Ерөнхий сайдын захирамжаар:
-Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж,
-Шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэргийг эрс бууруулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг төгөлдөршүүлэх,
-Монгол Улсын авлигын төсөөллийн индексийн оноо, эрэмбэ сүүлийн жилүүдэд тогтмол буурахад нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлж, “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх,
-Төрийн хүнд суртлыг арилгаж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан. Тус Ажлын хэсгийн хурал өнөөдөр болж Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцлоо.
Ерөнхий сайд “Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамж гаргаж авлигатай тэмцэх хүсэл зориг, хүчин чармайлт, манлайлал, ил тод байдлыг төгөлдөршүүлж, бүх түвшинд шударга ёсыг эрхэмлэн, авлига, албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг Засгийн газрын гишүүд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, нийт төрийн албан хаагчдад үүрэг болгосон. Авлигын эсрэг үйл хэрэгт Төрийн нарийн бичгийн дарга нар манлайлал үзүүлэх учиртайг анхааруулаад ард иргэдийн эрх ашгийг нэгдүгээрт эрэмбэлж ажиллахыг үүрэг болголоо. Мөн 2026 оныг "Төрийн албаны сахилга, хариуцлагыг дээшлүүлэх жил" болгон зарлана. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэр гаргана гэлээ.
Тус ажлын хэсгийг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ ахалж, яамдын төрийн нарийн бичгийн дарга нар гишүүнээр ажилладаг. Өнөөдрийн хурлаар Авлигатай тэмцэх, авлига, албан тушаалын гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөний явцын мэдээлэл сонслоо. Өнөөдөр авлигын эсрэг олон улсын өдөр тохиож буйтай холбогдуулан тус хуралд Авлигатай тэмцэх газрын удирдлагууд оролцож Улсын Их Хурлаар баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!