ХӨНДӨХ СЭДЭВ: Татварын өртэй 72 мянган ААН байгаагаас 9 мянга нь дансаа хаалгаж, хөрөнгө битүүмжлүүлжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 48 секунд

"Хувийн хэвшлээ дэмжиж, бизнесийн орчинг сайжруулна" гэх ганган уриа ул болох цагаар татвар төлөгч ААН-үүд нь эхнээсээ "сөхөрч" байна. Тэдний хувьд татварын орчин хамгийн ээдрээт асуудлынх нь нэг мөнөөсөө мөн. Ямар ч сайндаа наашаа харж дансыг нь хаахгүй гэж "молиго" өмхүүлчхээд цаашаа харж "Дансыг чинь хаачихлаа" гэх жишээтэй. Тэгвэл ДАНС ХААХ, ХӨРӨНГӨ БИТҮҮМЖЛЭХ гэх энэ арга хэмжээ бодит шийдэл үү. Өнөөдрийн нөхцөлд хэчнээн ААН ийм зүйлтэй нүүр тулаад байна вэ гэдэгт хариулт эрье.

-Татварын өртэй 72 мянган ААН-ын 72.4 хувь нь 10 хүртэлх сая төгрөгийн өртэй-

Татварын байгууллагаас өгч буй мэдээллээр, 2025 онд Татварын алба улсын төсөвт 17.9 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлэх төлөвлөгөөтэй. Үүнээс 15.5 их наяд буюу 85 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Өөрөөр хэлбэл, татварын орлогын төлөвлөгөө 700 тэрбум төгрөгөөр тасарч болзошгүй байгаа юм. Магадгүй үүнтэй холбоотойгоор татвар төлөлтийг эрчимжүүлж байж ч болох юм.

Манай 265 мянган ААН, компани татвар төлөгчөөр бүртгэлтэй. Үүнээс 72.625 мянган ААН нь ямар нэг байдлаар өртэй байна. Эдгээрийн 6.1 их наядын татварын өртэй. Үүний 33 гаруй хувь буюу 2 их наяд төгрөг нь уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй ААН-ийн өр байгаа юм. Харин өртэй 72 мянган ААН-ын 72.4 хувь нь 10 хүртэлх сая төгрөгийн өртэй байна.

Тэгвэл эдгээр 72 мянган ААН-үүдээс хэд нь "ямар шалгуур"-аар дансаа хаалгав. Татварын холбогдох хуулийн дагуу 2 буюу түүнээс дээш жилийн насжилттай татварын өртэй газруудад өр барагдуулах ажлыг хийдэг байна.

Өнөөдрийн байдлаар 9 мянган гаруй ААН-д татварын нэхэмжлэх хүргүүлж, данс хөрөнгө битүүмжлэх арга хэмжээг аваад явж байгаа аж.

-ААН-үүдийн төлж буй татвар багадаагүй. Төр төсвөө хүндрүүлчхээд ААН-үүдийнхээ үйл ажиллагааг зогсоох нь зөв шийдэл биш-

Тэгвэл хувийн хэвшлийнхний төлөөлөл данс хаах асуудлыг хэрхэн харж байна вэ. Өнгөрсөн жил харьяа компаниудынх нь дансыг өөрт нь мэдэгдэлгүйгээр хаасан гэх асуудлыг "Монполимет" группын ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан олон нийтэд дэлгэн тавьж байв. Харин тэрбээр саяхан ААН, компаниудын дансыг хааж буйтай холбоотой асуудал хөндөгдөхөд дараах байр суурийг илэрхийлсэн юм.

Тэрбээр "Төсөв хүндэрсэн нэрийдлээр гааль, татварын байгууллагууд ААН-үүдийн данс тооцоог хааж, дотроос нь мэдэгдэлгүйгээр мөнгийг нь авч, татварын шалгалтуудыг шил дараалан орж байгаа талаар компаниуд мэдэгдээд эхэлсэн байна.

Төсөв хүндрэх гол шалтгаан нь ААН-үүдийн татвараа төлөхгүй байгаа гэхээс илүү төрийн данхар бүтэц, үрэлгэн зардал, ашиггүй ажилладаг ТӨХК-үүд, тэдгээрийн зардал, эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангуудын дампуурал, ач холбогдлын эрэмбээрээ хойгуур байх хэрэгтэй хэрэггүй төслүүд бус уу.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу чөлөөлөгдөх ёстой барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлд импортоор оруулж ирэх тоног төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-с чөлөөлнө гэсэн зүйл заалтыг хэрэгжүүлэхийг шаардан Монцемент, ЕСХББ 10 гаруй жил үе үеийн Засгийн газарт хүсэлтүүд, шаардлагууд хүргүүлсэн. Гурван шатны шүүхээс Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэх ёстой гэсэн хүчин төгөлдөр шийдвэр байсаар байтал Гаалийн байгууллагаас зарим банкууд дахь мөнгөн хөрөнгийг нь огт мэдэгдэлгүй хурааж авсан байгаа юм.

Данс тооцоо хаахгүй, үйл ажиллагаа хэвийн явуулах хэрэгтэй гэж Засгийн газар мэдэгддэг бол нөгөө талдаа татвар, гаалийн байгууллагууд эсрэг үйлдэл явуулж байгаа нь тун ойлгомжгүй. ААН-үүдийн төлж буй татвар багадаагүй, харин төр төсвөө хүндрүүлчихээд одоо ААН-үүдийнхээ үйл ажиллагааг зогсоох нь зөв шийдэл биш баймаар" гэжээ.

