Айл өрх, орон нутгийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг үе шаттайгаар нэмэгдүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 59 секунд

УИХ-ын дарга Н.Учрал өнөөдөр “Эрчим хүчний болон газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлыг бууруулах 3х100 арга хэмжээ”-г танилцуулж, уг санаачилгын хүрээнд боловсруулсан УИХ-ын тогтоолын төслийг салбарынхантай хэлэлцлээ. Уулзалтын эхэнд өнөөгийн нөхцөл байдлыг холбогдох статистик үзүүлэлтүүдийн хамт танилцуулж, тулгамдсан асуудлуудад зорилтот шийдлүүдийг дэвшүүлж, эдгээрийн санхүүжилт болон төрийн оролцооны хэлбэрийн талаар санал солилцсон юм. Өнөөдрийн уулзалтад УИХ-ын гишүүдээс гадна хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөлөл болон эрчим хүчний салбарын шинжээчид оролцож, нээлттэй ярилцлаа.

Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд ногоон эдийн засгийг дэмжиж, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг нэмэгдүүлнэ гэж заасан. Түүнчлэн энэ хугацаанд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдийг батлахдаа ногоон эрчим хүчийг дэмжсэн төслүүдийг нэн тэргүүнд эрэмбэлж буйг УИХ-ын дарга танилцуулгынхаа эхэнд онцоллоо. Тэрбээр, манай улсын экспортын бүтээгдэхүүний 93 хувь нь уул уурхайн салбараас хамааралтай байгааг дурдаад эдийн засгийн бүтцийг өөрчилж, ногоон дэд бүтцийн бодлого руу шилжих нэн шаардлагатайг чухалчиллаа. Олон улсад ч ногоон санхүүжилтийн хэмжээ үлэмж нэмэгдэж буйг харьцуулсан судалгаагаар тайлбарлав.

Манай улсын хувьд эрчим хүчний шугамын алдагдал 14 хувь байхад дэлхийн дундаж 6 хувьтай байгаа төдийгүй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ердөө 7 хувийг эзэлж байгаа нь энэ төрлийн дэд бүтцийн төслүүдэд анхаарах үндэслэлүүдийн нэг юм. Түүнчлэн шатахууны хараат байдал болон цахилгаан тээврийн хэрэглээг харьцуулахад нийт 918 мянган тээврийн хэрэгсэл байгаагаас ердөө 1000 орчим нь цахилгаан автомашин гэсэн судалгаа байна. Иймд ногоон эрчим хүчний хөгжлийг бодлогоор дэмжих зорилгоор эрчим хүчний хараат байдлыг бууруулах иж бүрэн санаачилгыг дэвшүүлж, үндсэн гурван хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төсөлд тусгажээ.

Үүнд, өрхийн сэргээгдэх эрчим хүч хэрэглээг дэмжих “100 мянган нарны гэр” хөтөлбөр, орон нутгийн сэргээгдэх эрчим хүч хэрэглээг дэмжих 100 мВт тархмал эх үүсвэрүүд хөтөлбөр, цахилгаан автомашины хэрэглээг дэмжих 100 байршилд цахилгаан машин цэнэглэх иж бүрэн зогсоол байгуулах хөтөлбөр багтжээ. Тухайлбал, нийслэл хотын 204 мянга гаруй өрхийн 44 хувь нь гэр хороололд амьдарч байгаа бөгөөд өрх бүр цахилгаан үйлдвэрлэгч болох зорилтыг дэвшүүлж, 10 кВт хүртэлх нарны хавтан, батарейн системийг техникийн нөхцөлгүйгээр түгээх сүлжээнд холбох, зөвшөөрөл олголтыг хялбаршуулах замаар сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжинэ гэлээ.

Түүнчлэн Засгийн газраас сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжүүдийг жил тутам олноор худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар тусгажээ. Төвийн бүсээс хэт хамааралтай орон нутгийн хувьд эрчим хүчний дамжуулах, түгээх сүлжээний ихэнх нь 30-60 жилийн настай, хуучирсан тул алдагдал их, ойр ойрхон тасалддаг байна. Иймд сэргээгдэх эрчим хүчний жижиг эх үүсвэрүүдийг сүлжээнд нэгтгэхэд тарифын дэмжлэг үзүүлэх, тархмал эрчим хүчний нөөцийг хүлээн авах, холбох процессыг хялбаршуулах шийдлийг УИХ-ын дарга дэвшүүллээ.

С.Бямбацогт: Үйлчилгээ эрхлэхийн тулд төрийн байгууллагын шийдвэр хүлээлгүйгээр мэдэгдэл хүргүүлээд эхэлдэг байх нь зөв
С.Бямбацогт: Үйлчилгээ эрхлэхийн тулд төрийн байгууллагын шийдвэр хүлээлгүйгээр мэдэгдэл хүргүүлээд эхэлдэг байх нь зөв
 
ЧУУЛГАН: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг эцэслэн баталлаа
ЧУУЛГАН: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг эцэслэн баталлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!