Цар тахалд өртөөгүй үлдээд байсан дэлхийн сүүлчийн тив Антарктидад судалгааны станцын ажилтнуудаас коронавирус илэрчээ.
Чили улсын зэвсэгт хүчний мэдээлснээр “Бернардо О Хиггинс” баазад тогтмол байрладаг нийт 36 хүнээс халдвар илэрсний 26 нь Чилийн армийн алба хаагчид, 10 нь гэрээгээр баазад ажилладаг энгийн хүмүүс байжээ.
Антарктидын хамгийн хойд талын эрэгт оршдог тус бааз нь Чилийн зэвсэгт хүчний удирдлагад байдаг бөгөөд халдвартай ажилтнуудыг Антарктид тивд ойрхон оршдог Чилийн Магалланес мужийн эмнэлэгт тусгаарласан байна. Магалланес муж нь Антарктид тив рүү зорчигсдын дамжин өнгөрөх гол цэг ба цар тахалд хамгийн хүнд нэрвэгдсэн Чилийн бүс нутаг юм.
Антарктид тивд орших 38 станцад 1000 орчим хүн байнга ажиллаж, амьдардаг бөгөөд өвлийн улиралд хүмүүсийн урсгал багасч, халдвар тархалгүй өдийг хүрчээ. Ийнхүү тус тивд цар тахал бүртгэгдсэнээр Антарктид дахь бүх судалгааны төвүүдийн үйл ажиллагаа зогсож, дэлхий даяар судалгаа хийж буй олон мянган эрдэмтдийн ажил сааталд оржээ.