2025 онд онцлох ЮУ БАЙНА

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
14 минут 31 секунд

Улиран одож буй 2025 он улс төр, нийгэм, эдийн засаг, урлаг соёл, спортын халуун үйл явдлуудаар дүүрэн жил байлаа. Улс төр хурцдаж, төрийн тогтортой байдал алдагдахаас эхлүүлээд санаа зовних үйл явц олон өрнөсөн ч баярлам, бахдам олон амжилтууд олон түмний магнайг тэнийлгэсэн билээ. Тэгвэл уншигч таныг 2025 оны анхаарал татсан чухал хормуудаар Ubn сайт эргэн аялуулъя.

-28 ЖИЛ гацсан УРАНЫ ТӨСӨЛ УРАГШИЛЛАА-

Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Франц Улсын “Орано Майнинг” энгийн хувьцаат компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав. Ингэснээр 28 жил яригдсан ураны төслийг гараанаас нь гаргалаа. Гэрээ байгуулсан гуравдагч хөршийн зүгээс зөөвч-Овоо нь дэлхийн 10 томоохон ордын нэг бөгөөд энэхүү гэрээг хэрэгжүүлснээр Монгол Улс дэлхийн ураны зах зээлд томоохон тоглогч болно гэдгийг онцолж байлаа. Түүнчлэн энэ төсөл олон улсад монголын хөрөнгө оруулалтын орчны талаар цоо шинэ итгэлийг өгч чадна гэдгийг хэлж байсан юм.

Харин үр өгөөжийн тухайд, монголын ард түмэнд тав орчим тэрбум ам.долларын ашиг орлого авчрах төсөл ба орон нутгийн хөгжлийн санд 44 сая ам.долларыг шууд шилжүүлж, орон нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хөгжилд зориулагдах боломж бүрдэнэ.

-ЦАРИГИЙН ХЭРҮҮЛ ДУУСАЖ, ТӨМӨР ЗАМАА ХОЛБОХООР ШИЙДЭВ-

Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийг энэ оны хоёрдугаар сарын 14-нд байгуулж, яг гурван сарын дараа буюу тавдугаар сарын 14-нд бүтээн байгуулалтын ажлаа эхлүүллээ. Ийнхүү 2004 оноос анх яригдаж, 2008 оноос хойш үргэлжилсэн хоёр улсын хэлэлцээр бодит ажил боллоо.

Эл бүтээн байгуулалт нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй хоёр дахь төмөр зам ба төмөр зам холбогдсоноор боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспорт 83 сая тонноос 165 сая тонн болж, жилийн экспортын орлого 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэх тооцоололтой байгаа юм.

-“ХҮҮГИЙНХ НЬ ТАНСАГЛАЛ”-ААР ЭХЭЛЖ “ОГЦРОХ АМАРХАН”-ААР ҮРГЭЛЖИЛСЭН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЗГ-ЫН УНАЛТ-

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз охиндоо бэлэглэсэн гэх 250 сая төгрөгийн Lexus RX машин, 4950 ам.долларын үнэ бүхий Miu Miu брэндийн пиджак, 5000 ам.долларын цүнх зэрэг бэлэгнүүд нийгмийн сүлжээнд олны шүүмжлэл дагуулж эхэлсэн. Ийнхүү хүүгийнх нь тансаглалд ард иргэд ОРЛОГОО НОТЛО гэх шаардлагыг тавьж, Төв талбайд жагсаж эхэлсэн юм. "Огцрох амархан" жагсаалыг 20 гаруй хоног үргэлжилж, эцэст нь парламент ч Л.Оюун-Эрдэнэд ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭСЭНГҮЙ. Ингэснээр Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд огцорсон юм.

