СОЛОНГОСТ 6 ЖИЛ АЖИЛЛААД ИРСЭН ЭЭЖ: “Хүүгээ санахгүй, тоохгүй байгаа юм уу“ гэх зүрх зүсэм асуултад хариулт өгье. БИ ХҮҮГЭЭ маш их санасан. Одоо хүү, аав 2-тойгоо хамт сайхан амьдарна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 57 секунд

"Хөгшин настай аавыгаа, 3-хан настай хүүтэйгээ хамт үлдээчхээд ганцаараа гаднын оронд ажиллах амар байгаагүй ч хичээсэн. Одоо хүүтэйгээ өнгөрүүлж чадаагүй хугацаагаа нөхөж, аавыгаа асарна" хэмээн хоолой зангируулан ярих энэ бүсгүйг Ү.Нямдулам гэдэг. Тэрбээр бусдын л адил сайхан амьдрах зорилго тээж, БНСУ-ыг зориод 6 жилийн дараа эх орондоо ирсэн юм. Түүний аав, хүү хоёртоо хэлэлгүй гэнэтийн бэлэг болон ирж, санасан сэтгэлээ дэвтээж буй бичлэг цахим орчинд цацагдаж, олон хүнийг уйлуулаад амжсан юм. Бид 6 жилийн дараа уулзсан ээж, хүү хоёртой уулзаж, цөөн хором ярилцлаа.

-6 жилийн дараа эх орондоо ирлээ. Хайртай хүүтэйгээ, аавтайгаа уулзлаа. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Мэдээж үгээр илэрхийлэхийн аргагүй гоё байна. Хүүгээ 3 настай байхад нь явсан. Хэдий байнга утсаар ярьж, дүрстэй дуудлага хийдэг байсан ч ийм том залуу болчихсон байна гэж үнэхээр төсөөлөөгүй. Ээжийнх хувцаснууд таардаг том залуу болсон байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд Монгол руугаа явна. Хүүдээ, аавдаа очно гээд бодчихсон байсан учраас өдөр бүр л яарч, хамгийн ихээр бэтгэрсэн нэг жил байлаа. Хүсэн хүлээсэн өдөр минь ирээд хүүтэйгээ, аавтайгаа хамт байх боломжтой болсон учраас маш их баяртай байна. Одоо хүүтэйгээ өнгөрүүлж чадаагүй хугацаагаа нөхөж, аавыгаа асарна.

-Хүү нь ээжийгээ маш их санаж, хүлээсэн нь бичлэгнээс тодорхой харагдаж байсан. Өөрөөр яаж мэдрэгдэж байна?

-Утсаар ярихад ч мэдрэгддэг байсан. Хоолой нь зангираад, бүлтэгнээд үнэхээр хэцүү болж байгаа юм байна даа гэдгийг би сүүлийн нэг жилийн хугацаанд бүр ихээр мэдэрсэн. Хүүгийнхээ тийм байгааг хараад шууд л ирчихмээр санагддаг байсан ч зориод ирсэн зорилгоо биелүүлээд аавдаа, хүүдээ нүүр бардам очих юм шүү гээд хичээсэн. Ирээд бүр ч их мэдэрлээ. Хүү маань итгэж чадахгүй байх шиг байна. "Та яг буцаад явахгүй биз. Одоо хамт амьдран биз дээ. Цагаан сараар байх уу" гэх асуултуудыг маш их асууж байна.

-Бүгдийг нь орхиод хүүдээ очъё гэсэн бодол төрж байв уу. Яаж давж гардаг байв?

-Ажлаа тараад гэртээ орохоор л аав, хүү хоёр минь нүдэнд харагдаад уйлмаар санагдаж, санаад бэтгэрч байсан ч жаахан л тэсчихвэл гэдэг үгээр өөрийгөө хурцлаад л явдаг байсан. Хөгшин настай аавыгаа, алгын чинээхэн хүүтэйгээ хамт орхиод ирсэн учраас ардаа санаа зовохгүй өдөр гэж байхгүй. Үнэхээр хэцүү байсан. Хүнд ажлын араас өдөр бүр гуниглаад, шаналаад байж болохгүй. Хүчтэй байх ёстой учраас ажлаа тараад фитнест явж өөр зүйлд анхаарах боломжийг өөртөө олгох шийдвэрийг гаргасан. Түүнээс гадна өөрийгөө бас хөгжүүлж, өөрийгөө гээхгүй байхыг хүссэн. Мөнгө олох гэж оччихоод олсон цалингаа өөрийнхөө хоббинд зарцуулаад байж болохгүй учраас монгол хоол хийж зардаг байсан. Үндсэн ажлын цалингаа хураагаад хоол зарж олсон мөнгөө өөрийгөө хөгжүүлэх зарцуулдаг байсан.

-Анх хүү, аав хоёрыгоо үлдээгээд явах шийдвэр гаргах амар байгаагүй байх. Яагаад Солонгост ажиллах сонголтыг хийсэн байдаг юм бол?

-Хүүгээ 3 настай байхад нь аавдаа үлдээгээд явсан. Хүүгээ, аавыгаа сайн сайхан авч явах нь миний үүрэг. Тийм ч учраас бусдын л адил орон гэртэй болж сайхан амьдрах том зорилго тээгээд том зориг гаргасан.

