
Азийн Эмэгтэй Парламентчдын бүлгийн чуулга уулзалт “Эдийн засгийн эрх мэдлийг тэлэх замаар жендэрийн тэгш байдлыг хангах нь: Тогтвортой ирээдүйн бодлого” сэдвээр Монгол Улсад хоёр дахь өдрөө (2025.09.16) үргэлжилж байна.
Монгол Улсын Их Хурлаас ХБНГУ-ын Конрад Аденауэрийн сантай хамтран зохион байгуулж байгаа энэ удаагийн уулзалт нь бүс нутгийн улс төрийн эмэгтэй манлайлагчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцол, эв нэгдлийг бататгах зорилготой юм.
Чуулга уулзалтад Бутан, Япон, Энэтхэг, Малайз, Малдив, Непал, Филиппин, Сингапур, Солонгос, Шри Ланка, Тайланд, Монгол, Герман улсын эмэгтэй парламентчид болон хүний эрх, жендэр, эдийн засаг, эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөл, эрх мэдэл бүхий эмэгтэйчүүд оролцож байна.
Уг арга хэмжээ Монгол Улсын Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд өнөөдөр “Ажиллах хүч бүрдүүлэгч эмэгтэйчүүд: Цалингийн зөрүүг арилгах нь” эхний салбар хуралдаанаар үргэлжиллээ. “Ижил хөдөлмөрт ижил цалин олгох” олон улсын хүний эрхийн зарчим зарим улс оронд харилцан адилгүй байгаа асуудлыг хэлэлцэв.

Тухайлбал эмэгтэйчүүд голдуу ажилладаг салбарт хөдөлмөрийн маш доогуур үнэлгээтэй, зарим тохиолдолд хөлс тооцдоггүй явж ирсэн хэвшмэл ойлголт, хандлага нь энэ хүйсийн хүмүүсийг ядууралд өртөх шалтгааны нэг болдог. Газар зүйн байршил, тухайн улс орны соёл, эдийн засгийн нөхцөл байдлаас хамаараад үнэлгээ өндөртэй ажлын байруудад ихэвчлэн эрчүүд ажиллах боломжтой зэрэг нь алсуураа санхүүгийн эрх чөлөөг боомилж, улмаар шийдвэр гаргах түвшинд охид, бүсгүйчүүд манлайлахад саад учруулж байна. Тиймээс зарим улс орон эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, ажлын байр бий болгох тогтвортой бодлогыг баримталсан нь эхнээсээ үр дүнгээ өгчээ.

Манай улсын хувьд уул уурхай, барилга гэх мэт салбаруудын харьцангуй өндөр цалин хөлстэй ажлын байруудад ихэвчлэн эрэгтэйчүүд ажилладаг нь хөдөлмөрийн хөлсний ялгавартай байдлыг даамжруулдаг тухай жишээг УИХ-ын гишүүн Б.Жаргалан дурдаж, энэ мэтчилэн асуудалд анхаарал хандуулах нь чухал гэсэн байр суурийг илэрхийллээ.