Жаргалтхаан суманд “Орон нутгийн хөгжлийн төв” төсөл хэрэгжүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 56 секунд

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн “Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 56 дугаар тогтоолын хүрээнд 2026 оны нэгдүгээр сарын 7-12-ны хооронд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ажиллана. Тэрбээр Зүүн бүс дэх орон нутгийн томилолтоо Хэнтий аймгийн Жаргалтхаан сумаас эхлүүллээ.

Жаргалтхаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, Онцгой комисс, малчид, бизнес эрхлэгчдийн төлөөлөл, төсөвт байгууллагын удирдлагуудтай нэгдсэн уулзалт хийв.

Бүсчилсэн хөгжлийн бодлогод нийслэл, аймаг бүрд орон нутгийн Хөгжлийн төв, тэдгээрт таталцах сум сууринг тодорхойлсон бөгөөд Хэнтий аймгийн Жаргалтхаан сум нь Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Дэлгэрхаан сумдын таталцлын төв байхаар тусгасан. Иймд төрийн бодлогыг бодитоор хэрэгжүүлэх “Орон нутгийн хөгжлийн төв” төслийг эхлүүлэх зорилгоор тус сумаас уулзалтаа эхлүүлж буйгаа ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн онцоллоо.

Энэ хүрээнд Жаргалтхаан суманд төр, хувийн түншлэлээр “Орон нутгийн хөгжлийн төв” төсөл хэрэгжүүлэхээр зорьж байна. Хөгжлийн төв нь малын гаралтай түүхий эдийн ангилан ялгалт, анхан шатны боловсруулалт хийх бага оврын үйлдвэр, малын тэжээлийн үйлдвэр байгуулах, малчид, тариаланчдад мэдээлэл олгох, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх аж.

Уулзалтад оролцогчид арьс шир боловсруулах үйлдвэр яаралтай барих, хүнсний ногооны зоорьтой болох, хөдөөгийн багуудад үүрэн холбооны сүлжээ нэмэгдүүлэх, малын угаалгыг чанартай хийх, Хэрлэнбаян-Улааны отрын бүсэд орсон Баян-Эрдэнэ багийн малчдад өвөлжөө хаваржааны газрыг эзэмшүүлэх зэрэг санал дэвшүүлэв.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан зэрэг холбогдох албаныхан оролцогчдын асуултад хариулж, салбарын яамнаас боловсруулж буй хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өгөв.

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн “Төр бизнес хийхгүй, бизнесийг дэмжиж ажиллана. Төрөөс эргэлтийн хөрөнгө буюу хөнгөлөлттэй зээл, газар олголт, дэд бүтэц, татварын хөнгөлөлтөөр дэмжиж, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарна” гээд Хөдөө аж ахуйн салбарт “Атар 4”, Хүнсний хувьсгал, Цагаан алт гээд олон төсөл арга хэмжээ хэрэгжиж байна. Гагцхүү төрийн бодлого, хөнгөлөлттэй зээлийн боломжуудын талаарх мэдээллийг малчинд, иргэдэд түгээхэд анхаарах хэрэгтэйг тэмдэглэв.

С.Эрдэнэбат: Тэтгэврийн зээлийн эргэн төлөлт баталгаатай учраас заавал батлан даагчийн өндөр шалгуур тавих шаардлагагүй
С.Эрдэнэбат: Тэтгэврийн зээлийн эргэн төлөлт баталгаатай учраас заавал батлан даагчийн өндөр шалгуур тавих шаардлагагүй
 
Сэтгэцийн өвчтэй хүмүүст эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахыг чангаруулахаар ЭХ-д нэмэлт өөрчлөлт оруулна
Сэтгэцийн өвчтэй хүмүүст эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахыг чангаруулахаар ЭХ-д нэмэлт өөрчлөлт оруулна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!