-Энэ хугацаанд таныг хамгийн их эмзэглүүлсэн зүйл юу байв. Хүүхдээ орхиж яваад удлаа ч гэдэг юм уу буруутгасан хандлагууд бас их байдаг юм шиг байна билээ. Ялангуяа эмэгтэй хүмүүст?

-Сүүлийн хоёр жилийн хугацаанд маш олон хүнээс "Одоо ирсэн нь дээр байх аа. Хүү чинь хэцүүдлээ" гэдэг үгийг их сонссон. Зарим хүмүүс "Хүүгээ санахгүй байгаа юм уу. Хүүхдээ тоохгүй байгаа юм уу" гэж хүртэл асуудаг байсан. Хүүгээ санадаггүй эх хүн гэж байхгүй. Санахгүй байгаа даа ирэхгүй байгаа юм биш. Хүүгийнхээ ирээдүйн төлөө зорьсон зорилго байгаа учраас цаг мөч бүрийг шүд зуугаад л давж байгаа. Хөгшин настай аавыгаа, хүүтэйгээ хамт үлдээчхээд ганцаараа гаднын оронд хүнд ажил хийгээд 5, 6 жил амьдрах амар биш. Гоё хоол, ганган хувцас сторидлоо гээд жаргаад байна гэж ойлгож болохгүй гэж хэлмээр байна.

-Зорьсон зорилгоо 100 хувь биелүүлээд ирсэн үү?

-Тэглээ. 100 хувь биелсэн. Орох оронтой болоод ирсэн. Одоо хүүтэйгээ, аавтайгаа хамт байраа тохижуулна гээд догдлоод л байцгааж байна. Хамт байгаа аз жаргал жижигхэн зүйлээс ч мэдрэгдээд гоё байна. "Одоо жаахан л тэсчихвэл" гэдэг бодлоор өдөр хоногийг өнгөрүүлдэг байсан хүн өөр зүйл бодоод эхэлсэн чинь өргөс авчихсан юм шиг сайхан санагдаж байна.

-Ааваар нь үнэхээр бахархахгүй байхын аргагүй юм. Аавдаа хандаж юу гэж хэлмээр байна?

-Ааваараа маш их бахархаж байгаа. Аавдаа маш баярладаг. Миний хүүхдийг ийм том болтол нь өсгөсөн хүн бол миний аав. Аав минь намайг дэмжээгүй бол би өнөөдрийг бүтээж чадахгүй. Намайг тэгж их хайрлаж өсгөчхөөд, хүүг минь хүртэл өсгөж өглөө. Одоо надад аавыгаа сайхан асарч, юунд ч санааг нь зовоохгүйгээр хүслээр нь амьдруулна гэсэн том зорилго байна. "Аавыгаа яаж баярлуулах уу. Юу хийж өгөх вэ. Энэ их хайр, ач тусыг нь яаж хариулна даа" гэж алхам тутамдаа бодож байна. Төлөвлөсөн зүйлүүд ч байгаа. Эхний ээлжид аавыгаа онгоцонд суулгаж үзүүлмээр байна. Тиймээс ирэх долоо хоногт Шанхай руу аяллаар явуулахаар болсон.

-Хүүтэйгээ хийхээр төлөвлөж байгаа зүйлүүд олон байгаа байх?

-Хүүгийнхээ хийхийг хүссэн бүх зүйлийг нь хийж өгөхийг хүсэж байна. Хамтдаа өнгөрүүлж чадаагүй тэр бүх хугацааг нөхөж чадахгүй ч хамтдаа хийхийг хүссэн бүх зүйлийг нь хийж өгмөөр байна. Хамгийн ойрын төлөвлөгөө гэвэл маргааш гарч хүүдээ гацуур авч өгнө. Хамтдаа модоо засна. Маш их догдолж байгаа бид хоёр.

-Монголдоо ирэх ямар байна?

-Маш гоё байна. Бүх зүйлээс зөвхөн гоё сайхныг нь л мэдэрч байгаа. Түгжрэх нь хүртэл гоё байна.

-Цаашдаа юу хийхээр төлөвлөж байна?

-Төлөвлөсөн зүйл олон бий. Тэрийг өөртөө үлдээе. Монголдоо очно гэхээр хүмүүс "Энд амьдрал хэцүү шүү. Амар биш шүү" гэж их хэлдэг байсан. Би хувьдаа "Өөрийн юм өргүй. Эх орондоо эзэн болно. Хүн өөрөө хичээвэл болно" гэж боддог. Хамгийн том асуудлаа шийдчихсэн учраас одоо санаа зовох зүйл алга. Итгэлтэйгээр урагшилна гэж бодож байгаа.

Ү.Нямдуламын хүү Н.Цогт-Очир, "Ээжийгээ маш их санасан. Гоё байна. Одоо ээжтэйгээ хамт парк ормоор байна. Тоглоомын төв байна. Хамтдаа хоолонд ормоор байна" гэх цөөхөн хэдэн үгийг хэлээд уйлсаар байсан юм.

“Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн зардлыг санхүүжүүлэх зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг өргөн мэдүүллээ
“Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн зардлыг санхүүжүүлэх зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг өргөн мэдүүллээ
 
ЧУУЛГАНЫ ТАНХИМААС: Сайд нарын “эрэн сурвалжлав“
ЧУУЛГАНЫ ТАНХИМААС: Сайд нарын “эрэн сурвалжлав“
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!