“Монгол Инженер–2025” тэтгэлэг эзэддээ очлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 6 секунд

Монгол Инженер сониноос санаачлан хэрэгжүүлдэг сургалтын төлбөрийн тэтгэлэгт хөтөлбөрийн 2025 оны эзэд тодорч, Техник, технологийн коллеж болон дээд сургуулийн таван оюутанд тэтгэлгийг гардуулан өглөө.

Тус тэтгэлэг нь Монгол Улсад болон гадаадад ажиллаж, амьдарч буй инженер, технологийн салбарын мэргэжилтнүүдийн сайн дурын хандив, дэмжлэгээр бүрддэг бөгөөд ирээдүйгээ бүтээхээр хичээн суралцаж буй залуу үеэ урамшуулах зорилготой юм.

Энэ удаад Техник, технологийн дээд сургуульд цахилгааны инженер мэргэжлээр суралцаж буй А.Анхбаяр, Г.Тайванбат, барилгын инженерийн оюутан Б.Энхамгалан, мөн коллежийн оюутан Х.Хүслэн, Э.Түвшинжаргал нар сургалтын төлбөрийн 50 болон 100 хувийн тэтгэлэг хүртлээ.

“Монгол Инженер–2025” тэтгэлгийг Эйндховен их сургуулийн докторын хөтөлбөрийн захирал, програм хангамжийн инженер Д.Янжиндулам, IBM компанийн автоматжуулалтын инженер Н.Баасандорж, Швейцарт ажиллаж буй Газарзүйн мэдээллийн системийн инженер О.Цолмонгэрэл, Монголд ажиллаж буй дата аналист Т.Ундаръяа, мэдээллийн аюулгүй байдлын шинжээч Т.Нямжаргал, УИХ-ын гишүүн, газрын тос, химийн технологийн инженер Ж.Золжаргал нар ивээн тэтгэж, дэмжин оролцлоо.

Тэтгэлгийг гардуулах үеэр дэмжигчид оюутнуудад амжилт хүсэн үг хэлсэн юм. Доктор Д.Янжиндулам “Инженер хүн бол зөвхөн мэргэжилтэн биш, асуудал шийдэгч, нийгмийг урагшлуулах хүч байдаг. Та бүхэн Монголдоо ч, дэлхийд ч эерэг өөрчлөлт авчрах инженерүүд болоорой” хэмээн уриаллаа.

IBM компанийн автоматжуулалтын инженер Н.Баасандорж “Алдаа, сорилт бүр таныг илүү чадварлаг болгодог. Тасралтгүй суралц, туршиж үзэхээс бүү ай. Монгол инженерүүд дэлхийд өрсөлдөх бүрэн боломжтой” гэдгийг онцлов.

Газарзүйн мэдээллийн системийн инженер О.Цолмонгэрэл “Та бүхний эзэмшиж буй мэргэжил Монгол Улсын хөгжил, хот байгуулалт, орон нутгийн хөгжилд маш чухал” хэмээн хэлсэн бол дата аналист Т.Ундаръяа агуу удирдагч Нелсон Манделагийн “Боловсрол бол дэлхийг өөрчилж чадах хамгийн хүчтэй зэвсэг” гэсэн үгийг эш татан, суралцагч залууст амжилт хүслээ.

Мэдээллийн аюулгүй байдлын шинжээч Т.Нямжаргал “Монгол Инженер тэтгэлэг нь ирээдүйдээ итгэж буй залуусын зорилгыг бодит боломжоор дэмжиж буй үнэ цэнтэй санаачилга” гэдгийг онцолсон бол УИХ-ын гишүүн Ж.Золжаргал “Мэргэжилдээ хөлөө олсон инженерүүд дүү нараа дэмжиж, тэд цааш бусдыгаа дэмждэг эерэг эргэлтийг бий болгох нь энэхүү тэтгэлгийн гол зорилго” хэмээн онцоллоо.

“Монгол Инженер” тэтгэлэг нь инженер, технологийн салбарын залгамж халааг бодитоор дэмжсэн, мэргэжлийн хамтын нийгэмлэгийн оролцоонд суурилсан сайн жишээ болж байна.

Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургууль хэрэглээний цахилгаанаа 100 хувь өөрсдөө үйлдвэрлэдэг боллоо
Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургууль хэрэглээний цахилгаанаа 100 хувь өөрсдөө үйлдвэрлэдэг боллоо
 
Дэд сайд нарын асуудлаар МАН, АН-ын хамтарсан ажлын хэсэг байгууллаа
Дэд сайд нарын асуудлаар МАН, АН-ын хамтарсан ажлын хэсэг байгууллаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!