-У.ХҮРЭЛСҮХИЙН “ШӨНӨ”-

2025 оны Төсвийн тухай хуульд хориг тавих үед Ерөнхийлөгч өөрийн биеэр чуулганы танхимд орж ирж байв. Түүнээс хойш зургаан сарын дараа буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх асуудлыг хэлэлцэж байх үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы хуралдаанд орж ирсэн юм. Тэрбээр энэ үеэр "Хамтарсан Засгийн газрыг бүх талаар дэмжсэн. Энд сууж байгаа 2 даргыг хайрладаг, хамгаалдаг. Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ хоёрыг хүүхэд байхаас нь зарчимтай байгаарай гэж байнга захиж ирсэн. Хулгай, дээрмээс хол, худлаа битгий хэлээрэй. Бусдыг хуурч мэхлэхгүй байгаарай гэж ах хүний хувьд, дарга удирдагчийнх нь хувьд өнгөрсөн он жилүүдэд захиж ирсэн" гэсэн юм. Түүний хэлсэн үгс дунд албан тушаалтай зууралдалгүй асуудалтайгаа нүүр тул гэх өнгө аясыг "шидсэн" үгс ч байв.

-АЮУЛГҮЙН ЗӨВЛӨЛИЙН ХОЁР ГИШҮҮНЭЭ НЭГ ШӨНӨ ОГЦРУУЛАВ-

Намын даргын өрсөлдөөнөөс эхтэй зодоон МАН-ын цагаан байрнаас хальж, тэр бүү хэл парламентыг хямрал руу түлхэхэд хүргэв. Энэ цаг үед МАН-ын даргаар Д.Амарбаясгалан тодроод байсан боловч түүнийг нүүрсний хэрэгт холбоотой болохыг Г.Занданшатар мэдэгдэж, хуулийн байгууллагаар ч шалгаж эхлэв. Ингэснээр төрийн ордонд намынхан нь нэг талд Г.Занданшатарыг, нөгөө талд Д.Амарбаясгаланг огцруулахаар зэрэгцэн гарын үсэг цуглуулж, ээлж дараалан хэвлэлийн хурал хийж байлаа. Хоёр сар орчим үргэлжилсэн эл үйл явцын эцэст парламент нэг шөнийн дотор УИХ-ын даргаа, Ерөнхий сайдтай нь цуг огцруулсан юм.

ДЭЛХИЙН ОХИД

Дөрвөн жаахан монгол охин хотол даяар өндөлзүүлэн, ёстой л монгол хүн бүрийн баяр, бахдалыг төрүүлэв. 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад анх удаа болж, Монгол Улсын шигшээ багийн охид мөнхийн хөрш БНХАУ, сагсны эх орон гэгдэж, энэ салбартаа дархлагдсан АНУ-аас эхлээд Герман, Украйн, Хятад, АНУ, Польш гээд учраа таарсан багуудаа бүгдийг нь бут ниргэж, МӨНГӨН МЕДАЛИЙН ЭЗЭД болсон юм. Тэдний энэ амжилтыг үнэлж, МУГТ гэх эрхэм хүндтэй цол олгосон байдаг.

Түүнээс гадна сагсан бөмбөгийн спортод амьдралынхаа 20 гаруй жилийг зориулсан сагсчин залуус Б.Билгүүн, Т.Санчир нар энэ онд МУГТ хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэн билээ.

ГЭНЭТ ГАРЧ ИРСЭН ШИГЭЭ ГЭНЭТ ОГЦРОХ ШАХСАН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАРЫН "НҮҮДЭЛ"

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар. Сонгуулиар ялагдаж, ЕТГ-ын даргаар ажиллаж байсан түүний нэр гэнэтхэн л Ерөнхий сайдад орж ирсэн. Гэвч тэр гэнэт гарч ирсэн шигээ гэнэт огцрох шахсан. Байгуулагдаад 100 гаран хоногтой байхдаа гишүүдээс огцруулах бичиг хүртэж, УИХ-аар орж огцорсон. Харин түүнийг эл суудалд нь үлдээсэн нүүдэл нь ҮХЦ-ийн шийдвэр байсан юм. Тодруулбал, тэрбээр УИХ-аар санал хураалт явуулахтай зэрэгцэн ҮХЦ-д хандсан. ҮХЦ-ээс Үндсэн хууль зөрчсөн томъёоллоор санал хураалт явуулсан гэх шийдвэр гарсан тул Г.Занданшатар бүрэн эрхтэйгээ үлдсэн.

