Онцгой байдлын ерөнхий газарт автобус шатсан, гэр шатсан болон сураггүй алга болсон дуудлага өчигдөр ирснээс гадна дулааны худгаас эрэгтэй хүний цогцос олдсоныг Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс шилжүүлсэн байна.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19-ын автобусны буудалд автобус шатаж байна гэсэн дуудлагыг 12.24-ний өдрийн 21:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дугээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 21:53 цагт очиж, “Жи Бус” ХХК-ийн Зайсан-Ган хийц чиглэлийн иргэн Э-ын жолоодож явсан “Хьюндай Аеро Сити 540” загварын том оврын автобусны хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Давааны-Ам багийн “Гэр-Асга” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 237 км-т, сумын төвөөс урд зүгт 48 км-т, Заг сумаас урд зүгт 18 км-т/ Заг сумын харьяат малчин Д-ийн 4 ханатай гэр 12.23-ны өдрийн 19:00 цагийн орчим шатсан тухай мэдээллийг 12.24-ний өдрийн 10:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Заг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээжээ.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 2 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 12.24-ний өдрийн 20:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 8 км замыг туулан 20:48 цагт очиж, иргэн Б-ын 6х4 метрийн хэмжээтэй амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Мөн нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхоны зүүн талын дулаан дамжуулах шугамын худагт хүний цогцос байна гэсэн дуудлагыг 12.25-ны өдрийн 02:56 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 11 км замыг туулан 03:10 цагт очиж, нэр, нас хаяг, тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна