Эрчим хүчний сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад "ТЭЦ-4" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдоод удаагүй байсан Н.Тавинбэх болон түүний хамаарал бүхий зарим этгээдийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, 48 цагийн хугацаатай цагдан хорьсон байдаг.
Тэгвэл цагдан хорих хугацааг сунгах эсэх шүүх хурал өнөө өглөө 09.00 цагт Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд болж, шийдвэрээ гаргажээ. Тодруулбал, Н.Тавинбэх болон түүний зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудорж нарыг яллагдагчаар татаж, үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэсэн байна.
Эргэн сануулахад, Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын “Монгол Улсын 10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн гэрээг БНСУ-ын “Эксим банк”-ны эх үүсвэртэй 40 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр буюу 148,7 сая ам.долларын өртөг бүхий гэрээг 2019 онд байгуулсан байдаг. Улмаар Эрчим хүчний яамнаас 2019 онд дээрх төслийн Зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр БНСУ-аас 2 аж ахуй нэгж, МУ-аас 1 аж ахуйн нэгжийн түншлэлийг сонгон шалгаруулж, Зөвлөх үйлчилгээний 9 сая гаруй ам.долларын гэрээг байгуулжээ.
Үүнээс хойш төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компанийн ажлын гүйцэтгэл хангалтгүй, мөн зөвлөх үйлчилгээний гэрээний хугацаа дууссан байхад Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэх нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Зөвлөх үйлчилгээний” гэрээний хугацааг сунгасан, зөвлөх үйлчилгээний төсвийг үндэслэлгүйгээр 2,6 сая ам.доллароор нэмэгдүүлж МУ-ын нэр бүхий аж ахуй нэгжид эдийн засгийн давуу байдал бий болгосон нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад зөвлөх үйлчилгээ үзүүлэгч МУ-ын нэр бүхий аж ахуйн нэгж нь Н.Тавинбэхийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байхад нь түүний зөвлөхөөр ажиллаж байсан иргэн П.Товуудоржийн үүсгэн байгуулсан компани болох нь тогтоогджээ. Мөн зөвлөх үйлчилгээтэй холбоотой 2.1 сая ам.доллар буюу 7 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийг гаргуулан авсан байна. Уг хэрэгтэй холбогдуулан одоогийн байдлаар 3 хүнийг сэжигтнээр баривчилсан бөгөөд 21 газарт прокурорын зөвшөөрлөөр мөрдөн шалгах нэгжлэгийн ажиллагааг зохион байгуулсан байна.
Нэгжлэгээр Н.Тавинбэх ба түүний хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээрх өндөр үнэтэй олон тооны үл хөдлөх хөрөнгө болон үнэт эдлэлүүдийг хураан авсан байдаг.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!