MAJOR-ООР МОНГОЛЧУУДЫГ “НОЙРГҮЙ ХОНУУЛСАН” MONGOLZ

Цахим спортын CS2 төрлөөр дэлхийд томоохон амжилт бүтээж яваа The MongolZ баг Дэлхийн чансааг тэргүүлж эхэлсэн нь энэ оны түүхэн амжилтуудын нэг байлаа. “The MongolZ”-ынхон дэлхийн чансааг тэргүүлсэн Ази тивийн анхны баг болж, түүхэнд нэрээ үлдээж чадсан. Энэ багийн түүх тэртээ 2013 оноос эхлэлтэй бөгөөд анх Dota 2 багийн бүрэлдэхүүнтэйгээр үүсгэн байгуулагдаж байсан бол 2015 оноос эхлэн CS буюу Counter Strike төрлөөр өргөжиж, өдгөө Монгол Улсдаа төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн цахим спортын баг болоод буй юм.

2025.06.23 CS2 тоглоомын энэ оны эхний Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөөх тоглолтын шөнө Төв талбайг The MongolZ багийг дэмжихээр ирсэн залуус дүүргэсэн юм.

ХАНХҮҮ НАРУХИТО 18 ЖИЛИЙН ДАРАА ЭЗЭН ХААНЫ ХУВИАР МОНГОЛД АЙЛЧЛАВ

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар энэ айлчлалаа ХЭЗЭЭ Ч МАРТАГДАШГҮЙ АЙЛЧЛАЛ хэмээн тодорхойлов. 18 жилийн өмнө угсаа залгамжлах ханхүүгийн хувиар манай улсад айлчилж байсан тэрбээр өргөн уудам тал нутаг, монголчуудын соёл уламжлалыг дахин мэдрэхээр Эрхэм дээд Хатан Масакгийн хамтаар монголд дахин айлчилсан нь энэ юм. Айлчлалын хугацаандаа монгол түмний нэрийн хуудас болсон эрийн гурван наадмыг үзэж сонирхсон билээ. Энэ айлчлал хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ард иргэдийн найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал түлхэц өгсөн, түүхэн айлчлал болсон юм.

Э.БАТМАГНАЙ 24 НАСАНДАА УЛСЫН НААДАМД ТҮРҮҮЛЭВ

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Улсын баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд улсын харцага Э.Батмагнай аймгийн хурц арслан Н.Өсөхбаяраар ес даван түрүүлж, 24 насандаа Улсын арслан болов. Ингэснээр 76 жилийн дараа Баянхонгор нутгаас наадмын түрүү бөх тодорсон юм. Төв цэнгэлдэх даяар Хонгор нутаг дуу цуурайтаж, Монгол түмэн шинэ арслангаа хүндэтгэлтэйгээр хүлээж авсан байдаг. Залуу арслан наадмын барилдаанаас хойших томоохон барилдаануудад шил дараалан түрүүлж, арслан цолыг аргадаж бус гуядаж авсан гэдгээ ахин дахин батлан харуулсаар байгаа юм.

ДЭЛХИЙН ОДОД МОНГОЛД “ӨНЖИВ”

Зун цагийг аялал зугаалга нэмээд бас шоу тоглолтуудгүйгээр төсөөлөхөд бэрх. Тэгвэл энэ жил олон ч дэлхийн одод монголд ирж, тайзыг доргиолоо. Энэ бол уран бүтээлчийнх нь хувьд олон жил хайрлаж, хүндэлж ирсэн үнэнч сонсогч, фенүүдэд нь маш том завшаан байсан юм. Энд Hwasa, Bigbang хамтлагийн Taeyang, Jessi, Ailee, T Ara хамтлаг, Казахстаны алдарт дуучин Адам нарыг нэрлэж болно. Түүнчлэн Америкийн алдарт YouTuber, стримэр IshowSpeed ч өнгөрөгч хавар зочилсон бөгөөд энэ үеэрээ youtube дээрээ 6 орчим цагийн шууд дамжуулалтыг хийсэн байдаг.