-Өдөрт хамгийн багадаа 1-2 компани ТАТАН БУУГДСАН "СТАТУС"-Д ШИЛЖИЖ БАЙНА-

Данс хаах, хөрөнгө битүүмжлэхтэй холбоотой татварын асуудал бол монголд бизнес эрхлэхэд тулгардаг асуудлуудын ердөө нэг нь. Үүнийг батлах мэт жил ирэх бүр "цагаан туг"-аа өргөж буй ААН-үүд нэмэгдэж байна. Тодруулбал, монголд өдөрт дунджаар 8-10 компани үйл ажиллагаагаа бүрэн зогсоож, 1-2 компани ТАТАН БУУГДАЖ БАЙНА.

Тодруулбал, татан буугдсан гэх нэршлийг шүүхээр орж, албан ёсоор улсын бүртгэлээс бүртгэлээ хасуулсан компаниуд "зүүдэг". Тэгвэл 2021 онд хамгийн олон компани татан буугджээ. Харин 2025 оны нэгдүгээр улиралд л гэхэд 291 компани татан буугджээ. Өөрөөр хэлбэл, өдөрт дунджаар 1-2 компани татан буугдсан гэх статусд шилжсэн гэсэн үг юм.

Хэрэв бизнесийн таатай орчинтой байсан бол энэ хэмжээний татвар төлөгчөө алдахгүй байх байсан биз ээ.

-Төр хэний мөнгөөр амьдарч байгаагаа мэдэхгүй байна-

Хуулийн дагуу аж ахуй нэгжүүд татвараа төлөх, хуулиа биелүүлэх үүрэгтэй. Гэхдээ данс хаах нь өөрөө зөв шийдэл үү гэдэг асуултад эдийн засагч Г.Батзориг дараах байр суурийг илэрхийлсэн юм.

Эдийн засагч Г.Батзориг "Юун түрүүнд төр яагаад татвар авдаг вэ, түүгээр юу хийдэг вэ" гэдэг логикийг ойлгох нь зөв. Нийгмийн бараа буюу public good гэж яригддаг бараа бүтээгдэхүүнүүд бий. Эрүүл мэнд, боловсрол, гэрэлтүүлэг, зам, дэд бүтэц гээд зүйлс байна шүү дээ. Эдгээр нийгмийн барааг хөгжлийн зээл зэргээр санхүүжүүлэхээс гадна татварын мөнгөөр орлогын дахин хуваарилалтыг ашиглах зорилготойгоор бий болгосон байгаа шүү дээ. Гэтэл татвар сайн авахын тулд тухайн газар чинь татвар төлөх боломжтой байх ёстой. Татвар төлөхийн тулд эдийн засаг, бизнес, хууль эрх зүйн орчин нь тухайн бизнесийг дэмжсэн байх ёстой. Ийм нөхцөлд иргэн, ААН-үүд татвараа харамгүй төлж, улмаар далд эдийн засаг ч байхгүй болно.

Гэтэл манай улсад ААН, иргэдээ янз бүрээр шахан хавчдаг, бизнесийг нь "булаадаг", төрөөс менежмент хийдэг, дарамт шахалт үзүүлдэг зэргээр бүтээмжийнх нь эсрэг ээлгүй орчинг бүрдүүлчхээд байгаа юм. Ийм байхад хүссэн хүсээгүй данс нь эхнээсээ хаагдаж эхэлж байгаа юм. Үүнээс үүдээд төр татвар авах боломжгүй болчхож байна.

Бидэнд ойлгох ёстой нэг зүйл байна. Манайх татвар АВАХ дээрээ л фокуслаад байна. Татварын мөнгө хаанаас, яаж бий болдог вэ гэдгийг төр өөрөө ойлгох ёстой. Макро орчин нь тогтвортой буюу бизнестээ ээлтэй байж, түүнийг нь төр бүрдүүлж өгч байж татвар төлөлт ихэсдэг юм гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Үүнийг ойлгож л байгаа бол данс хаана гэх тэнэгрэлийн оронд бизнес эрхлэгчдээ дуудаад ямар нөхцөл байдалтай байна вэ гэдгийг нь сонсох хэрэгтэй. Дараагаар нь шат дараалсан ямар арга хэмжээ авах вэ гэдгээ ойлгох ёстой. Гэтэл төр үүнийг л ойлгохгүй байна. Ер нь тэгээд төр хэний мөнгөөр амьдарч байгаагаа мэдэхгүй байна" гэв.

МАН-ын бүлэг: Албан тушаалтны шийдвэр бизнес эрхлэгчдийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн зарчмыг хуульд тусгав
МАН-ын бүлэг: Албан тушаалтны шийдвэр бизнес эрхлэгчдийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн зарчмыг хуульд тусгав
 
SOCIAL POP: Д.Мөнх-Эрдэнийг хөтлөгчөөр захиалсан Төрийн байгууллагад О.Хангай аварга өвлийн өвгөн болж очно гэв
SOCIAL POP: Д.Мөнх-Эрдэнийг хөтлөгчөөр захиалсан Төрийн байгууллагад О.Хангай аварга өвлийн өвгөн болж очно гэв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!