Н.Тавинбэх болон түүний хамаарал бүхий этгээдүүдээс олон тооны үл хөдлөх, үнэт эдлэл хураан авчээ

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 27 секунд

АТГ-аас "ТЭЦ-IV"-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа Н.Тавинбэхийг өчигдөр орой баривчилсан гэх мэдээлэл гараад буй. Ингэхдээ мөн өөр хоёр албан тушаалтныг баривчилжээ. Тэднийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэрэгт буруутган шалгаж байгаа аж.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын “Монгол Улсын 10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн гэрээг БНСУ-ын “Эксим банк”-ны эх үүсвэртэй 40 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр буюу 148,7 сая ам.долларын өртөг бүхий гэрээг 2019 онд байгуулсан байдаг. Улмаар Эрчим хүчний яамнаас 2019 онд дээрх төслийн Зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр БНСУ-аас 2 аж ахуй нэгж, МУ-аас 1 аж ахуйн нэгжийн түншлэлийг сонгон шалгаруулж, Зөвлөх үйлчилгээний 9 сая гаруй ам.долларын гэрээг байгуулсан байгаа аж.

Үүнээс хойш төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компанийн ажлын гүйцэтгэл хангалтгүй, мөн зөвлөх үйлчилгээний гэрээний хугацаа дууссан байхад Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэх нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Зөвлөх үйлчилгээний” гэрээний хугацааг сунгасан, зөвлөх үйлчилгээний төсвийг үндэслэлгүйгээр 2,6 сая ам.доллароор нэмэгдүүлж МУ-ын нэр бүхий аж ахуй нэгжид эдийн засгийн давуу байдал бий болгосон нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад зөвлөх үйлчилгээ үзүүлэгч МУ-ын нэр бүхий аж ахуйн нэгж нь Н.Тавинбэхийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байхад нь түүний зөвлөхөөр ажиллаж байсан иргэн П.Товуудоржийн үүсгэн байгуулсан компани болох нь тогтоогджээ. Мөн зөвлөх үйлчилгээтэй холбоотой 2.1 сая ам.доллар буюу 7 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийг гаргуулан авсан байна. Уг хэрэгтэй холбогдуулан одоогийн байдлаар 3 хүнийг сэжигтнээр баривчилсан бөгөөд 21 газарт прокурорын зөвшөөрлөөр мөрдөн шалгах нэгжлэгийн ажиллагааг зохион байгуулсан байна.

Нэгжлэгээр Н.Тавинбэх ба түүний хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээрх өндөр үнэтэй олон тооны үл хөдлөх хөрөнгө болон үнэт эдлэлүүдийг хураан авчээ. Мөн дээрх хэрэгт холбогдуулан Эрчим хүчний сайдын зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудорж, Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Нямаа нарыг үргэлжлүүлэн шалгаж байна. П.Товуудорж нь Эрчим хүчний яаманд газрын дарга, мөн яамны сайдын зөвлөх, Эрчим Хүчний зохицуулах хорооны зохицуулагчаар, Б.Нямаа нь Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Эрчим хүчний сайдын зөвлөх албан тушаалтайгаар тус тус ажиллаж байжээ. Монгол Улсаас БНСУ-ын “Эксим банк”-тай байгуулсан гэрээний зээлийн хүүд нийтдээ 605 мянган ам.долларыг одоогийн байдлаар төлөөд байгаа юм байна.

“Сэлбэ 20 минутын хот“-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлалаа
“Сэлбэ 20 минутын хот“-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлалаа
 
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!