам 2027, 2028 оны сонгуулиудад амжилттай оролцсон тохиолдолд яг юу хийх юм бэ гэдгээ уриа лоозон амлалт төдий биш тооцоо судалгаатай бодлогын түвшинд боловсруулах хэрэгтэй байна гэдэг үүрэг даалгаврыг өгч байгаа. Энэ нь олон улсын түвшинд нэлээн түгээмэл болж буй хандлага. Жишээлбэл, Ерөнхийлөгч Доналд Трамп сонгогдсоныхоо дараа буюу тангараг өргөсөн өдрөө маш олон шийдвэрүүдийг гаргаад хэрэгжүүлээд эхэлсэн. Үүний цаана олон тинк танк байгууллагууд бодлогын шинэчлэлийг нь бэлэн болгочихсон байсан. Үүнтэй адил зарчмаар тодорхой бодлогуудыг боловсруулах нь тинк танкын үүрэг юм.

16 НАСТАЙ ОХИНЫ ШҮҮХ ХУРАЛ: Шүүх танхимд тог тасарлаа
16 НАСТАЙ ОХИНЫ ШҮҮХ ХУРАЛ: Шүүх танхимд тог тасарлаа
 
Автобусны буудлын дулаан бүхээгийн хаалгыг эвдэн орж, матрас тавьж хонодог иргэдийн үйлдлийг таслан зогсоожээ
Автобусны буудлын дулаан бүхээгийн хаалгыг эвдэн орж, матрас тавьж хонодог иргэдийн үйлдлийг таслан зогсоожээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!