АРДЧИЛЛААС ХОЙШХИ ХАМГИЙН ЗАЛУУ МАН-ЫН, УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ

Бага хурлаараа Д.Амарбаясгаланг сонгоод байсан МАН Их хурлаараа дахин намын даргын сунгааг зохион байгуулсан байдаг. Тухайн үед намын эв нэгдлийн асуудал хурцаар хөндөгдөж байсан бөгөөд үүнтэй холбоотойгоор өмнө нэр дэвшиж өрсөлдсөн Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар нэрээ татсанаар Удирдах зөвлөлөөс Н.Учралын нэрийг оруулж ирсэн юм. Ийнхүү тэд Их хурлаараа Н.Учралыг дэмжиж, түүхэндээ хамгийн залуу намын даргатай болсон. Удаагаар эзэнгүй байсан УИХ-ын даргад намын даргаа зүтгүүлж, парламентаар дэмжүүлсэн юм.

Л.ГАНТӨМӨРИЙН ХАЛААГ О.ЦОГТГЭРЭЛ АВАВ

Хамтарсан Засгийн газарт орсон ч "хөөгдсөн" Ардчилсан намын дотоод улс төр намын даргаа солих үйл явцаар үргэлжилсэн. Угтаа Л.Гантөмөр дарга ч намын даргын ажлаа хийх боломжгүй болсон гэдгээ илэрхийлж, хүсэлтээ өгөөд байв. Ийнхүү шинэ намын даргын сунгаа өрнөсөн бөгөөд Ж.Баярмаа, Б.Пүрэвдорж, Б.Отгонбат, О.Цогтгэрэл нар өрсөлдсөнөөс олонхын саналаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл тодорсон юм.

ДАЙЧИД МОРИНДОО

Спортын салбарын 2025 оны онцлох амжилтын эзэд бол PHYSICAL ASIA шоунд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Б.Орхонбаяр ахлагчтай баг тамирчид. 3-хан сая хүн амтай Монгол Улсын баг хүчирхэг гүрнүүдийн эсрэг ширүүн өрсөлдөөнийг үзүүлж, дэд байрт шалгаран Монгол хүн бүрийн цөсийг хөөргөж, бахархал, омогшлыг нь төрүүлсэн түүхэн амжилтыг энэ цаг мөчид онцлон тэмдэглэж байна. Монгол хүний хүч чадал, тэсвэр тэвчээр, авьяас чадвар, эв нэгдэл, онцлог зан чанар нь олон орны үзэгчдэд эерэг сэтгэгдэл төрүүлж, Монгол Улсыг шинэ өнцгөөс таниулах боломжийг нээсэн тамирчдаар монголчууд төдийгүй дэлхий нийт бахархаж, хайрласаар байгаа юм.

ГУРВАН УДАА ЦАГААДСАН "УЛС ТӨРИЙН" ШҮҮГДЭГЧ

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг. Түүний хувьд Ерөнхий сайдын алба хашиж байхдаа эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа урвуулан ашиглаж Хөгжлийн банкны хөрөнгийг хууль бусаар зарцуулж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгагдаж, 2022 оноос хойш хуулийн байгууллагаар шалгагдаж, гурван ч удаа шүүхээс цагаатгасан тогтоол сонсоод байна. Хамгийн сүүлд буюу энэ оны есдүгээр сарын 15-нд Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс цагаатгах шийдвэр сонссон. Өмнө энэ хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээр хэлэлцээд хэрэгсэхгүй болгосон ч Улсын дээд шүүхээс хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй гэж үзэн, гэм буруутай эсэхийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү шилжүүлсэн билээ.

ФОТО: Төв цэнгэлдэх хүрээлэнд цана, чарга, канкигаар гулгах боломжтой болжээ
ФОТО: Төв цэнгэлдэх хүрээлэнд цана, чарга, канкигаар гулгах боломжтой болжээ
 
ЭМЯ-ны онцлох 10 ажил
ЭМЯ-ны онцлох 10 ажил
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!